Манай Ерөнхийлөгч буюу “Түүх мэдэхгүй бол үргэлж хүүхдээрээ үлддэг”

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 24

Аяа, түүх сайхан шүү, юу нь сайхан бэ гэвэл цагаан цаасан дээр хараар бичигдэж үлдсэн бодит баримтандаа л оршдог.

Манай зуун – Баримтын зуун

Энэ утгаараа түүх бол мартсныг сэргээх хүчит зэвсэг, ирээдүйг харах цонх бололтой.

Хамтарсан Засгийн Газраас Ардчилсан Нам гарах болсон тул Ардын Намын УИХ - дахь бүлэг, Намын удирдах зөвлөл онгойсон суудал, орыг нь залгах сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, олонхийн санал хураалтаар нэр дэвшигч болж тодорсон эрхмүүдээ олон нийтэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж сайдад нэр дэвшигч эрхмүүдийг Ардын Намын дарга, Ерөнхий сайд Сү. Батболдын хамт хүлээн авч, уулзах үеэрээ нэг зүйлийг онцолж буй харагдана лээ. Тэрбээр “УИХ –ын гишүүн Засгийн Газрын гишүүн байж болохгүй, урд байгаа ажлаа яая даа гэж байж” гээд цухалдангүй ярьж байсан. Сонсоход бол сайхан л үгс. Олон нийтэд таалагдахаар. Гэвч үлдэж хоцорсон түүхэн баримтаас харахад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ингэж хэлэх ёс суртахууны эрхгүй мэт. Ядаж л Ерөнхийлөгч маань “Би үүнийг Засгийн Газар толгойлж байсны хувьд ойлгоно, зовлонг нь мэднэ ингэж болохгүй гэж учирлаж байсан бол бас ч яахав” гэхсэн. За тэгээд түүхэн баримт эргээд нэг сөхөөд харцгаая.

1998 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын бүрэлдэхүүн:

  1. Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б. Батбаяр / Баабар/
  2. Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Р. Амаржаргал
  3. Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Т. Отгонбаатар
  4. ХААҮйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг
  5. Дэд бүтцийн сайдаар УИХ-ын гишүүн С. Зориг
  6. Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Ш. Батбаяр
  7. Хууль зүй нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн С. Батчулуун
  8. Гэгээрлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч. Сайханбилэг
  9. Байгаль орчны сайдаар УИХ-ын гишүүн С. Баярцогт 

Энд би томилогдсон сайд нарыг бууртгах гэсэн хэрэг огт биш, гагцхүү зарчмын асуудалд анхаарал хандуулах гэсэн юм. Тухайн үеийн засгийн газар 9 сайдаас бүрддэг байсан аж. Гэхдээ дээрх есөн сайд есүүлээ УИХ-ын гишүүд /тухайн үе буюу 1996-2000 онд сонгогдон ажилласан / Ц. Элбэгдорж ч өөрөө УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Олонхын бүлгийн дарга, бас засгийн эрх баригч Ардчилсан Холбоо эвслийн доторх хамгийн олон буюу 35 суудалтай МУАН-ын даргаар ажиллаж байсан юм байна. Энэ бүгд багадаад Ерөнхий сайдруу тэмүүлж, тэр нь монголын нийгэмд ямар муухай, хөнөөлт үр дагавар авчирсныг бидний үеийн залуус мэдэхгүй гэж бодож байна уу та?

Зуун хувь парламентын гишүүдээс бүрдсэн засгийн газар Монголд ганцхан удаа байгуулагдсан нь Элбэгдоржийн Засгийн Газар байжээ.Зуун хувь шүү. Ийм бүтэц бүрэлдэхүүнтэй Засгийн Газрын уран барималч, үндсэн автор нь яахын аргагүй Элбэгдорж гуай өөрөө юм аа. 1996 онд иргэн Ламжавын гомдлоор УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүнээр томилогдох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Үндсэн Хуулийн Цэц гаргасан тул М. Энхсайханы Засгийн Газрын танхимд УИХ –ын гишүүд орох үндэсгүй болж, бүгд гаднаас томилогдсон түүхтэй ажээ. Хөөрхий сайд зүүдэлсэн Ардчиллын лидерүүд УИХ-ын гишүүнтэйгээ үлдсэн юм. Үнэхээр хоёр жил гайгүй тогтвортой ажиллаж байсан М. Энхсайханы Засгийн Газраа хор найруулж унагаах ажлыг Элбэгдорж та голлон зохион байгуулсан юм. Энэ бол түүхэн үнэн.

УИХ, Засгийн Газрын үйл ажиллагааг уяалдуулах нэрийдлээр Үндсэн Хуулийн Цэцийг лоббидон, УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүнээр томилогдон ажиллаж болох шийдвэрийг дахин гаргуулсан нь түүхийн гашуун үнэн юм.

Ингээд улс төрийн эрх зүйн шинэ нөхцөл үүслээ, намын тэргүүн нь Ерөнхий сайд болох зарчмыг хэрэгжүүлэх цаг ирлээ гэдгийг ил далдаар тунхагласаар тухайн үеийн УИХ-ын дарга, МСДН-ын дарга Р. Гончигдорж нам нийлж, сэм хувилдан, эвслийг бүрдүүлэгч хоёр нам шийдвэрээ гарган, Энхсайханы Засгийн Газар огцрох үүд хаалгыг Элбэгдорж гуай өөрөө тавьж, хичнээн олон Засгийн Газар годройтов доо. Хамгийн гол нь хамгийн боломжийн ажиллаж байсан М. Энхсайхан, Ж. Наранцацралтын Засгийн Газрууд огцорч байсан нь тоогүй ээ. Олон түмэн түүхийн үйл явдлыг цагийн эрхээр мартдаг хэдий ч басхүү түүхэн үнэнийг хэзээ хойно сануулдаг нь мундахгүй.

Ингэж зуун хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн Газар хол явдаггүй гэдэг нь харагдаж, төрийн болон хувийн банк / Голомтыг / нэгтгэсэн дуулиант шийдвэрээсээ болж, тухайн үеийн УИХ таны тэргүүлсэн Засгийн Газрыг огцруулж байсан түүхийг ч бид мартахгүй ээ. 

Сэтгэгч Николло Макиавелла /1409-1527/ нь “Хуур хуур бас дахин хуур” гэсэн үгийг “Эзэн Хаан” “Төр улс” зохиолдоо билүү тухайн үеийн эзэн хаанаа егөөдсөн утгаар бичсэн гэдэг. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та өмнөх явдал, түүхээ мартаж, төрөл арилжиж, тэнгэрээс гэнэт бууж ирсэн Ариун хутагт Хувилгаан адил байх нь залуу үеийнхэн бидэнд таатай санагдахгүй. “ Хуур хуур бас дахин хуур” гэдэг зарчимаар ажиллаж, сэтгэж байгаа чинь харин дургүйцэл төрүүлж байна.

Ерөнхийлөгч таньд зөвлөе. Та аливаа асуудалд улс төрийн шоу хэлбэрээр бүү хандаж бай. Гишгэсэн мөр, туулж өнгөрүүлсэн өөрийн түүх, аашилж аяглаж асан үйл явдлаа эргэж бодож, эргэцүүлэн тунгааж байхыг хүсье. Иргэд бид чинь харах мэлмийтэй, сонсох чихтэй тул түүхэн үнэнийг харж, үзэж, уншиж, сонсож, бас эргэцүүлдэг. Анализ дүгнэлт хийдэг, бас үгээ хэлэх эрхтэй гэдгээ ч ухамсарладаг...

Уран илтгэж, олноос оноо авах нэг хэрэг, Улсын Ерөнхийлөгч явдал биеэ зөв авч явах бүүр ч зайлшгүй чухал шүү дээ. Ерөнхийлөгч минь түмэн олон минь, залуус минь “Түүх мэдэхгүй бол үргэлж хүүхдээрээ үлддэг” гэж аугаа их Цицерон сургажээ.

2012.1.24

“Монголын Ногоон Суваг” –ын захирал, Нийтлэлч Баттөмөрийн Батзул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top