Цагдаагийн ерөнхий газрын даргыг солих тухай мэдээ дуншсаар хэд хонов. Эцэст нь уг мэдээлэл худлаа болж таарав. Гэхдээ Ерөнхий сайд байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй. Ямартай ч ийм яриаг намжаах шалтгаан байсан хэрэг. Харин Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга нарын нэр дунд гавьяат хуульч Д.Мөрөн, эсвэл ШШГЕГ-ын дарга М.Ганхүү нар илүү тод дуулдаж байлаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга нар давтагдаж томилогддог жишиг 2000 оноос хойш бараг уламжлал болсон. Одоо ажиллаж буй хурандаа Д.Сандаг-Очир хоёр дахь удаагаа ажиллаж байсан бол эдүгээ 461 дүгээр ангид хоригдох буй хошууч генерал Ч.Амарболд гурван ч удаа томилогдож ажилласан түүхтэй. Одоо Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын халаа, сэлгээ улс төрийн нөхцөл байдалтай яаж холбогдож байсныг эргэн санацгаая.
1998 он. Ардчилсан намын ялгуусан ялалтын цаг үе. Засгийн газар дөрвөнтөө хөрвөөж ёстой л цагийн байдал ороо, бусгаа байсан тэр үед С.Зориг зэрлэгээр хөнөөгдсөн. Тэр үед ЦЕГ-ын дарга Ч.Амарболдыг ажлаас нь чөлөөлж, 1998 оны тавдугаар сарын 20-нд Эрүүгийн цагдаагийн газрын Хүүхдийн хэлстийн дарга Д.Мөрөнг ЦЕГ-ын даргаар томилсон байв. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэсэн популист амлалтаар Засгийн газраа “пиар”-дсан боловч харамсалтай нь олон нийтийн хүлээлт болсон маш эмзэг сэдвээр хариуцлагагүй улс төр хийсэн нь хожим харагдсан. “С.Зоригийн хэргийг илрүүлж чадаагүй” гэсэн шалтгаанаар 1999 оны есдүгээр сарын 24-нд Хууль зүйн сайд Даш.Ганболдын тушаалаар Д.Мөрөнг ажлаас нь халж, Ч.Амарболдыг эргүүлэн томилсон байдаг. Тэр үед ЦЕГ-ын одоогийн дарга Д.Сандаг-Очир дэд даргын албан тушаалыг хашиж байв. Хурандаа Д.Мөрөн ч Ц.Элбэгдоржийн тааллаар халагдсандаа өсөрхөж тухайн үеийн МАХН-д элсээд зогсохгүй “Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
УИХ-ын 2000 оны сонгуулиар Д.Мөрөн МАХН-аас сонгуульд нэр дэвшив. Түүний ялалтын нууц нь “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэсэн амлалт байлаа. Харамсалтай нь УИХ-д нэр дэвшихийнхээ өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референтээр ажиллаж байсан болохоор нь олон нийт түүнд итгэж байсан юм. Ямартай ч тэрбээр ялалт байгуулан парламентад тухалсан ч удаах сонгуулиар их улс төрөөс “зайлуулагдаж”, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллах болсон юм.
УИХ-ын 2000 оны сонгуулийн ялгуусан ялагдлынхаа дараа Ц.Элбэгдорж ч Харвардыг зорин одсон байлаа. Ц.Элбэгдорж, Д.Мөрөн нарын хоорондын харилцаа алсарсаар эдүгээ л хэвлэлийн хуудаснаа холбогдох болсон нь энэ. Харин одоо, тэр тусмаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар болох нь гэсэн яриа гарсан нь юуных вэ. Өнгөцхөн харахад олон нийтэд “Ц.Элбэгдорж, Д.Мөрөн нарын үед С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй хаачих вэ” гэсэн итгэл төрж болох юм.
Цагдаагийн дарга нарын халаа, сэлгээнд улс төр нөлөөлөх нь УИХ-ын сонгууль, түүний дараах шинэ Засгийн газрын эзэд хэн байхтай туйлын хамаатай байдаг нь дээрх түүхээс харагдаж байна. Тухайлбал УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ч.Амарболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Харамсалтай нь долоодугаар сарын 1-ний үймээний хэргээр буруутгагдах нь тодорхой болсон тул АНУ-ыг зорихынхоо өмнө буюу 2008 оны есдүгээр сард Д.Сандаг-Очирыг томилчихоод явсан юм. Энэ нь одоо хүртэл цээжээрээ хамгаалсаар байгаа Ц.Нямдорж найзынх нь зөвлөмж байсан нь ч тодорхой. Харин УИХ-ын сонгууль дөхөж буй энэ цаг мөчид байдал өөрөөр эргэх төлөвтэй байна.
Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирыг өрөөндөө дуудаж баахан загнасан. Чухам юу гэж загнасан тухайгаа вэб сайтдаа ч байршуулсан. Хамгийн гол нь “Төрийн генерал цолны түвшинд ажиллаж чадахгүй бол төр цолоо хураах болно шүү” хэмээсэн байгаа юм. Энэ анхааруулга “Д.Сандаг-Очирт эгдүүцээд байна уу. Эсвэл цолыг нь хураана гэж сүрдүүлээд байна уу” гэсэн эргэлзээг төрүүлж нэг хэсэгтээ л дуулиан тарьсан. Харин дээрх уулзалтаас хойш ес хоногийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэл гарсан байлаа. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг өөрчлөх гэж байна” гэсэн утгатай мэдэгдэл гарах болсон. Гэвч нийгэмд “Д.Сандаг-Очир энэ албан тушаал дээр удахгүй юм байна” гэсэн ойлголт хэдийнэ төрсөн байв.
Дараа нь АТГ-ын Мөрдөн байцаах албаны шийдвэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан. Мэдээж бөөн шуугиан дэгдэж, үймээн самуун үүсэх шахсан. Энэ нөхцөл байдлыг Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар “мэдээгүй” байгаа нь олон нийтийг бүр ч бухимдуулсан юм. Хүссэн, хүсээгүй тэд ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр харагдаж байв. Үүний дараа Д.Сандаг-Очир ХЗДХ-ийн сайдын өмнөөс хариуцлага хүлээж огцроход бэлэн байгаа тухайгаа ярилцлага өгөв. Ер нь Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаа цагт Д.Сандаг-Очир сандлаасаа ховхрохгүй” гэлцдэг нь үнэн. Энэ хоёрын амь нэгтэй байдгийн шалтгаан ч мөн л улс төртэй холбоотой. Гэтэл Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийн ганц “хайртай тоглоом”-ыг нь булааж авахаар санаархаж яаж чадав аа.
Хэдийгээр Д.Сандаг-Очирыг ажлаас чөлөөлөх эрх гагцхүү Ерөнхий сайдад л байдаг боловч ХЗДХ-ийн сайдтай зөвшилцсөн байх ёстой гэсэн үг хуульд бас бий. Нөгөөтэйгүүр “Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдлээс “Даанч надад эрх нь байхгүй. Гэхдээ…” гэсэн өнгө аяс цухалзаж байсныг уншигчид анзаарсан байх. Тэгэхээр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Д.Сандаг-Очирыг солих уу. Эсвэл тогтвортой байдлыг буй болгож байгаад сонгуулийн дараа, шинэ Засгийн газраар “могой бариулах уу” гэдгийг С.Батболдын мэргэн ухаан шийдэх болж байна.
Сэтгэгдэл ( 0 )