Оюу толгойн гэрээ монголчуудад ашигггүй болсон тухай мэдээлэл дахиад л олныг цочирдуулж эхэллээ. Уг гэрээг хийсэн улс төрчид харин амаа хамхих болов. Тэд энэ гэрээг хамгаалах гэж оролдоод нэмэргүй ажээ. Үнэн юм үнэнээрээ байвал сайхан харагддаг. Гурван жил гаруйн өмнө бол тэд Оюу толгойн ордыг ашиглаж эхэлмэгц Монгол айл өрх бүр баяжих ухааны юм хэлдэг байлаа. Худал үгийг мянга давтахаар үнэн мэт болдог гэсэн зарчмаар ажилласан нь тэр л дээ. Гэлээ ч худал юм худлаараа дуусдаг юм байна.
“Айвенхоу майнз”-ийн эзэн Р.Фрийдланд хорь гаруй жилийн өмнө олон улсын хөрөнгийн бирж дээр аравхан мянган долларын хувьцаа гаргадаг тарчигхан нэгэн байсан гэдэг. Латин Америкт цианит натриар байгаль орчныг хордуулсан хэргээр шүүхэд дуудагдаж явахдаа ч иймэрхүү хэмжээний хөрөнгөтэй байжээ. Аз болоход түүнийг төрөлх эх орон Канад нь ивээлдээ авч, Америкийн шүүхээс ямар нэг хариуцлага үүрэлгүй гарсан байв. Дараа нь Иракт өөрийн төрөл садангийнхнаас илгээж нефть рүү дайраад гавьтай амжилт олоогүй. Харин Канад нөхдөө дагуулан Ази руу олз хайхаар зүлгэхдээ Монголын баялгийг олоод харчихсан сүүхийтэй эр аж. Баялгийн төлөө Бирмд хийсэн аллагыг нь Монголчууд бүгдээрээ мэддэг. Гэхдээ бид манай эрх баригчдын түүнтэй хийсэн далд түншлэлийг эхний үед сайтар ухаараагүй байж болох юм. Юутай ч Р.Фрийдланд Монголд ирээд 10 гаруй жил луйвраар ажиллахдаа Канадын шилдэг 15 бизнесмений тоонд багтаж амжсан байна.
Р.Фрийдланд Монголын улс төрчдөөс хэн хэнтэй нөхөрлөж, ашигт малтмалын хуулиас нь эхлээд Оюу толгойн гэрээг хийх хүртэл хуйвалдааныг яаж зохион байгуулсан тухай ерөнхий бүдүүвчийг уншигчид маань манай сонины №94/172/ дугаараас ойлгож авсан байх. Одоо цааш үргэлжлүүлэн сөхөөд үзье.
2006 оны ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр тухайн үед улс төрчид, иргэний байгууллагууд, эрдэмтэдийн дунд томоохон маргаан өрнөж байлаа. Энэ хуулийг зөвхөн лиценз хуваарилах төдий хууль болгож батлуулах сонирхол Канадынханд, ялангуяа Р.Фрийдландын багийнханд зонхилж байжээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Одхүү хожим нь ажиллахдаа тэдний лоббид өртсөн хэмээн доктор С.Авирмэд гуай одоо ч бухимдсаар. Хуулийг өөрсөддөө ашигтайгаар батлуулсан Фрийдландынхан Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Засгийн газрыг ч залуурдаж байв. Энэ төслийг батлахад хамгийн гол зүйл нь Оюу толгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл байлаа. Үүнийг бодитойгоор хийхийг албаныхан төдийгүй жирийн иргэд ч хэлж, шаардсан боловч бүтээгүй. С.Баярын Засгийн газар техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэхээр Америкийн “Голдман сакс” банкны мэргэжилтнүүдийг урьсан нь бас нэг том хуйвалдааны эхлэл болсон юм. “Голдман сакс” Оюу толгойн техник эдийн засгийн үндэслэлийг хийхдээ Монголын талд 15 тэрбум ам.долларын алдагдалтайгаар тооцоолсон гээд та бодоод үз л дээ. Тэгвэл “Айвенхоу майнз”-ынхан Эрдэс баялгийн зөвлөлд хамгийн сүүлд барьж орж ирсэн техник, эдийн засгийн үндэслэлдээ Монголд таван тэрбум ам.