Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18% байгааг Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ. Баянгол дүүргийн XX хорооны нутагт, 26.4 га талбайд баригдаж буй тус станцын барилгын ажил тавдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн юм.
Одоогийн байдлаар станцын барилгын нэг, хоёрдугаар зуух, турбины суурь, яндангийн суурь, уут филтерийн суурийн угсралтын ажил хийгдэж байна. Төслийн талбай дээр гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа аж.
“ДЦС-V”-г барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар. Үүнээс нийслэлээс 20% буюу 131.7 сая ам.долларыг гаргаж байгаа юм. Үүнээс бондын эх үүсвэрээр 200 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоон, 2028 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад ДЦС-V төслийг хэрэгжүүлэх шийдвэр анх 2008 онд гарч, төлсийн бэлтгэл ажил эхэлж байсан түүхтэй. Улмаар 2011 онд Концессын тухай хуулийн дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2021 онд шалгарсан концесс эзэмшигчтэй гэрээ байгуулж, 2014 онд шав тавих ёслол хийж байсан. Гэвч уг төсөл нь санхүүжилт, байршил зэрэг олон асуудлаас шалтгаалан олон жил саатаж, эцэстээ зогссон түүх бий.

Сэтгэгдэл ( 0 )