Zindaa.mn сайт Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр цагийн үеийн асуудлуудад өөрийн бодлоо илэн далангуй хуваалцсан юм.
- 100 жилийн ойн хүрээнд Сангийн яам ямар ямар ажил хийгээд байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
- 2011 онд Сангийн яам 100 жилийнхээ ойн хүрээнд олон ажил төлөвлөж, зохион байгууллаа. Сая Үндэсний баяр наадмын үеэр хэд хэдэн арга хэмжээ зохиолоо. Манай хамт олноос төрийн өндөр хүндтэй шагнал авах хүмүүс олон байна. Тэднээс хамгийн удаан хугацаанд, үр бүтээлтэй ажилласан ажилчид болон ахмадуудаа хүлээн авч шагнаж урамшуулах, нийт хамт олноо 90 жилийн ойн медалиар шагнах ёслол боллоо. Нэг онцлох ажил гэвэл, анхны Сангийн сайд Г.Чагдаржав агсны хөшөөний нээлт Дундговь аймагт болсон. Энэхүү ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон. Мөн миний бие болон манай яамны хамт олон ч төвийн бүсийн аялал зохион байгуулах явцдаа нээлтэнд оролцож, хүндэтгэл үзүүлсэн. Яамны зүгээс мөнгөн хандив өргөлөө. Мөн манай хамт олон ойн хүрээнд эх болсон байгаль орчиноо хайрлан хамгаалах үзлийг бий болгох, иргэдэд зөв ухамсар төлөвшил бий болгох үүднээс “Байгаль дэлхийгээ хайрлая” тойрон аялалыг дөрвөн бүсэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээгээр булаг рашааны эхийг хаших, түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрын ойр орчмыг нь цэвэрлэх ажлыг хийсэн. Ингэж явахдаа орон нутгийн иргэд, санхүү төрийн сангийнхантай уулзалт хийх тэдний санаа бодлыг сонсох, тулгарч байгаа асуудлыг нь шийдвэрлэх, ажилдаа тусгах талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Мэдээж, он дуустал бид чамгүй олон ажлыг төлөвлөөд байгаа.
- Саяхан Сангийн яам залуучуудад зориулан уулзалт, лекц зохион байгуулсан. Энэ бүхний үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Тиймээ тавдугаар сараас эхлэн манай яамны бүх газрууд Монголын оюутны холбоотой хамтран их дээд сургуулиудаар явж лекц уншлаа. Мэдээж, шууд үр дүн гараад ирэхгүй. Хамгийн гол нь бид оюутан залуусаа эх түүхээ мэдэж байгаасай, өнөөдөр нэгэнт бүтээн бий болсон бүхэн ямар замаар, ямар алдаа оноон дундуур ямар хөгжлийн замналаар бий болсон юм бэ гэдгийг ойлгож ухамсарладаг байх, тэдний мэдлэгийг нь тэлж, сэтгэлд нь сайны үрийг тарихыг зорьсон юм. Мэдээж бидний яриа бол Монгол улсад санхүүгийн алба үүссэн болон Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам байгуулагдсан тухай түүх, өнөөгийн Сангийн яамын үйл ажиллагааруу чиглэгдэж байсан. Магадгүй бидний явуулсан ярианы үр дүнд оюутнууд санхүү, төсөв, мөнгөний талаар илүү ихийг сурч мэдэх сонирхлыг нь өдөөсөн байж болох юм. Төгсөх курсын оюутнуудын хувьд ажил амьдралаа сонгоход үр өгөөжөө өгч, амжилт гаргахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө байх гэж найдаж байна.
- Засгийн газрын 300 тэрбумын бондыг өнгөрсөн долоо хоногоос арилжаанд орууллаа. Энэ арилжааны талаар тодорхой мэдээллийг манай уншигчдад өгөөч?
- УИХ-аас “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолыг баталж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 300,0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг гаргах шийдвэр гаргасан. Үүний дагуу бид Монгол Улсын Засгийн газраас бонд гаргах эрхийг аваад ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж, бондын эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ хэрхэн өгөх журмаа гаргасан. Энэ хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, арилжааны банкууд, брокерийн пүүсүүдтэйгээ хэлцлүүд явуулж, өнгөрсөн мягмар гаригт бид нийт 300 тэрбум төгрөгийн бондын эхний ээлжийн 25 тэрбум төгрөгийн бондыг арилжлаа. Үүнийг бид “Эх оронч бонд” гэж нэрлэсэн. Яагаад гэвэл энэ бондыг бид гаргаад, орж ирсэн эх үүсвэрээр нь эргүүлээд Монгол Улсынхаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, мал аж ахуй эрхэлж байгаа иргэддээ татаас хэлбэрээр хүртээх, эсвэл урт хугацааны зээл болгож банкуудаар дамжуулан олгох зориулалттай. Монгол Улс зөвхөн газар шороогоо ухаад, уул уурхайн орлогоор амьдраад байхаас өөрөөр харж, эдийн засгийг төрөлжүүлж, хүрээг нь тэлэх, хүмүүсийн яриад байгаа “Голланд өвчин”, байгалийн хараалаас зайлсхийхэд маш чухал алхам. Тиймээс энэ бондын арилжааны дүнд ихээхэн эерэг үр дүн ойрын хугацаанд гарна гэж бодож байна. Монголбанк, арилжааны банкууд, Монголын хөрөнгийн бирж, ҮТХТТТ, брокерийн пүүсүүд, худалдан авсан хөрөнгө оруулагчдад хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье. Энэхүү эх оронч үйлсийн дүнд яваандаа зээлийн хүү буурах, банкны салбарт өрсөлдөөн бий болох, зөвхөн банкнаас зээл авах биш хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломжтой болох юм.
-Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчид, ноос ноолуурын салбарынхан санхүүгийн дэмжлэгээ яг хэзээнээс авч эхлэх бол?
-ХХААХҮЯ-наас авсан мэдээллээр зээлийг нь гаргах орон нутгийн оролцоотой ажлын хэсгүүд хуралдаж, шийдвэр гарсан. Зээл авах гэж байгаа хүмүүс, дэмжлэгээ авах гэж буй малчид холбогдох материалаа бүрдүүлээд банкаа сонгоод батлуулж авах л үлдэж байгаа гэсэн үг. ХХААХҮ-ийн дэд сайд Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Сангийн яам бол бондын зардлыг төсөвтөө тусгаад ажиллах үүрэгтэй. Гэхдээ гарах зээл болон өгч байгаа эх үүсвэрийн хооронд зөрүү гарна. Бид арилжааны банкуудад тодорхой татаастайгаар өгнө. Арилжааны банкууд цааш нь тодорхой нөхцөлтэйгээр зээл гаргана. 7 хүртэл хувийн хүүтэй зээл гарна. Гаргаж байгаа бондын хүү, банкинд байршуулах хүүний зөрүүг нь Сангийн яам дааж, төсөвтөө тусгаж ажиллана. Зээлийн онцлог бол хүү багаас гадна урт хугацаатай буюу таван жил шүү дээ.
-Иргэд өөрсдөө банкаа сонгоод зээлээ авах юм байна. Тэгэхээр заавал сум бүрт салбартай ч гэдэг юм уу шалгуурт тэнцэхээр банкаар мөнгөө дамжуулах нь ээ дээ.
-Мэдээж банк нь Монголбанкнаас тогтоодог шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Хамгийн гол нь банк тухайн харилцагчтайгаа хамтарч болно, Энэ үйлдвэрийн эрсдлийг бид даагаад зээл өгнө, эргүүлээд төлүүлнэ гэсэн баталгаатай байх ёстой. Энэ удаагийн зээл дамжуулах, олгох банк нь сум бүрт салбартай байх шаардлагагүй. Хөтөлбөрт хамрагдаж байгаа банк нь олон нийтэд үйлчилдэг, олон салбартай байх шаардлагагүй. Иргэн бүрт хүрсэн, аль болох бүхий л засаг захиргааны нэгжид салбартай байх шаардлага тавьж байгаа.
-“Эх орны хишиг сан”-гийн мөнгийг ХААН банк иргэдэд дамжуулж олгохоосоо татгалзсан. Үүн шиг асуудал үүсэхгүй гэх баталгаа байгаа юу?
-Тэр асуудал нь өөр л дөө. Хамгийн гол нь ХААН банкинд ямар асуудал үүссэн бэ гэхээр зарим үед, оргил ачааллын үед бусад харилцагч нь орж ирж чадахгүй бизнесийн хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна гэсэн. Үүнийгээ шийдэж өгөөч гэхэд Хадгаламж банк бид шийднэ, чадна гээд НХХЯ, ХХҮГ-т хүсэлтээ тавиад эх орны хувь хишгийг олгох шийдвэрийг гаргуулсан. Сангийн яамны зүгээс иргэн банкаа сонгоод тэр мэдээлэл нь Халамжийн газарт очоод, дансанд нь мөнгө нь шилжих ёстой. Түүнээс биш заавал тэр банкаар дамжуулж ав гэж төр бүх зүйлд нь хутгалдаад явахгүй. Технологийн шийдэл гаргаж ирэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Бид НХХЯ, ХХҮГ, Төв банк, бусад банктай ярилцаад тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ ондоо багтаад шийдэж чадвал иргэд заавал шинэ данс нээлгэхгүйгээр байгаа дансаараа эх орны хувь хишгээ авчих боломжтой.
- Засгийн газрын бонд гэдэг хамгийн эрсдэл багатай, найдвартайд тооцогддог шүү дээ. Тиймээс ч энэ бонд нэлээд эрэлттэй байна гэж бодож болох уу?
-Засгийн газар бол тухайн улсынхаа бодлого шийдвэрийг гаргагч, бизнес орчныг бүрдүүлэгч гэдэг утгаараа гаргасан бонд нь хамгийн эрсдэл багатай. Тэр утгаараа Засгийн газрын бондын хүү нь тухайн зах зээлийн суурь, чиглүүлэгч хүүг гаргаж өгч байгаа юм. Манай бондын арилжаа 6-8 хувийн хүүтэй, төгрөгөөр байгаа. АНУ-ын долларын бондыг бид олон улсын зах зээлд гаргавал 5-6 хувийн хүүтэй явах байх. Анхны арилжаанууд хязгаарлагдмал хүрээнд, хэдхэн банкны дунд л явагдаж байна. Зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг бий болгох нь маш чухал. Засгийн газрын бонд эдийн засагтаа чиглүүлэгч хүүг тогтоодог гэхээр, эрсдэлийг нь тэг хувь гэе л дээ. Тэгэхээр тэг эрсдэлтэй бонд долоон хувьтай байна гэж тооцвол дараа дараагийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө бонд гаргахдаа эрсдэлээ түүн дээр нэмнэ. Жишээлбэл, тэдний эрсдлийн түвшин хоёр хувь, Засгийн газар долоон хувийн хүүтэй байвал есөн хувийн хүүтэй бонд гаргах гарцыг бид гаргаж өгч байна гэсэн үг. Үүгээрээ цаашдаа манай үйлдвэрлэгчид бондоо хөрөнгийн бирж дээр гаргалаа гэхэд, түүнтэй дүйцэхүйц хугацаатай Засгийн газрын бонд нь түүний хүү буюу эрсдэл, нөгөө талаасаа өгөөжийг чиглүүлэх үүрэгтэй байх юм. Харин энэ хүү нь өнөөдрийн зах зээл дээр байгаа төгрөгийн зээлийн хүүгээс бага байна. Тэгэхээр энэ бол УИХ-аас тавьж байгаа “Зээлийн хүүг бууруулах” зорилтод хүрэхэд маш том алхам болж байгаа нь харагдаж байна.
-Засгийн газраас одоогийн байдлаар хэчнээн төрлийн, хэд орчим төгрөгийн бонд арилжаалаад байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 4000 айлын орон сууцны зээлийг Орон сууцны санхүүжилтийн корпорацаар дамжуулан олгох зорилгоор 72 тэрбум төгрөгийн бонд арилжаалах шийдвэр гаргаад үүнээс 65 тэрбум төгрөгийн бондыг арилжаалж дууссан. Монголын хөрөнгийн биржээр УИХ, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчид, ноос ноолуурын салбарыг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондын арилжаа эхэлсэн. Нийт 25 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, Монголын хөрөнгийн бирж дээр арилжааллаа. Долоо хоног бүрийн мягмар гарагт арилжаалагдах төлөвлөгөөг Сангийн яамнаас баталсан. Ер нь, энэ оны төсвийг хэлэлцэх явцад Анод банк, төсвийн алдагдалтай холбоотой, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бонд гаргах төсвийг УИХ-д өргөн барьж, тодорхой чиглэл Засгийн газар авсан байгаа. Найм, есдүгээр сардаа 300 тэрбум төгрөгийн бондыг зах зээл дээр бүрэн хэмжээгээр нь гаргах талаар холбогдох яамд болон Монголбанк, Монголын хөрөнгийн бирж хамтран ажиллаж байна.
-4000 айлын орон сууцны хувьд санхүүжилт дутуугаас зарим иргэн байраа сонгочихоод хүлээж байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ бондын хувьд санхүүжилт нь хэзээ шийдэгдэх вэ?
-Зургадугаар сар, долдугаар сард бонд нь арилжаалагдаад ОССК руу мөнгө нь шилжсэн. ОССК батлачихсан зээлээ олгоод, зогсоод байсан барилгуудын ажил үргэлжилж байгаа. 4,000 айлын орон сууцны санхүүжилт бүрэн шийдэгдсэн гэсэн үг.
-Төрийн банкны бондоос одоо хэд орчим төгрөгийнх нь үлдэв?
-Энэ жил бид 20 тэрбум төгрөгийн бондыг мөнгөжүүлж өгсөн.
-Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаасны нийт хэдэн төгрөгийн арилжааг хийж, санхүүжилт нь орсон байгаа вэ?
-ОССК-ын 180 тэрбум, ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр саяхан гаргасан 23 тэрбум, Зоос банкны 80 тэрбум төгрөгийн бондыг арилжаалсан.
-Ер нь, энэ оны төсөвт бондоор санхүүжигдэх төсөл хөтөлбөр хэчнээн байгаа бол?
-Дээр дурдсанаас гадна Анод банкны 100 гаран тэрбум төгрөгийн бонд, төсвийн алдагдлын 50 гаруй тэрбум төгрөгийн бонд байгаа. Төсөв ашигтай гараад байгаа учраас тэр хэмжээнд бонд гарахгүй байх.
-Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бонд маш олон бүтээн байгуулалтын ажлыг гацааж байна шүү дээ?
-Хөгжлийн банкинд батлагдсан 800 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаатай бондыг зөвхөн дотоодынх гэлтгүй гадаадын зах зээлд арилжаалахад оновчтой байж магадгүй гэж байгаа. Энэ долоо хоногт Хөгжлийн банкны бондын ажилтай танилцана. Бүтээн байгуулалтын ажлуудаас нэг нь ч эхэлсэнгүй. Хөгжлийн банк нь мөнгө босгоогүй учраас бүтээн байгуулалтын ажлууд удааширч байна гэсэн үг. Тэр нь цаашаа зээл олгохгүй байна. Учир шалтгааныг нь тодруулаад, гарах арга зам нь юу байна вэ гэж л ажиллах ёстой.
-АНУ-ын санхүүгийн зах зээлийн савалгаа Азид сүүдрээ тусгаж эхэлсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд ямар нэг нөлөө үзүүлж байгаа болов уу?
-Манай хөрөнгийн зах зээл дээр одоогоор ямар нэг нөлөө үзүүлээгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт бондоо арилжаалахад амжилттай зарагдсан. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспорт, алт, зэсийн хэмжээгээр Хятад руу гарч байгаа гэдгээр холбоосуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Ямар хамаарал байна гэж. Харин манай гол худалдан авагч Хятадын эдийн засагт юу болж байна вэ. Америк, Европын эдийн засагтай хэр холбоотой байна вэ. Бидний нүүрс, зэсийн эрэлтэд нөлөөлөх үү гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Хятадын хэрэглээ нь өнгөрсөн онд асар ихээр нэмэгдсэн. Өнөөдөр АНУ-д хөрөнгийн зах зээлийн индексүүд унасантай холбоотойгоор Хятадаас авдаг барааны хэдэн хувь нь зарагдахаа болих вэ, яаж нөлөөлөх вэ гэж анализ хийгээд сууж байна л даа. Монгол Улсын эдийн засагт сая болсон савалгаа шууд байдлаар нөлөөлөхгүй.
-Хөгжлийн банкны бондыг гадаадын зах зээлд гаргавал үр дүнтэй гэж байна. Азийн хөрөнгийн зах зээлийн савалгаа үүнд ямар нэг байдлаар сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэж үү?
-Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бондыг хөрөнгө оруулалтын банкууд сая болсон савалгааны үеэр ч мөн адил авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Яагаад гэвэл манай өрийн төвшин маш бага. ДНБ-тэй харьцуулахад 17 хувь байгаа юм. Тэгэхээр бид гадаадаас авч хэрэглэсэн өрийн төвшингөөрөө эрүүл буюу олон улсын байгууллагуудын зааж өгснөөр бол боломжийн доогуур төвшинд байгаа. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн өсөлтөд асар их итгэлтэй байгаа хэрэг. Манай эдийн засаг 2010, 2011 онд дэлхийд тэргүүлэх байранд орж байна. Дөнгөж саяхан Экономик сэтгүүлийн судалгаагаар дэлхийн эдийн засгийг өсөлтийг тодорхойлогч улсын жагсаалтыг гаргахад Монгол Улс нэгдүгээрт бичигдсэн. Манай баялагийн нэр төрөл, нийт хэмжээ нь дэлхийд хамгийн өндөрт орсон. Нөгөө талаас манай сул тал болох хоёрхон хөрштэй, далайд гарцгүй байдал нь давуу тал болж эхэллээ. Дэлхийн хамгийн том, өсч буй эдийн засагтай дөрвөн улсыг BRIC гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, Бразиль, Орос, Энэтхэг, Хятад. Сүүлд бол Өмнөд Африк нэмэгдсэн. Тэр улс орнуудын хоёрынх нь хөрш бид. Энэ нь мэдээж манай улсад эерэг нөлөөтэй, манай улсын эдийн засгийн дараагийн 10, 20 жилд тодорхойлоод явна гэсэн үг юм. Тэгвэл бидний зүгээс цаг алдалгүй эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд суурь дэд бүтцээ бий болгохын тулд ирээдүйгээс мөнгө зээлж, бүтээн байгуулалтаа хийх шаардлагатай. Өсөлтөө дагаад төсөв мөнгөний байдал сайн байгаа. Долдугаар сарын байдлаар төсвийн нийт тэнцэл 85 тэрбум төгрөгийн ашигтай байна.
-Уг нь 2011 оны төсвийг хамгийн их алдагдалтай баталлаа гэсэн шүү дээ?
-Энэ жилийн төсвийг 9.9 хувь буюу 400-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Гэхдээ одоогоор 85 тэрбум төгрөгийн ашигтай байна. Өнөөг хүртэл ашигтай гарсан. Урсгал тэнцэл 525 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Татварын орлого давж орж ирээд гаргах ёстой мөнгө нь хараахан гарч амжаагүй байгаа. Гэхдээ нэлээд их хэмжээний мөнгө давж орж ирсэн. 2010 оны мөн үеийнтэй харьцуулахад орлого 55.4 хувиар илүү орж ирсэн байна.
-Дэлхийн зах зээл дээрх алтын үнийн өсөлт төсвийн орлогод ямар хэмжээгээр нөлөөлж байгаа бол?
-Тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ тэр их мөнгөний хувьд мэдрэгдэхүйц хэмжээний биш л дээ. Орлогын албан татвар 32 хувиар, НӨАТ 25 хувиар, онцгой албан татварын орлого 30, гадаад худалдааны орлого 32 хувиар, татварын бус 32 хувь, орон нутгийнх 13 хувиар нэмэгдсэн гэх мэт байдалтай байна. Ер нь, манай эдийн засагт хямралыг алсаас ажиглаад бэлтгэдэг тогтолцоо үгүйлэгдэж байна. Тийм дархлаатай болохын тулд Сангийн яамны зүгээс тодорхой ажлуудыг санаачлан ажиллаж байгаа. Ханшийг яаж унагаахгүй байх вэ, хямралтай үр дүнтэй тэмцэх, хэрхэн хохирол багатай даван туулах талаар Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Тогтвортой байдлын зөвлөлөөр ярилцаад ажлын хэсэг байгуулаад төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.
