Алтны зах зээлийг ”нинжа” нар барьж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Блүмбергийн мэдээлснээр нэг унци алт 1742 ам.долларт хүрч ханш нь өндөр хэвээр л байна.

Сүүлийн хэдэн cap тасралтгүй өсч байгаа алтны үнэ цаашид ч өснө гэж шинжээчид үзэж байна. Алтны үнэ өсөх шалтгаан нь мэдээж АНУ-ын эдийн засгийн бууралт, савлагаа юм. Хэдийгээр АНУ зээлжих ерийн доод хэмжээгээ нэмж байдлыг тогтвортой болгохоор зорьж байгаа ч дэлхий даяар ам.долларт итгэхгүй байна.

Тиймдээ ч найдвартай гэдэг утгаар нь алтны эрэлт хэрэгцээ ихэссэн. Түүнээс гадна еврогийн бүс савласан, Энэтхэг, Хятадын эдийн засаг хурдтай тэлж байгаатай ч холбоотой гэнэ. JP Морган банкны мэргэжилтнүүд шар валютын ханш цаашид ч өссөөр энэ оны сүүлч гэхэд 2500 ам.долларт хүрнэ гэж дүгнэж байна. Энэ мэдэгдэл нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа төдийгүй долоо хоногийн дотор алтны ханш 100 орчим ам.доллараар өсөхөд нөлөөлсөн ч байж магадгүй.

Алтны ханш өссөнтэй зэрэгцээд дэлхийн томоохон алтны уурхайн компаниудын хувьцаа ч хаданд гарч байгаа аж. Тухайлбал Австралийн алтны томоохон үйлдвэрлэгч "Ньюкрест майнинг" компанийн хувьцаа 4.4 хувиар өсч 41 австрали доллар болсон байна. Харин дэлхийн хамгийн том алт олборлогч "Баррик гоулд" корпорацийн үнэт цаас 6.3 хувиар өсч ширхэг хувьцааных нь үнэ 49.77 канад долларт хүрчээ.

Энэ бүхэн ам.долларт итгэж чадахгүй байгаа хөрөнгө оруулагчид чадлынхаа хэрээр алтыг худалдаж авч байгаатай шууд холбоотой юм. Ийнхүү дэлхийн эдийн засагт хүчээ авч байгаа алт манай улсын эдийн засагт төдийлөн нөлөөгөө үзүүлэхгүй байна. Хэдийгээр энэ оноос гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэсэн ч алт тушаалт Монголбанкны төсөөлж байсан хэмжээнд хүрч чадахгүй байсаар.

Өнгөрсөн оны өдийд Монголбанкинд нэг тонн алт тушааж байсан бол өнөөдрийн байдлаар хоёр тоннд дөхөж байгаа гэнэ. Энэ нь 2008 оноос өмнөх алтны үйлдвэрлэлтэй харьцуулахад тун хангалтгүй үзүүлэлт юм. Мөн том алт тушаагчид цөөрсөн. Өмнө нь "Алтан Дорнод Монгол", "Бороо гоулд" зэрэг компаниуд байсан бол одоо зөвхөн "Бороо гоулд" л алтаа Монголбанкинд тушаадаг. Канадын "Сентерра гоулд" том алт олборлогч мөн боловч үйлдвэрлэсэн алтаа шууд Канад руу гаргадаг.

Манай улс зуун мянган нинжа /гар аргаар алт олборлогч/-тай. Хэрэв алт гарахгүй байгаа бол тэр олон хүн хөдөө хээр орон гэрээсээ хол юу хийгээд байгаа юм бэ. Гар аргаар алт угаагчдын хэлж байгаагаар өдөрт дор хаяж нэг грамм алт олдог гэнэ. Энэ нь нийт нинжа нарын тоондоо харьцуулах юм бол хамгийн багадаа өдөрт 100 кг, сардаа гурван тонн гэсэн үг. Энэ их хэмжээний олборлосон алт хаашаа ороод байна. Үүнийг мэдэх боломж өнөөдөр алга.

Учир нь зохицуулдаг хууль болоод хуулийн хэрэгжилт нь муу байгааг салбарын хүмүүс нь хэлдэг юм билээ. Алтыг хил гаргах зөвшөөрлийг Хууль зүй дотоод хэргийн яам өгдөг. Өмнө нь энэ асуудлыг Монгол банк эрхэлдэг байсан. Гар аргаар олборлогчдын угааж байгаа энэ их алт Монголбанкинд тушаагддаггүй юм чинь гараас гарт дамжин хил гарч байгаа нь мэдээж. Монголын гааль үе үе их хэмжээний алт гаргах гэж байсан гадаад дотоодын иргэдийг илрүүллээ гэж мэдээлдэг.

Гэхдээ илрүүлсэн алтны хэмжээ нь нинжа нарын олборлож байгаатай харьцуулахад өчүүхэн бага юм. Тэгэхээр ихэнх нь мэдэгдэлгүйгээр гарч байна гэсэн үг. Хэрэв гар аргаар олборлогчдын гар дээр эргэлдэж байгаа энэ алтыг албан ёсны болгочихвол алтнаас олох ашиг манай улсын эдийн засагт хүчтэй дэм өгнө.

Түүнээс гадна Монголбанкны худалдаж авсан алт эдийн засагт гаргасан төгрөгийн баталгаа болдог. Манай улсын гадаад валютын нөөц ам.доллар, хөрвөх чадвартай евро мөн алтнаас бүрддэг. Гэхдээ ихэнхдээ мөнгөжсөн алт байдаг. Энэ нь дээрх валютууд үнэ цэнээ алдсан тохиолдолд өртгөө хадгалах чадвартай хөрөнгө оруулалтын хэлбэр юм.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top