Москва мужийн цагдаагийн газрын нөөц түлшийг шамшигдуулж, дамлан борлуулсан хэргээр тус мужийн цагдаагийн генерал, хоёр ахлах офицер, орон нутгийн шатахуун түгээх станцын хэд, хэдэн удирдлагудыг баривчилжээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлсээр Москва мужийн Дотоод хэргийн газрын орлогч даргаар ажиллаж байсан цагдаагийн хошууч генерал Сергей Малков нь мужийн “ЕвроТранс” компанийн ТУЗ-ийн дарга Игорь Мартышовтой хуйвалдан хууль бус наймааны схемийг зохион байгуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Малковын удирдлагад ажиллаж байсан хурандаа болон дэд хурандааг тогтоон саатуулжээ.
ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар шатахууны хууль бус наймааны схем зохион байгуулсан дээрх долоон хүнд 10 жилийн хорих ял сонсож магадгүй байгаа юм. ОХУ даяар Украины дронын халдлага газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилж, шатахууны хомстол нүүрлсэн цаг үед Москва орчмын 57 ШТС ажиллуулдаг “ЕвроТранс” компани үнийг зохиомлоор нэмсэн хэрэгт давхар буруутган монополийн эсрэг байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )