Амьтны ертөнц: Сар шувуу хосоороо амьдардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 28

Монголчуудын ярианд "Үлий сахисан сар шиг" гэдэг хошин зүйрлэл байдгийг бид сайн мэднэ. Чухамдаа энэ нь сар шувуу олзоо хүлээгээд тэвчээртэйгээр удаан харуулдаж суудаг гэсэн үг юм. Утасны модны орой дээр ч юмуу, өндөрхөн хад, бутан дээр өдөржин шахуу сууж, тэвчээр зааж байж мэрэгчдийг дош, нүхнээсээ гарч, холдож явахыг нь хүлээж суудаг энэ бор саарал шувуу хөдөө явахад хаа сайгүй тааралддаг. Бусад шувууг барьж иддэг, ашиггүй хэмээн нэгэн үе хөөрхий муу сарыг алж устгадаг байжээ. Гэтэл эл шувуу тэгж ад шоо болох амьтан биш байв. Голио, царцаа, хорхой шавьжаар голдуу зоог барьдаг боловч хөдөө аж ахуйд асар их хор хохирол учруулдаг үлийн цагаан оготно, огдойгоор хоол хийдэг болохоор сар шувуу нь ашиг тустай ажээ. Тэгээд ч түүнийг алахыг хориглон дархалсан байна. 800-1200 грамм жинтэй хэрнээ өдөрт 10-15, жилдээ таван мянга гаруй үлийн цагаан оготно барьж иддэг гээд бодохлоор нөгөө муу адлагдаж байсан сар хүний анд нөхөр мэт ойлгогдож байна л даа. Манай орны хээр, тал, говийн бүсэд байнга хосоороо амьдардаг шилийн сар элбэг тохиолдоно. Зарим жил үлийн цагаан оготно хөрс буцалж байгаа мэт үй олноороо бужигнаж, хөрс ургамал сүйтгэдэг аюул хөнөөл ихтэй амьтан.


Тэгвэл сар шувуу энэ хорт мэрэгчийг устгадаг тул ашигтай шувуу гэдэг нь ойлгомжтой. Монголд сар, талын сар, тарлан сар гэсэн гурван зүйл бий. Үүрээ хад цохио, хясаа, тал хээрийн намхан хад чулуу, газар дээр хуурай мөчир, үс ноос дэвсэж засна. 2-4 ширхэг хүрэн, бор шаравтар толботой өндөг дөрөвдүгээр сарын дунд үеэр гаргаж, эмэгчин нь сар орчим дарж ангаахай болгоно. Эрэгчин нь оготно барьж авчирч өгнө. Түүний үс арьсыг цэвэрлээд эмэгчин нь ангаахайгаа хооллоно. Ийнхүү их эвсэг, өөртөө таарсан ухаантай сонин жигүүртэн юм. Зарим газар сарны сууж байхад тохиромжтой шон, хөндлөвч бүхий мод босгодог нь бэлчээр, тариа ногоогоо хамгаалуулах гэсэн арга юм. Үүнийг одоо илүү шаргуу хэрэглэвэл өвс ногоо, үр тариа сүйтгэгч хортонгуудаас сэргийлэх боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сар(202.126.89.46) 2022 оны 11 сарын 28

Үнхээр хайр юоом

0  |  0
Top