Саяхан сэтгүүлчдийн байгууллагыг шинэчлэхийг хүссэн хэсэг сэтгүүлчид цуглаж хуралдав. Тэд Монголд хамгийн хоцрогдсон салбараар сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн орчинг нэрлэж байна. Сэтгүүлзүйн том гал тогооноос УИХ-д суусан З.Алтай тэдэнтэй санал нэг байгаа ажээ. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон нь нэг талаар ахиц дэвшил авчирсан юм. Гэвч мэдээллийн хэрэгслийг хэн дуртайд нь өгөхийг тэр таашаахгүй байна. Ялангуяа телевизийн эрхийг Харилцаа холбооны зохицуулах газраас зүгээр л нэг цайны газрын лиценз өгч байгаа мэт тарааснаас өнөөдөр энэ чиглэлийн 70 гаруй том жижиг байгууллагатай болжээ. Нэгэн бодлын энэ нь солиорол юм. Манайхаас бараг арав дахин олон хүн амтай Солонгос, Астрали зэрэг улсад гурав, дөрөвхөн телевиз байдаг байна. Сонгууль ойртоод ирэхээр сонин, сэтгүүл шиг олон юм үгүй болно. Ердийн үед ч маш олон. Ийм байх нь нэг талдаа чөлөөт хэвлэл мэдээлэлтэй мэт ойлголтыг хүмүүс төрүүлнэ. Харамсалтай нь чөлөөт сэтгүүл зүйг зөвхөн хэрэгслийнх нь олон цөөнөөр хэмжиж болдоггүйг сүүлийн хорь гаруй жилийн түүх бэлхнээ харуулж байна. Мөнгө ихтэй улс төрчид бараг цөмөөрөө нэгээс хоёр хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлж байгаа гэсэн судалгаа бий. Тэдгээр улс төрчид намынхаа болон өөрийн нэр хүндийг тэдгээр мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан өсгөхийг хичээнэ. Мөн худал хуурмаг гүтгэлэг, доромжлолуудыг цацна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ийнхүү зөвхөн тэрхүү санхүүжүүлэгчийнхээ дуулгавартай зарц болдог байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” хэмээх байгууллагынхаа шугамаар олон жил тэдгээр чөлөөт гэх нэр хаягтай мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлжээ. Тэрээр нөхрийнхөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх үед төсвийн мөнгөөр ч өөрийн талын хэвлэлүүдийг ивээн тэтгэж байв. УИХ-ын гишүүн С.Баярыг тухайн үед Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед энэ мэт бохир санхүүжилтыг таслан зогсоох талаар бодитой зүйл хийхийг сануулж, хүсэлт тавьж байсан жирийн иргэд, сэтгүүлчид бас цөөнгүй. Гэвч өнөөг хүртэл байдал сайжирсангүй. З.Алтай гишүүн “Аль нэг телевиз, сонин, радио нь санхүүгийн бие даасан байдлаа алдвал үнэн, зөв, шударга мэдээлэл өгнө гэж байхгүй. Мөнгөтэй хэн нэгний халаасанд л орно” гэсэн нь энэ талын эрх зүйн зохицуулалт дутаад байгааг харуулж буй хэрэг болов уу. Ухаандаа сонинууд өөрсдийн мэдээллийн чанар чансаагаар, чөлөөт, шударга өрсөлдөнөөр уншигч олноо байлдан дагуулж, тэр чанараараа өөрсдөө санхүүжилтээ шийдэх боломжийг Н.Энхбаяр, О.Цолмон мэтийн хүмүүсийн “сан” хэмээх сайхан бэлэн хоол үнэндээ хаасаар иржээ. Одоо энэ процекур улам нарийн дэг жаягтайгаар хөгжиж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын телезиз, С.Баярын кабелийн телевиз, Н.Энхбаярын телевиз, Э.Бат-Үүлийн радио, З.Алтайн телевиз, Баабарын сэтгүүл, телевиз гээд арагшаа бүгд улс төрийн томчуудын мэдээллийн хэрэгсэл цуварна.
Энэ бүхэнд сэтгүүчдийн байгууллага ямар хяналттай, яаж ажилладаг нь хэнд ч үл мэдэгдэх “нууц” ажээ. ТV-5 телевизийн захирал Сарангэрэлийг шинэчлэгч залуус нь хатуухан шүүмжилж байна. Түүнийг өнгөрсөн сонгуулиудаар Ардын намд л хамгийн сайн үйлчилсэн гэжээ. Нэр дурьдагдаж буй нь өнөөдөр ганц Сарантуяа болоод байгаагаас биш үнэндээ хэнд ч сэтгүүлчийн үзэг, үзэл санаа хоёроо худалдахгүй болов уу гэсэн итгэлийг олон нийтэд төрүүлээд байсан зарим томоохон сэтгүүлч хүртэл бусдын халаасны бичээч болсон. Манай нэгэн томоохон сэтгүүлч У.Хүрэлсүхийн халаасны хүн болчихсон хар Пи Ар хийгээд гүйж л явсан. Үүнийгээ тэр “Би алийн болгон эхнэрээрээ худгаас ус зөөлгөж амьдрах билээ. Нэг байртай болохын тулд ингэж явна” гэж учирлаж байлаа. Тийм ээ, аж амьдралаа бодохгүй хэн байхав. Хэрвээ сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэгч байгууллага сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллаж байсан бол мань хүн улс төрчийн хувийн бичээч төдий амьтан болж доош орохгүй байсан болов уу. Харамсалтай нь мөн ч олон удаа шүүхэд дуудагдсанаас цөхөрсөн биз. Энэ мэтээр өнөөдөр худалдагдсан сэтгүүл зүйн орчин бий болчихоод байгааг арилгаж засах тухай ярьж байгаа бол сайн хэрэг. Б.Наранбаатар, Б.Галсансүх нарын зэрэг хүмүүс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит бус онц их хурал зарлан хуралдуулж шинэчлэлийг эхлүүлье гэж 100 гаруй сэтгүүлчдийг цуглуулан хуралдаад эцэст нь “Шинэ үе” гэсэн уриа лоозон гаргаад хуучцуул буюу навсайтлаа шүүмжлүүлж буй хэдтэйгээ хамтран ээлжит их хурлаа хийхээр боллоо. Үнэхээр шинэчлэх гэж байгаа бол зөв, цаг нь аль хэдийнээ болоод өнгөрч байгаа л болохоос биш. З.Алтайн гишүүний үзэл бодол ч бас иймэрхүү ажээ. Гэхдээ тэдний хэн нь ч “Худалдагдсан сэтгүүлч, сэтгүүл зүйн орчин” гэж шууд зоригтойхон хэлчихэж чадахгүй л байна. Үүнээс нь харвал тэд шинэчлэлийг чинээнд нь тултал хийх “зоригтонууд” мөн үү гэсэн асуулт хариултаа нэхсээр үлдлээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )