ОХУ-д Төрийн думын сонгуулийн санал хураалт гурван хоног үргэлжилж, дүнгээ гаргаж байна.
Саналын хуудасны 82.19 хувийг тоолоход “Нэгдсэн Орос” нам 57.76 хувийн санал аваад байна. Мөн урьдчилсан дүнгээр, Төрийн думад Коммунист нам 13.89 хувь, Оросын либерал ардчилсан нам 8.77 хувь, “Шинэ хүмүүс” нам 7.97 хувь, “Шударга Орос” нам 4.99 хувийн суудал аваад байна.
Нэгдсэн санал хураалтын өдөр нийт 20.7 мянган гишүүн, засаг захиргааны тэргүүнийг сонгожээ. Орост 111 сая сонгогч, хилийн чанадад 1.8 сая сонгогч бүртгэгдсэн бол 3.15 сая сонгогч цахимаар саналаа өгчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин нар цахимаар саналаа өгсөн бол “Нэгдсэн Орос” намын тэргүүн Дмитрий Медведев, Либерал ардчилсан намын тэргүүн Леонид Слуцкий, “Шинэ хүмүүс” намын дарга Алексей Нечаев нар санал хураах байранд очиж, санал өгчээ.
Санал хураах нийт 333 байрыг дэлхийн 152 оронд ажиллуулсан байна.
Санал хураалтын явцыг нийт 380 мянган ажиглагч, 133 улс, 13 олон улсын байгууллагыг төлөөлж 1000 гаруй гаднын ажиглагчид ажигласан байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, санал хураалтын үеэр иргэний объектуудад халдах явдлууд гарчээ. Сонгуулийн хорооны гишүүд болон тэдний гэр бүлийнхнийг заналхийлэх, санал хураалтад саад хийхийг завдах, алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай хуурамч мэдээлэл ирэх зэрэг тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудад анх удаа Төрийн думын сонгуулийн санал хураалт явуулав. Санал хураалтын үеэр дроны халдлага гарч байсан ч эдгээр мужид 74-81 хувийн өндөр ирц бүртгэгдсэн байна.
Дайны эсрэг байр суурийг хатуу баримталдаг сөрөг хүчний “Яблоко” намыг эхлээд сонгуульд бүртгэж, саналын хуудаст оруулсан ч “Эх орон” нам Дээд шүүхэд хандсаны дараа тус намыг сонгуулиас хасжээ. Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украин цохилт өгсний улмаас нүүрлэсэн түлшний хямралтай зэрэгцэн “Яблоко” намын нэр хүнд огцом өссөн юм. Тус нам ганц Новгород мужийн орон нутгийн парламентын сонгуульд бүртгэгдсэн бөгөөд саналын хуудасны 96.86 хувийг тоолсон дүнгээр 6.2 хувийн санал аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )