Монголын мисс Б.Гантогоогийн Өмнөговь сэтгүүд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрж өссөн нутгийн тань талаар яриагаа эхлэх үү?
-Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд эмээ өвөө дээрээ өсч хүүхэд насаа үдсэн. Саяхан сумын маань сургууулийн 70 жилийн ой болж намайг ойн медалиар шагнасан. Энэ бол миний нутгаасаа авч байгаа сайхан шагналуудын нэг. Мөн Ханбогд сумаас төрсөн алдартнуудын амжилт бүтээлийн тухай номондоо намайг багтаасанд баяртай байгаа. Ханбогд уул маань миний шүтээн. Энэ ууланд дэлхийн энергийн төв байдаг. Намайг хаана ч очсон өндөр оргил, уулс дагалддаг. Японд суралцаж байхдаа Фүжи хэмээх алдартай сайхан уулыг өдөр бүр хардаг байлаа. Африк тивд анх хөл тавиад Килиманжаро хэмээх мөнх цаст оргилыг харчихаад сэтгэл минь ихэд хөдөлж билээ. Би нутгаа үргэлж дэлхийн дээвэр, эхлэл нь гэж бодож явдаг. Энэ үзэл бодол маань намайг үргэлж ивээж, эхэнд нь тэргүүнд нь явах сайхан замыг зааж өгдөг гэж ойлгодог доо.
-Уулзахаасаа өмнө таныг хотын унаган бүсгүй гэж бодож байлаа?
-Үгүй ээ, би говь нутагт төрсөн жирийн нэгэн бүсгүй. Өргөө Монгол орны маань алтан босго Өмнөговь сайхан нутаг. Далай баян Даланзадгад гэдэг шүү дээ, миний нутгийг. Хангай говь хосолсон сайхан газар. Ёлын ам, Гурван сайхан гээд байгалийн үзэсгэлэнт газартай. Бага байхаасаа нутгийнхаа ард олны ёс заншлыг харж, уртын сайхан дууг сонсож өссөн. Нутгаа учиргүй магтаад байна гэж битгий бодоорой. Говийн хүмүүс найрсаг, хөдөлмөрч, хүнд тусархуу. Өссөн нутаг минь сайхан болохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм. Өөдрөг яваагаа би хэл, хөлд орсон нутгийн минь уул, ус ивээснийх гэж бат итгэдэг.
-Өнөөгийн залуусын сэтгэлийг орчин үеийн электро транс хөгжим соронзон мэт татаж байхад та “Үлэмжийн чанар” дууны түүхийг өгүүлээд сууж байгаа нь сонирхолтой санагдаж байна?
-Говийн догшин ноён хутагт Д.Равжаа Ханбогд уулыг харж шинжээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд шидийг олох юм” хэмээн айлдаад энэ уулын эзэн болох цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн залуу сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар”дууг зохиосон гэдэг. Аливаа зүйл учир утгатай. Нутгийнхаа нэрийг оргил шиг өндөрт өргөх болноо гэж охин чинь зон олондоо сэтгэл өег хэлж чаднаа. 2010 онд би Япон улсын нисэхийн академийг амжилттай дүүргэж, Италийн нэр хүндтэй “Royal Events” загварын агентлагт загвар өмсөж байгаад эх орондоо ирсэн.
-“Miss international-2005” тэмцээнд хэн ч танихгүй жирийн нэг охин түрүүлж, загварын ертөнцийн томчуудыг гайхшруулж байсныг санаж байна?
-Эх орондоо дөнгөж ирээд найзуудаасаа “Miss international” тэмцээн болох гэж байгааг мэдсэн. Энэ тэмцээнд оролцсоноор хүнийг ялан дийлэх бус өөрийгөө ялах нь амжилтын үндэс юм байна гэдгийг сайн ойлгосон. Түүнээс хойш олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа оролцож, монгол үндэснийхээ хувцсыг дэлхийн шилдэг хувцас болгож байлаа.
-Монгол хувцас гадныханд юугаараа гайхамшигтай санагддаг юм бол?
-Монгол үндэсний хувцас нүүдэлчдийн эрт, эдүгээгийн ёс заншил, соёлыг хадгалж чадсанаараа гайхамшигтай. Тэр дундаа ахуй амьдралтайгаа илүү зохицож хийгдсэн байдаг нь гадныхны сонирхлыг их татдаг. Үндэсний хувцсаа өмсөөд тайзан дээр алхаж “Би хамгийн сайхан нь, шүүгчид Монгол гэж хамгийн түрүүнд дуудна” гэж өөртөө итгэлтэйгээр шивнэдэг. Хүн ямар ч үед өөрийнхөө дотоод сэтгэлийн үгийг чагнадаг байх ёстой.