-2011 оны төсөвт тодотгол хийхгүй гэсэн. Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар 2012 оны төсвийг шууд хэлэлцэхээр болж байгаа гэсэн үг үү?
-Төсвийн тодотголыг Таван Толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэгдэхлээр намраас хийнэ гээд тохирсон байгаа. Өнөөдөр төрийн сангийн бэлэн мөнгөний үлдэгдэл түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Нэг их наяд төгрөгт хүрээд байгаа. Үүнийг сул хэвтүүлэхгүй, тодорхой хэмжээгээр журмын дагуу байршуулах хэрэгтэй гээд тодорхой хэсгийг нь байршуулах талаар ажил хийж байна. Мөн төсвөөс санхүүжих ёстой ажлуудын мөнгө нь бүгд хүрэлцээтэй гараад явж байна гэвэл үгүй. Зарим хөрөнгө оруулалтын ажлууд зогсоод байна. Тэгэхээр урин дулааны улиралд бүтээн байгуулалт ид хийгдэх ёстой үед төсвийн тодотголыг хиймээр байгаа юм. Зогсчихоод төсвийн тодотголыг хүлээгээд байгаа, дараа жилийн төсвийг хүлээгээд байгаа ажлуудыг санхүүжүүлэх ёстой. Холбогдох түвшинд саналуудаа хэлээд Засгийн газраар, дараа нь УИХ-аар дэмжигдээд явбал бид төсвийн тодотголоо хийх боломж байгаа болов уу гэж бодож байна.
-Намрын чуулган эхлэхийг хүлээхэд цаг хугацааны хувьд оройтох байх. Ээлжит бус чуулган зарлах ёстой гэж үү?
-Тэр асуудлыг Засгийн газар кабинетаараа шийдэх ёстой. Энэ бол миний хувийн байр суурь.
-Төрийн сангийн бэлэн мөнгөний үлдэгдэл нэг их наяд төгрөгийг байршуулах арга хэмжээ авна гэлээ. Арилжааны банкуудад байршуулах боломж байгаа болов уу?
-Хуулиар бол бид хаана ч байршуулах боломжгүй. Одоогийн үйлчилж буй журмаар бол 70 орчим тэрбум төгрөгийг бид банкуудад богино хугацаатай байршуулах боломжтой. Дуудлага явуулаад банкуудын саналыг авна. Тэр талын ажлуудыг хийж байгаа. Энэ бол ирээдүйд орж ирэх асар их баялагаа удирдах эхний алхмууд болж байна. Тогтворжуулалтын сан, Хүний хөгжлийн сан, Монгол Улсаа хөгжүүлэх сан гэх мэт тусгай зориулалтын баялгийн сангууд байна. Эдгээрийг хэрхэх талаар өнөөгийн байдлаар тухайн жилдээ шийдвэрүүд нь гараад явж байна. Баялгийн удирдлагын асуудлыг одооноос тавьж, дотооддоо хүчин чадлаа бий болгоод орж ирж байгаа мөнгөө зөвхөн хурааж аваад зарцуулдаг биш харин нэг талаасаа эдийн засгаасаа тэр мөнгийг тусгаарлаж, гадаадад байршуулан Голланд өвчин болон байгалийн хараал гэгчээс зайлсхийх нөгөө талаасаа хөрөнгө оруулалт хийж маргаашийн хэрэглээг хангах боломжтой. Үе хоорондын шилжүүлгийг хийх ёстой л гэсэн үг юм.
-Бидний урилгыг хүлээн авч цаг үеийн асуудлаар ярилцсан танд баярлалаа.
-Та бүхний болон уншигчдын ажилд амжилт хүсье.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )