Шүлхий өвчин гарсан Хотонт, Өндөр-Улаан зэрэг сумдад хорио цээр тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Өнгөрөгч наймдугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон, Өндөр-Улаан сумын Хануй багуудаас шүлхийн шинж тэмдэг илэрсэн малаас шаардлагатай дээж материалыг авч, Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Лабораторит хүргүүлэхэд урьдчилсан онош баталгаажсан тул дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Аймгийн онцгой комиссоос нөхцөл байдлыг харгалзан аймгийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хяналт тавих тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан ажээ. 

Түүнчлэн эрүүл бүсээс мах бэлтгэх, томоохон зах, худалдааны төв, махны үйлдвэрүүдэд мал, мах нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, бусад аймгуудаас отор нүүдэл авахыг хориглох захирамж гаргахаар шийдвэрлээд байна.

Дашрамд өгүүлэхэд, Ихтамир сумын Бугат багт энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр шүлхий өвчин баталгаажиж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан бол 26-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн аж. Өнөөдрийн байдлаар дахин голомт бүртгэгдээгүй өвчний шинж тэмдэг илрээгүй байна

Малын гоц халдварт шүлхий өвчин гарч байгаа гол шалтгаан нь иргэд, малчид бусад аймгуудаас үржлийн малыг зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй оруулж байгаа, малын угаалга, тарилгыг цаг хугацаанд нь хийлгэхгүй байгаа зэрэг асуудлууд байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top