Устгасан малын нөхөн төлбөрт 6 тэрбум төгрөг олгожээ

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн олговрын хэмжээ зургаан тэрбум төгрөгт хүрчээ. Тухайлбал Баян-Өлгий аймагт 2764, Ховд аймагт 1391 толгой мал устгаж, зургаан тэрбум төгрөгийн нөхцөл олговор олгосон байна.

Энэ жил шинэ вирусийн дэгдэлт өндөр байсан. Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, дотоодод вакцин нэвтрээгүй байсан “SAT-1” хэв шинжийн шүлхий өвчин бүртгэгдсэн. Баруун аймгуудад “SAT-1” хэв шинж илэрсэн бол төвийн бүсийн аймгуудад “О” хэв шинжийн шүлхийн тохиолдлууд батлагдаж, хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Бод мал өвчинд илүү мэдрэмтгий, хорогдол өндөр байгаа бол бог малын тухайд шинж тэмдэг багатай ч вирус тээгч болох эрсдэлтэй байгаа аж.

Засгийн газар болон Мал эмнэлгийн ерөнхий газраас цаашид малын шилжилт хөдөлгөөн, тооллого, шилжилт, вакцинжуулалтын түүхийг нэгдсэн цахим системд оруулах, цаг тухайд нь тандах технологийг нэвтрүүлж байна. Малчдад малын шилжилт хөдөлгөөнийг дур зоргоороо хийхгүй байх, сэжигтэй тохиолдол илэрвэл харьяа мал эмнэлэгтээ нэн даруй мэдээлэхийг сануулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top