Зуны цагийн тоололд 2027 оноос шилжих тогтоолын төсөл боловсруулжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол улсад 2027 оноос зуны цагийн тооллыг жил бүр тогтмол хэрэглэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Хосбаяр боловсруулжээ. Улмаар өнгөрөгч X сарын 26-нд олон нийтийн санал авахаар “D Parliament” платформд байршуулсан байна.

Төслийг санаачлагчийн зүгээс байгалийн гэрэлтэй цагийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжих, дулааны улирлын эдийн засаг, нийгмийн идэвхийг нэмэгдүүлсэн гэж тайлбарлажээ.

Тогтоолын төсөлд юу гэж тусгав: Тогтоолын төсөлд 2027 оноос жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт нэг цагаар урагшлуулна гэж заажээ. Харин есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт цагийг нэг цагаар ухрааж, стандарт цагийн тоололд шилжүүлэхээр зохицуулсан байна. Ингэхдээ байгууллагуудын ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг өөрчлөхгүй байхаар төлөвлөжээ.

Цагийн өөрчлөлттэй холбоотой тээврийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг уялдуулах ажлыг Засгийн газарт хариуцуулахаар төсөлд тусгаад байна. Түүнчлэн зуны цагийн тоололд шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулах зохицуулалт оруулжээ. Улмаар хэрэгжилйн үр дүнг тогтмол үнэлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавихаар төлөвлөсөн байна.

Ташрамд дурдахад зуны цагийн тооллыг 1983, 1985 онд холбогдох байгууллагуудын шийдвэрээр ашиглаж байсан бол 2001, 2015 онд сэргээн ашиглаж байгаад 2007, 2017 онд зогсоож байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top