Д.Энхцэцэг: Хоёрдугаар сараас хойш бүх мэдээлэл хаалттай болж, ажил зогссон

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25



Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Саяхан Улсын бүртгэлийн газарт яг юу болоод өнгөрөв өө?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан цагаасаа эхлэн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Бид бүртгэлийн байгууллагын "бүхий л шатанд бүртгэлийн нэгдсэн аргазүй, бодлого, чиглэлтэй, үйл ажиллагааны нэг стандарттай, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 9-нд манай Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн юм. Бүтцийн өөрчлөлтөөр Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг нийлүүлж Бүртгэлийн газар болгосноос өөр өөрчлөлт хийгдээгүй байна билээ. Тус тусдаа бие даасан хуультай, өөр, өөр эрх зүйн актуудаар бүртгэл нь хөтлөгддөг, чиг үүрэг нь ч өөр гурван газар шүү дээ. УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын хувьд УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах болон сонгогч шилжих, сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлэхэд хуулиар үүрэг хүлээсэн хариуцлагатай үе ирчихээд байна. УИХ-ын ээлжит сонгууль явуулахад хоёр сарын хугацаа үлджээ. Гурван жил гаруйн хугацаанд хэвийн ажиллаж байсан бүтцийг яг энэ үед өөрчлөх ямар шаардлага байсан юм бол. Ойлгохгүй л байна даа.

-Ирэх сонгуулийг будлиангүй явуулах тал дээр эртнээс бэлдэж олон ажлыг хийсэн. Ер нь Иргэний бүртгэлийн газрыг өөрчлөн байгуулахаас өмнө ямар ажлууд хийгдэв?

-Цахим мэдээлэл бүхий иргэний үнэмлэхээр сонгогчийг сонгуульд оролцуулах нь сонгуулийг будлиангүй явуулах чухал ажил байсан. Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт иргэний үнэмлэх авах иргэдийн мэдээллийг цуглуулах, хоёрдугаарт иргэдэд иргэний үнэмлэхийг хэвлэж олгох, гуравдугаарт иргэний үнэмлэхээр сонгогчийг сонгуульд санал өгүүлэх шаардлага тулгарсан. Бид иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн сан, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл болох иргэний хурууны хээний бүртгэлийн санг үүсгэхээр 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн УИХ, Засгийн газарт энэ талаар танилцуулж, зарим тогтоол, шийдвэрүүдийг гаргуулж ажилласан байгаа. Тэгээд иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил 2010 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн юм. Одоогийн байдлаар бүртгэгдвэл зохих 16-аас дээш насны иргэдийн 96.4 хувь буюу нэг сая есөн зуун ерэн нэгэн мянга 590 иргэн бүртгэлд хамрагдаад байгаа. Бүртгэлд хамрагдсан иргэдийн гурван иргэн тутмын нэг нь буюу зургаан зуун гучин гурван мянга нь иргэний бүртгэлийн мэдээллийн санд мэдээллийн зөрчилтэй байсныг засварласан. Тухайлбал мэдээллийн санд бүртгэлгүй байх, эцэг эхийн нэр, нэрийн үсгийн алдаа, регистрийн дугаар давхардсан гэх мэт зөрчлүүд илэрсэн. Шинэчилсэн бүртгэл явуулснаар иргэд бичиг баримтын зөрчлөө арилгуулахаар манай байгууллагад хандах нь эрс нэмэгдэж бид өнгөрсөн хугацаанд их ачаалалтай ажилласан. Энэ хугацаанд өөр орон нутагт шилжин очсон мөртлөө бүртгэлээ хийлгээгүй засаг захиргаа завсардсан 136 мянган иргэн оршин суух хаягийн бүртгэлээ хийлгэж, 70 мянган иргэн хугацаа нь дууссан иргэний үнэмлэхээ солиулсан. Мөн өөр орон нутагт иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, шилжин очсон хаяг нь тодорхой 161 мянган иргэний хувийн хэргийг холбогдох бүртгэлийн байгууллагуудад нь хүргүүлсэн гэх мэт нэлээд ажил явагдаж байгаа юм. Ийм л ажлыг амжуулсан даа.

-Цахим үнэмлэхийг тараах ажил хойшиллоо. Энэ яг ямар шалтгаантай вэ?

-Бид нэгдүгээрт иргэний үнэмлэх бүхий иргэдийн мэдээлпийг цуглуулчихлаа. Мэдээллийн сангийн зөрчлүүдийг нь засварласан. Иргэдийн гар дээр байгаа баримт бичгийн зөрчлийг арилгаж, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээнд суурилсан цахим мэдээллийн сан бий болгосон. Холбогдох тогтоол шийдвэрүүдийг Засгийн газарт оруулан батлуулсан. Зөвлөх үйлчилгээ авах, тендер зарлах, гүйцэтгэгч шалгаруулах, орон нутгийн бүртгэлийн байгууллагын ажилтны сургалт зохион байгуулах, үйлдвэрийн байрыг засварлах гэх зэрэг бэлтгэл ажлыг хангасан. Ингээд АНУ-ын "Датакарт" компаниас иргэний үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмж энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр нийлүүлж, холбогдох мэргэжилтнүүд Монголд ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсран, серверүүдийг суурилуулсан. Ингээд иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил үндсэндээ бэлэн болсон юм. Харин хоёрдугаар сараас эхлэн манай ажил хэрхэн, хаана явагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон гэж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л манай байгууллагын ажил гардаг болсон юм. Бид хэвлэл мэдээлэл, интернетээс л мэдээллээ авдаг болсон гэсэн үг.

-Ухаалаг үнэмлэхийг туршилтын журмаар хэвлэж эхэлнэ гэж байсан. Энэ ажил хийгдсэн үү?

-Бид иргэний үнэмлэхэд мэдээлэл оруулах, үйлдвэрлэх, тараах зэрэг асуудлаар "Ажлын хэсэг"-үүд байгуулан ажиллаж байсан. Бүхий л ажлаа хуваарийн дагуу явуулдаг байлаа. Гэтэл хоёрдугаар сарын 1-нээс хойш бүх мэдээлэл хаалттай болж ажил урагшлахаа больсон юм. Тэгээд туршилтаар ямар ч үнэмлэх хэвлэж үзээгүй.

-Яг юутай холбоотойгоор энэ ажил саатсан гэж та үзэж байгаа вэ?

-Үүнийг би хэлж мэдэхгүй байна. Би энэ ажилд анхнаасаа оролцож, зарим асуудлыг нь зохион байгуулан ажиллаж байсан. Гэтэл сүүлдээ ажил яг яаж явагдаад байгаа нь мэдэгдэхгүй болсон.

-Энэ үед танай газрын даргаар Л.Амарсанаа ирсэн бил үү?

-Тэгсэн.

-Л.Амарсанаа даргыг ирснээс хойш ажил урагшлахаа больсон гэсэн үг үү?

-Үнэндээ бол мэргэжлийн газартайгаа иргэний үнэмлэх хэвлэх ажлын тухай ярихаа больсон. Тэгэхэд манай газрын иргэний үнэмлэхийн тусгай захиалгат ажилд Тамгын газрын 2-3 мэргэжилтэн оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгч эхэлсэн. Эдгээр ажилтан бүртгэлийн тухай мэдэхгүй шүү дээ. Уг нь бид иргэний бүртгэлийн газарт иргэний үнэмлэхийн хэлтсийг байгуулахаар ажиллаж байсан юм. Иргэний үнэмлэх хэвлэх ажил 21 аймгийн бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар дээр явагдаж байсан. Харин иргэний шинэ үнэмлэхийг нэг газар үйлдвэрлэж, 500 гаруй сум, хороогоор тараахаар болсон. Мөн үүнийг хэвлэх ажлыг нь Мэдээлэл технологийн газар, иргэний үнэмлэхийн мэдээллийн үнэн зөвийг шалгах ажлыг Иргэний бүртгэлийн газар дээр хийхээр төлөвлөсөн байдаг. Иргэний бүртгэлийн газар шинэ программ хангамжийг хэрэглээнд оруулахаар Интерактив компанитай хамтран ажилласан. Бүртгэлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үнэн зөв, саадгүй хүргэх найдвартай ажиллагаатай бүртгэлийг сум, хороо, дүүрэгт цоо шинэ программаар хийх ажлыг эхлүүлсэн. Төрөлт гэрлэлтийн гэх мэт иргэний гэр бүлийн найман төрлийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний, иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл энэ сарын 10-наас эхлэн шинэ бүртгэлийн системээр явагдах ёстой байсан.

-Иргэний бүртгэлийн газраас хийсэн бүх ажил энэ сонгуулиар хэрэглэгдэхгүй гэсэн үг үү?

-Төрийн ажил юм чинь тасралтгүй явагдах байх. Бидэнд хийж байсан, хийхээр төлөвлөж байсан    ажил нэлээд байсан.

Л.Мөнх

 Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top