ОХУ Энэтхэгээс шатахуун импортлохоос өөр аргагүйд хүрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

ОХУ-ын засаг захиргаа Украины дронын дайралтаас үүдэн дотоодын нийлүүлэлт тасалдсан тул Энэтхэгээс шатахуун импортолсон байна. Оросын далбаатай “Циклон” танкер зургаадугаар сарын дундуур Энэтхэгийн баруун хэсгийн Вадинар газрын тос боловсруулах үйлдвэрээс 42 мянган тонн шатахуун ачиж, улмаар Египетийн эрэг орчимд сүүдрийн флотоор дамжуулан уг шатахууныг тээвэрлэсэн гэж “Москва Таймс” мэдээлжээ. Тээвэрлэсэн энэхүү түлш нь наймдугаар сарын 5-ны өдөр Оросын боомтод иржээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр ОХУ дотоодын нийлүүлэлтээ тогтворжуулахын тулд Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүдээс чимээгүйхэн шатахуун худалдан авч нийлүүлдэг байсан аж. ОХУ Украины дайралтаас үүдсэн нийлүүлэлтийн тасалдлыг нөхөхийн тулд Беларусь болон Казахстанаас шатахуун импортолдог байсан, одоо ч импортолж байгаа.  

Өнгөрсөн хугацаанд дотоодын нийлүүлэлт буурсан тул ОХУ даяар болон Крымд түлшний хязгаарлалтын арга хэмжээ авсан. Дэлхийд түүхий газрын тосны экспортоор хоёрдугаарт, боловсруулсан газрын тосны экспортоор гуравдугаарт ордог ОХУ энэ оныг дуустал шатахууны бүх төрлийн экспортыг хориглоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top