долларын алдалтай тусгасан байлаа. Шоглоом, тохуурхал гэж эдгээрийг л хэлэх болов уу. Ингээд эцэст нь Эрдэс баялгийн зөвлөлийнхөн ийм будлиантай техник эдийн засгийн үндэслэлийг засвартайгаар хүлээн авчээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгаа, шинжилгээний албанаас гаргасан дүгнэлтэнд “Оюу толгойн ордын нөөц нь бүрэн тогтоогүй, улсын нөөцөд бүртгэж аваагүй байхад баталгаажаагүй нөөцийг ашиглах эрхийг урьдчилж олгосон нь ашигт малтмалын тухай хуулийн 30.1.1., 30.1.2. дахь заалтыг зөрчжээ” гэсэн байна. Мөн Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир “Оюутолгойн гэрээ Монголын талд 60 хувийн баталгаат ашигтай гэж мэдэгдсэн ажлын хэсгийн ахлагч Сангийн Яамны сайд асан С. Баярцогт, 56 хувиас дээш ашигтай гэж мэдэгдэж байгаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарын удаа дараагийн мэдэгдэл ямар их алд дэлэм зөрүүтэй болохыг Хамтарсан Засгийн газрын боловсруулсан техник эдийн засгийн тооцооны үзүүлэлтүүдийг, “Айвенхоумайнз Монголия инк” ХХК-ний боловсруулсан Оюутолгой төслийн ТЭЗҮ-д тусгагдсан санхүү эдийн засгийн үзүүлттэй харьцуулсан судалгааны тоо баримтууд яруу тод харуулж байна” гээд доорх хүснэгтээр дарга нарт үзүүлжээ.
Техник эдийн засгийн үндэслэлийг буруу ташаа хийх, ялангуяа санаатайгаар худал гаргах нь гэмт хэрэг юм. Тиймээс өнөөдөр Польш улсын хуульд ийм төрлийн гэмт үйлдэл хийсэн этгээдэд доод тал нь гурван жилийн хорих ял оноож байна. Гэтэл манайхан гэмт хэргийг өөгшүүлээд л, лут байгаа биз. Монгол улсын өмчийг Айвенхоу нэртэй хэд хэдэн компани өөр хоорондоо наймаалцаж, ашиг орлогыг нь хувааж эзэмших гэрээ хийснийг судлаачид энэ мэтээр хангалттай нотолсон юм. Судлаачийн бас нэг дүгнэлтэнд “Өмчийн эзэн болсон Монгол улс 34 хүртэл хувиа олж авах гэж зовж байхад,Айвенхоугийн хоёр компани 20-30 хувийг төвөггүй эзэмшиж, тохиролцож чадаж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсанаар Айвенхоу ВНР Minerals Exploration Inc. (BHP) компанид эцсийн бүтээгдэхүүнээс олох ашгийн хоёр хувийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Харин уг хоёр хувийн төлбөрийн үүргийг Айвенхоу дараа нь худалдаж авсан байлаа. Эдгээр баримтаас үзэхэд, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж, бидний өмчийг захиран зарцуулах санаархлаа аль хэдийнээ хэрэгжүүлж эхэлжээ” гэсэн байна.
Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдээ тоодоггүй төр засгийн шийдвэр элс рүү ус асгахтай адил ажээ. Үл тоохын цаана ихээхэн учир шалтгаан бий. Энэ нь мэдээж эрх мэдэлтнүүдийн хувийн явцуу ашиг сонирхол. Хууль санаачлах, хууль тогтоох эрх мэдлийг үндэсний эрх ашигтайгаа нийцүүлэхгүй л юм бол бид УИХ, түүний гишүүдэд итгэж суугаад яах билээ. Сонгуулийн хувьсгал хийх цаг болжээ хэмээн цээжээ дэлсэгчид зүгээр нэг хоосон хийрхээгүй юм шиг байна. Оюу толгойн гэрээг одоогийн парламент өөрчилж чадахгүй нь ч тодорхой болов бололтой. Тиймээс дараагийн парламент, Засгийн газарт найдахаас аргагүй. Яагаад гэвэл Оюу толгойн алдагдалтай гэрээг энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй.
Саяхан “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр хувь эзэмшил, Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлдөө өөрчлөлт хийлээ. Рио Тинто нь Оюу толгойн 66 хувийн эзэмшлийн 51 хувийг гартаа авав. “Айвенхоу майнз” компани энд ердөө л 15 хувийг эзэмших болж байна. Төлөөлөн удирдах зөвлөлд Айвенхоугийн нэг л хүн үлдэх боломжтой. Гэвч Рио Тинто бүх төлөөллийг өөртөө авч үлдэж байна, Монголын талаас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх П.Цагаан нарын гурван хүнийг эс тооцвол шүү дээ. Манай гурав бол шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжгүй. За, энэ яахав, байж болох л асуудал. Харин хамгийн адармаатай бас нэг юм байна. Хэрвээ Р.Фрийдланд Оюу толгойн үлдсэн хувиа ойроор нь хятадуудад худалдвал яах вэ. Монголын хууль эрх зүйн орчин нь харийнханд илүү ашигтай байгаа нөхцөлд тэр ийм наймаа хийж хөрөнгөө өсгөж чадна. Хятадын “Чалко” компанид “Саусгоби сэндс”-ийнхээ хувьцааг үнэ хүргээд зарчихаж байгаа юм чинь Оюу толгойн эзэмшил хувиа хэнд, яаж зарах нь түүний толгойн өвчин болохгүй. Монголчууд ямар хувьцаа худалдах зэргийг хуулиараа зохицуулж мэдэх биш гэж тэр одоо бодож суугаа биз.
Р.Фрийдланд Монголд уул уурхайн хайгуулын 170 гаруй лицензтэй. “Саусгоби сэндс”-ийг нэг сая ам.доллараар босгож тордсоныхоо төлөө энэ компанийн мэдэлд Монголын говь талаас 800 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой боллоо. Дээр нь “Энтри” компанийнх нь хориод өрөмдлөгөөр олдсон асар их алтны нөөц бий гээд тоолоод байвал барагдамгүй олон юм байнаа, түүнд. Гэхдээ тэр одоохондоо 49,9 хувийг нь эзэмшдэг “Саусгоби сэндс”-ийг Хятадын зах зээл дэх гол хөзрөө болгох болов уу. Энэ компанийнх нь 28 хувийг Хятадууд авсан. Тэгээд ч тэд Монголын нүүрсийг урагш нь маш хямдаар хил давуулан төмөрлөгийн үйлдвэрүүдээ тэтгэж, аль аль нь өндөр ашиг хүртэхээр улайрч байна.
Хятадын тал хоёр, гурван жилийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан “Бид Оюу толгой руу чинь ормоор байна” гээд байсныг анзаарахгүй орхиж болохгүй байх. Оюу толгойн төсөлд шууд оролцох ганц боломж нь хувьцаа худалдан авах. Р.Фрийдландын Оюу толгой дахь нэгж хувьцааны үнэ Торонтогийн бирж дээр одоохондоо 16 доллар байгаа. Түүний луйврын талаарх хэл ам хэрүүл шуугиан олон улсын хэмжээнд өндөр аваад эхэлбэл хувьцааны үнэ унаж таарна. Хятадууд ч ийм мөчлөгийг тэсэн ядан хүлээж байна.
Хойд хөрш Оросууд уул уурхайн салбартаа манайхан шиг ер тэнэгтэхгүй байна. Дээр үеэс хүнд аж үйлдвэртэй ноцолдсон болохоор арга ч үгүй байх. Тэд одоо гадаадынхны өмчийн эрх мэдлийг 49 хувиас огт хэтрүүлэхгүй байгаа. Ялангуяа уул уурхайнхаа 51 хувийг Оросууд шууд өөрсдийн гарт оруулдаг болжээ. Хажууд нь Монголчууд бид Оюу толгой дээрээ 34 хувь хэмээн молигодуулж, үнэн чанартаа зургаахан хувьтай, тэр бүү хэл бөөн алдагдалтай, өрийн данстай тууж явна. Саяхнаас ганц нэг улс төрч нь “Бид хэдэн жилийн өмнө стратегийн хөрөнгө оруулалтын хууль санаачилсан чинь энэ олигархиуд унтуулсаар өдий хүрчихлээ” гэх ухааны юм яриад шоугаа хийж байна. Тийм л сүрхий амьтад юм бол тэр үед нь гудамжинд ч гэсэн гараад олигархиудтайгаа тэмцэхгүй яав. Худлаа байхүй юу. Одоо харин Оюу толгой дахь Фрийдландын мэдлийн 15 хувийг Хятадууд хэдэн доллараар авах бол доо. Хэн, хэдэн хувьцаа авч буйг нь мэдэхгүй суутал Оюу толгойн гэрээний луйврын дундуур тэдний арилжаа ороод ирэхийг хэн ч үгүйсгэхгүй байна.
Б.Отгонбаяр
"Үндэсний мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )