АҮЭБЯ: ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

50 минутын өмнө

Шатахууны шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахалжээ. Зарим ШТС өглөөний оргил ачааллын үеэр ажилтнуудын ээлж солихдоо шатахуун түгээлтээ түр зогсоодог. Ингэснээр ШТС-ын гадна автомашины дараалал үүсэж, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа тул ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр иргэд ажил, сургуульдаа зорчдог өглөөний оргил цагаар шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх боломжтой гэж үзжээ. Шинэ зохицуулалтыг мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байна.

Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт үргэлжилж байгаа бөгөөд импортын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлж, шатахууныг ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг үргэлжлүүлж байгааг Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top