Эмийн ургамал аюулгүй гэж хүмүүс эндүү боддог

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Эмийн ургамлаар хийсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эрүүл мэндэд аюулгүй гэж олон хүн эндүү боддог. Энэ төөрөгдлийг Лидсийн их сургуулийн эрдэмтэд арилгажээ. Тийм эм бэлдмэл сөрөг үр нөлөөтэй гэж тэд үзэж байгааг “Би-Эм-Си Медицине” сэтгүүл мэдээллээ. Хамгийн их ашигладаг ургамалд алтан цэгцүүхэй, хүн орхоодой, эхинацея, гинкго ордог байна. Бүгд тайвшруулах үйлчлэлээрээ хоорондоо төстэй. Эдгээр ургамлыг ямар тунгаар уувал зохих болон аюулгүй хэрэглээний талаар хангалттай мэдээлэл байхгүй байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Жишээ нь, алтан цэгцүүхэй жирэмслэхээс хамгаалах гормоны бэлдмэлийн үр нөлөөг бууруулдаг, тэрчлэн цусны бүлэгнэлд нөлөөлдөг варфарин гэдэг бэлдмэлд нөлөөлдөг  аж. Хүн орхоодойг чихрийн шижинтэй хүмүүс, ялангуяа, цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг эмтэй хавсран ууж болохгүй.

Гинкго нь толгой, ходоод өвтгөж, харшил өгч, сэтгэл санаа тайван бус, уур уцаартай болгодог байна. Эхинацея, харшилтай, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, дөрөв хүртэлх насны хүүхэд, сүрьеэ, ДОХ-той хүмүүс ууж болохгүй. “Хэрэглэгчид ургамлаар хийсэн бэлдмэлийн талаар баттай, бүрэн дүүрэн мэдээлэл хэрэгтэй” гэж судалгааны удирдагч, профессор Тео Рэйнор цохон тэмдэглэжээ. Тэрбээр нөхдийн хамт эрүүл хүнсний их алдартай дэлгүүрүүд, томоохон эмийн сан болон супермаркетуудаас 60 гаруй эм бэлдмэл худалдаж авсан байна. Ингэхэд тэдгээр бэлдмэлийн  93 хувийг зохих зөвшөөрөлгүй худалдаж байсан бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй, талаас илүү хувийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэрийн дор худалдаж байсан ба 13 хувь нь товчхон тайлбартай, ердөө гуравхан хувь нь хэрэглэхэд үзүүлэх нөлөө, хориглох заалт, хэрэглэх тун, илрэх сөрөг нөлөөний тухай шаардлагатай мэдээллийг өгсөн байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top