Монголчууд ажил үйлс нь бүтэлгүйтвэл “Мордохын хазгай” гэлцдэг. Таван толгойн ордыг ашиглах ажил эхнээсээ нэг иймэрхүү болж байх шиг байна. Засгийн газраас хөрөнгө оруулагч компаниудаа сонгон шалгаруулсан байдал, гэрээний төсөл зэрэг нь мэргэжлийн шинжээч, эдийн засагчдын дургүйг хүргэж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд энэ талаар бичэхгүй нэг ч хэвлэл алга. Бүгд л хамгийн муу төсөл болжээ гэж байна. Удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах бололтой, тэрхүү хөгийн төслөө. Зөвлөл харин Засгийн газрын өөдөөс тэрхүү “цаас”-ыг нь зүгээр л чулуудаж орхих нь тодорхой байна. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныхан төслийн алдаатай зүйлсийн талаар түрүүчээс нь иргэддээ мэдээлжээ. Таван толгойгоос хүн бүрд олгох хувцаа нь тодорхойгүй, ордыг бүхэлд нь ашиглах техник эдийн засгийн үндэслэлгүйгээр уг төслийг хийж, сонгон шалгаруулалтыг ч булхайтай, будлиантай явуулсан байх юм. Япон, Солонгосын компаниуд тендерт оролцохоор санал тавьсаар байтал Оросынхтой нэг консерциум болоод ороод ир гэсэн нь талаар өнгөрсөн гэнэ. Оросууд харин энэ хоёр улсын компаниудтай биш манайхтай нэг консерциумд нэгдэж, гэв гэнэтхэн шалгаруулалтаар шовойгоод гараад ирж. Үүнээс болоод Япон, Солонгосоос бөөн гомдлын захиа Засгийн газрыг дарж эхэлжээ. Хамгийн гайтай юм гэвэл хувьцаа. Иргэд нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр авах нь тодорхойгүй. Тэгтэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нэгж хувьцаа нь дөнгөж 100 төгрөг гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлэв. Мөн доктор Г.Пүрэвбаатар гуай “Нэг хүнд ердөө л 3 шуудай нүүрс оногдоно” гэлээ. Даажигнал уу, тэгээд энэ чинь. Бас болоогүй ээ, эрхмүүдийн шоглоом ингээд дууссангүй. Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаархи УИХ-ын тогтоолд нийт хувьцааных нь 10 хувийг иргэдэд өгнө гэж заасаар байтал Засгийн газар зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний эзэмших хэсгээс л олгох юм гэнэ. Энэ мэтээр баахан хэрүүлийн алим болж байна, Таван толгой маань.
Түүнээс гадна “Эрдэнэс Таван толгой” компаний IPO-г хийх банкуудыг шалгаруулсан нь бас эргэлзээ төрүүлж байна. Энд Америкийн “Голдман сакс”, Германы “Дойче” банкыг шалгаруулсан. Дэлхийд дээгүүрт тооцогддог 16 банк санал ирүүлэн шалгаруулалтад оролцсоноос энэ хоёрыг нь сонгож авчээ. Гэвч “Голдман санк”-ын талаар таагүй мэдээллүүд дэлхий даяар түгж байна. Зарим хэвлэлүүд “Монголчууд нүүрсний маш том орд газрынхаа хувь заяаг 21 дүгээр зууны эдийн засгийн алуурчдад даатгаж орхив” хэмээн бичжээ. Түүгээр зогсохгүй АНУ-ын үнэт цаасны арилжааны хорооноос “Голдман сакс” компанийхан 2008 онд санхүүгийн хямралыг эхлүүлсэн. Тус банк моргейжийн чанаргүй зээлүүдэд баталгаа гаргаж байлаа. Үүнээс нь болоод Америкийн банк, санхүүгийн тогтолцоо дампуурлын ирмэгт тулж ирснийг онцолж байна” гэж дүгнэсэн байв. Олон улсын банк санхүүгийн байгууллагынхны дунд ч “Голдман сакс”-ын харилцагчид хэдийчинээ дампуурна, тус банк төдийчинээ ашиг олдог” гэсэн яриа нэлээд өргөн тархжээ. Өнгөрсөн оны 4 дүгээр сард АНУ-ын конгресст “2008 оны санхүүгийн хямрал ба “Голдман сакс” гэсэн сэдвээр мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр сенатч Карл Левин тус банкны удирдлагуудад хандан “Та бүхний өөр хоорондоо харилцаж, илгээж байсан и-мэйл надад байна. Эдгээрийн заримд “Өө, чөтгөр ав гэж. Иргэдэд олгож буй энэ чанаргүй зээл бол хогноос дор эд шүү дээ. Тийм биз” гэж бичжээ гэхэд тус банкны Орон сууцны зээлийн газрын дарга Даниэл Спаркс “Үгүй ээ, энэ бол зүгээр л тоглоом” гэж хариулсан байна. Харин сенатч түүнд “Гэхдээ та нар тэр чанаргүй зээлээ худалдчихсан байна шүү дээ” гэхэд цаадах нь хэнэгч үгүй “Тийм шүү” гэжээ. Түүнчлэн мэдээллийн томоохон агентлаг “Wall street jour”-аас өөр нэгэн сонирхолтой мэдээлэл цацжээ. Америкт хамгийн үнэтэйд тооцогддог эмсийн хүрээлэнгийн захирал эмэгтэй “Манайхаар “Голдман сакс”-ын захирлууд үйлчлүүлдэг. Тэд төлбөрөө зөвхөн хар картаар төлдөг” хэмээн ярьсан байх юм. Америкийн эдийн засгийн хямрал одоо ч бүрэн сэргээгүй байгаа. Барак Обама өр, зээлийн дээд хязгаараа нэмэх санал тавиад төдийлөн амжилт олсонгүй. Тус улсыг өрийн тулам болгоход зонхилон нөлөөлсөн газар нь “Голдман сакс” ажээ. Тиймэс зөвхөн Америк ч биш, бүр дэлхийн санхүүгийн зах зээлийг ганхуулсан луйврын сүлжээний “Голдман сакс”-т итгэл хүлээлгэж болохгүй гэх судлаачид ч цөөнгүй байна. Гэтэл манайхан “Голдман сакс” хэмээх эдийн засгийн алуурчдын гарт Таван толгойгоо даатгаад өгчихжээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )