Шүлэг: Чамтай уулзахын тулд

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 30

           “...Сэтгэл гэдэг чинь жолоогүй шүү...”

 

             (Монгол ардын дуунаас)

 

Чамтай уулзахын тулд арга бүхнийг сүвэгчилж

Чамаар өвчилсөн тархиа шөнө өдөргүй гашилгана

Одоо миний туулах амьдралын харгуй хийгээд                

Орчлон хорвоо хөрвөсөн ч хамаагүй мэт бодогдоод...

 

Түмэдийн талын тэнгэрт одон цэцэг ургахгүй юм

Түнэр харанхуй сэтгэл гэгч түүнээс ч илүү гунигтай юм

Алтан хааны цэцэрлэгт хүүхдээрээ хосууд болзох юм

Аюулхайд багтамгүй хайртайгаа хожуу учрах гачлантай юм

 

Чамтай байхын тулд заль бүхнийг зохиож

Чамаар дүүрсэн зүрхээ өвдөхийг үл хайхрана

Зүйтэйхэн хоолойд чинь гижигдүүлж суухын тулд  

Зүдэрч босгосон амьдралаа ч үрж болмоор санагдаад...

 

Даланхарын энгэрийг ингэтлээ төөнөж яана даа

Дан цамцны цаадах сэтгэлээс халуун болох биш

Хөх балгасны бороо ингэтлээ шавшиж яана даа

Хөөрхий зүрхний нүд шиг насан турш үерлэх биш 

 

Чамайг харахын тулд нажид бүхнийг эдэлж

Чамаар дутах амьдралаа эргэцүүлж нэг төсөөлнө

Ангарайхан шар охиныг үүнд итгүүлэхийн төлөөнөө

Амь төдийхөн зүйлийг ч тэвчиж болмоор санагдаад...

 

Чамтай уулзахын тулд л...

 До.Болдхуяг

                  Хөх хот 2010 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top