-Та техник технологи өндөр хөгжсөн арлын Япон оронд мэргэжил эзэмшсэн. Эзэмшсэн мэргэжил тань нисэх хүчний салбарт шинэ үсрэлт хийхэд хувь нэмэр оруулах байхаа гэсэн бодол төрж байна л даа?
-Тиймээ, үнэхээр сайхан мэргэжлийг сайхан газар сурч төгссөн. Одоо харин улсынхаа нисэх хүчний салбарт өөрийн хүч чадлаа харуулан ажиллах л үлдэж байна. МИАТ компани болон бусад аялал жуулчлалын салбарын менежментийг шинэчлэн сайжруулах, дэлхийн жишиг стандартад хүрэх хэмжээнд аваачихад өөрийн багахан ч болов хувь нэмрийг заавал оруулна. Энэ бол миний сэтгэлээс уяатай үргэлж бодож явдаг ажил. Ер нь хийж хэрэгжүүлэх ажлын санаа, төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Нисэхийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн маань энд маш чухал үүрэгтэй.
-Таныг СТА цолтойг мэднэ. Харин загварын салбарт хүч сорьж буй бүсгүйчүүд энэ шагналаар шагнагдаж байсныг мэдэхгүй юм. Энэ шагналыг үндэснийхээ дээл хувцсыг дэлхийн хэмжээнд хүргэснийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж болох уу?
-Тэгэлгүй яахав. СТА цолыг үндэсний дээл хувцсыг дэлхийн хэмжээнд гаргасан өчүүхэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж өгсөн шагнал гэж боддог. Тэгээд ч энэ нь Монголын соёлын салбарт оруулсан хувь нэмэр гэдгийг хүлээн зөвшөөрч олгосон Засгийн газрын шагнал гэж ойлгодог. Цаашид энэ шагнал, хүндэтгэл, итгэлийг дааж, улам хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэдгийг өөртөө хэлж байдаг даа. Тиймээс ч би “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” гэж төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа.
-“Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” хэзээ байгуулагдсан бэ, ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манай холбоо байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд сайхан бүсгүйн тэмцээнээс гадна энэ төрлийн тэмцээнүүдийг Монголдоо хэрхэн зохион байгуулах тал дээр гадаад орнуудтай хамтран ажиллахаар туршлага солилцсоор байна. Жишээ нь, “Мисс дэлхийн аялал жуулчлалын холбоо” гэж маш том холбоо байдаг. Уг холбоо нь олон тэмцээн уралдааныг жил бүр зохион байгуулдаг туршлагатай байгууллага тэр ч утгаараа бид хамтран ажилладаг. Одоогоор “Итгэл, сэтгэл, зүтгэлийн дор нэгдэцгээе” уриан дор байгууллагынхаа гишүүдтэй хамтран ажиллаж байна.
-Таны ажлын өрөөнд нийгэм улс төр, гоо сайхан, гадаад хэлний гээд маш олон сайхан номнууд харагдаж байна. Ер нь номтой хэр нөхөрлөдөг вэ?
-Номонд бол цаг, мөнгө хоёроо хайрладаггүй. Ном бол ертөнцийг харах цонх гэж тодорхойлсон нь үнэхээр оносон юм шиг санагддаг. Дэлхий ертөнцтэй танилцаж, хорвоогийн элдэв явдлыг таньж мэдье гэвэл ном л унших хэрэгтэй. Тэр дундаа түүхэн болон сонгодог зохиолуудыг судлахгүйгээр энэ боломжийг та эдэлж чадахгүй. Тийм ч учраас би өнгөрсөн хугацаанд “Ухаан далай номоос эхтэй” гэдэг аяныг өрнүүлсэн, одоо төрсөн нутаг болох Өмнөговийн Ханбогд сумандаа “Килиманжаро” номын санг байгуулахаар шавыг нь тавьчихсан байгаа. Нутгийнхандаа оюуны өргөө барьж өгч бэлэг барина даа.
-“Килиминжаро” гэж нэрлэсний учир нь юу вэ?
-Би 2006 онд Африк тивийн Танзани улсын нийслэл Дармаселла хотод болсон “Model of the World” тэмцээнд оролцож шилдэг таван топ моделийн нэг, монгол эхнэрийн дээл хувцсаараа “Дэлхийн шилдэг хувцас” буюу “Best national costume” шагналыг авсан. Энэ тэмцээнээс “KILIMANJARO” гэж нэрийн шагналыг надад гардуулсан. Энэ бол Африк төдийгүй дэлхийд алдартай мөнх цаст уулын нэрээр нэрлэгдсэн шагнал байдаг. Тэгээд би дэлхийд алдартай энэ уул шиг нэрээр нэрлэгдсэн , бас дэлхийд алдарших том номын санг байгуулъя гэдэг санаа төрсөн л дөө. Энд би бас нэг түүх яримаар байна. Энэ тэмцээнд оролцохын тулд их замыг туулж, их мөнгө, цаг хугацаа шаардагдсан. Гэхдээ иргэний зориг гаргаад гэх үү дээ, явахаар шийдсэн. Тэгээд үндэсний хэд хэдэн дээл хувцас, гутал, малгай гээд маш их овортой, хүнд ачаа авч явах хэрэгтэй болж нэлээн ч мөнгө зарлаа. Малгай нь гэхэд л тав, зургаан кг болсон. Тэгсэн чинь ачааны мөнгө дутаад хүний газар яахаа мэдэхгүй зогсож байтал нэг монгол хүн ирээд яасныг маань асууж, би ч учир байдлыг хэлтэл, “Өө, би төлчихье, Монголынхоо нэрийг дэлхийд гаргах гээд явж байгаа хүнд туслалгүй яахав” гээд надад 500 доллар өгсөн. Би ч баярлаад тухайн үед хэн гэж хүн туслав ч гэдгийг таньж мэдсэнгүй шуудхан ачааныхаа мөнгийг төлөөд гараад явчихлаа. Ингэж хэрэг болгон авч явсан үндэсний хувцас маань шилдгээр шалгарч, тэр үед нөгөө тусалсан хүн “Малгайгүй дээл, дээлгүй малгай гэж хаа байхав, үндэсний хувцас чинь цогцоороо байж л амжилт гаргана шүү дээ” гэж хэлсэн үг толгойд орж тэр хүн байгаагүй бол энэ шагналыг авахгүй байсан гэж бодохоор баярлах сэтгэл төрж байсан. Дараа нь асууж сураад байсан чинь манай нутгийн ах, тэр үед УИХ-ын гишүүн байсан Ажнайн гэгддэг Бат-Эрдэнэ ах байсан юм байна лээ. Тэгээд энэ завшааныг ашиглаад Д.Бат-Эрдэнэ ахдаа үргэлж талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
-Ямар сайхан хэрэг вэ. Ёстой тэвдэж явахад чинь мундаг тус хүргэсэн байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд маш олон уралдаан тэмцээнд оролцсоор ирлээ. Чамгүй олон амжилтуудыг үзүүлсэн. Заримаас нь яривал?
-Анх 2005 онд Японд болсон “Miss international” тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож эхэлснээс хойш маш олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. 2009 онд Гонконг Шинжинд болсон “Miss model of the World” тэмцээнд шилдэг 10 топ моделийн аравт шалгарсан явдал, бас л үндэсний хувцас маань “Best national costume” шагналыг хүртсэн. Энэ бол хамгийн том сайхан амжилт. Тэгээд бас Friendship буюу найрамдал нөхөрлөлийн шагналыг тус тус авсан. Ер нь эцсийн бүлэгт миний гаргасан хамгийн том амжилт бол Монгол үндэсний дээлийг Дэлхийн шилдэг хувцас номинацид гурван удаа шалгаруулж чадсан явдал юм. Би энэ их амжилтаараа, бас үндэсний дээл хувцсаараа үнэхээр их бахархдаг.
-Олон улсын, дэлхийн, тивийн гээд олон тэмцээн байдаг. Энэ бүх тэмцээнд тавигдах шаардлага өөр байдаг уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Аливаа тэмцээн, уралдаан өөр өөрийн зорилго тэмүүлэлтэй, тавигдах шаардлага нь ч өөр, тэр ч байтугай шүүх шалгуур нь ч ялгаатай байдаг. Дэлхийн болон олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад тухайн орны Засгийн газар, аялал жуулчлалын компаниуд, хувийн хэвшлийнхэн гээд бүгд хүч хаяж хамтран ажилладаг. Яагаад гэвэл ийм тэмцээнийг зохион байгуулна гэдэг нь улс орноо сурталчлахаас гадна аялал жуулчлалын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт болдог. Түүнээс гадна гадаадын түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний туршлагыг авч хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Холбооны үйл ажиллагаа ч энэ чиглэл рүү хандаж байгаа.
-Сэтгэлээ нээн сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашидхийх ажил бүхэн тань Гурван сайхан уул шиг мөнхрөн үлдэх болтугай.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )