Фельетон
Хорьдугаар зууны дал наяад оны заагаар зохиолчдын хороонд нэг хөгийн явган шог ярьж хөхрөлддөг байсан санагдана. Юун хэмээвээс, нэгэн эрийн эхнэр нь ондоо эр лүгээ явалдаад байх шиг байж. Тэгээд барья байз чамайг гэж бодоод нэгэнтээ эхнэртээ “Албан ажлаар арав хоног хөдөө явах боллоо” гээд аян замын юм аяганы хийц төхөөрүүлж аваад яваад өгчээ. Хашир эр нэгэн найзындаа очиж ганц лонх юмны уг дээр сууж шөнө дунд өнгөрөөгөөд гэртээ ирж, хаалгаа сэмээрхэн онгойлгоод ороод ирсэн чинь эхнэр нь нэг эртэй өврөлдөөд сур шиг сунаж, сухай шиг улайчихсан ухаан жолоонгүй унтаж байв гэнээ. Авааль эрийн уур нь дүрсхийгээд хамаг бие нь өгзөгөө хүртэл халуу шатаад явчихсан юм байх. Шүдээ тас зуугаад нүдээ час улайлгаад “Ална даа та хоёрыг” гэж чимээгүй хяхатнан занаад гал тогоондоо орж, хамгийн том балиус хутгаа авч эргэж орж ирээд өнөө хоёрын хөнжлийг хуу татаад хаясан чинь дарга нь өөдөөс нь чармай өндийгөөд ирж гэнээ. Мань хүн амаа ангайж нүдээ бүлтийлгэн “ Ээ...даргаа...” гэж ээрч мэгдэн хутгаа ардаа нууж, бөгсөөрөө ухарч өнөөх халуун өгзөгөөрөө хүйтэн хананд тулж жаахан сэхээ оронгуутаа “ Манай даргын зөб” гэж хоолой зангируулаад ардаа агч хутгаа хошногныхоо ац тушаа өмднийхөө захруу шургуулсан юм гэнэ билээ гэсэн явган шог. Хэн юуны учир хэзээ зохиосныг бүү мэд. Ер нь тэр цагт иймэрхүү явган шог зохиолчдын хороогоор их гардаг байсан л даа.
Саяханы болсон нэг явдлыг зурагтаар харж суутал энэ явган шог өөрийн эрхгүй санаанд оров шүү. Чухам юун хэмээвээс,манай нэгэн их том даргыг цагдаа нар баривчлан шоронд хийх гэж байнаа. Энэ хүнийг шоронд хийнэ гэж байдаг аа таминь? Ёстой л мөнөөх “Амьд явсан хүн тэмээний зулзага үздэг байна” гэгч л энэ байгаа даа. Гэхдээ, аргагүй том дарга болохоор нь эгэл муу биднээс шал ондоо янзаар баривчилж байх юм аа. Арга ч үгүй байлгүй дээ. Төрийн өндөр өндөр сэнтийд угсруулан угсруулан заларсан энгүй том дарга юм чинь,мань мэттэй яаж зүйрлэх вэ,Бурхан минь. Эгэл нэгнийг бол цагдаа нар хоёр гарыг гавлаж,хоёр хөлийг гинжилж,эрүү өвдөг хоёрыг нийлүүлэн эвхэртэл хүлж байгаад машины тэвш рүү шидчихээд аваад явдаг даа. Тэгвэл мань даргыг болохоор олон хүн гар дээрээ өргөөд хоёр хөлийг нь мөрөн дээрээ тавьчихсан,яг л хуучин цагт Манжийн хааныг залж яваа лугаа адил аваад явж байх юм.
Энэ явдлыг үзэж, даргаа өрөвдөхдөө:
-Манай даргаас савраа тат.
-Манай даргыг суллан тавь.
-Манай дарга мандтугай.
-Ура ура ура...хэмээлдэн бахиралдаж ийш тийшээ гүйж үймэлдэх олны дотор мөн тийн асан хоёр эр өвөр зуураа хөөрөлдөж байх юм гэнээ.. Саяхь хоёрын нэг нүдэндээ шил зүүсэн хар хөмсөгт эр жаахан эргэлзэж тээнэгэлзсэн янз бүхий ахул нөгөө нэг жартгар нүдтэй булцгат хацартай нь харин огоот үл эргэлсэн царай ил гаргаж,ийн хөөрөлдөх ажгуу:
Эргэлзэгч эр буюу Эргэл:
-Үгүй хө,манай дарга ингэж муугаа үзэж байхаар тэр дуудаад байгаа цагдаа магдаад нь очоод үнэнээ хэлчихээд гараад явчихаж болоогүй л юм байх даа? Хүмүүс танай дарга шалгуулахаасаа яагаад айгаад байгаа юм бэ? Нэг л биш дээ гээд даапаалаад зовоогоод байх юм.
Үл эргэлзэгч эр буюу Үлэргэл:
-Чи юу хэлнэ вэ? Манай дарга тэр муусайчуулд дуудагдаж очоод байх даа яадаг юм бэ?
Эргэл:
-Үгүй яах вэ дээ хө,тэр хууль муулинд нь...
Үлэргэл:
-Тэр муу хууль мууль нь манай даргад ямар хамаа байсан юм бэ.
Эргэл:
-Үндсэн хуулинд...
Үлэргэл:
-Үндсэн байтугай үндэсгүй хууль ч байсан ямар хамаа байдаг юм бэ.
Эргэл:
-Байшин хашаанд орж нуугдлаа барьлаа гээд...
Үлэргэл:
-Байшин хашаанд байтугай байцын агуйд нуугдсан ч манай даргын дур.
Эргэл:
-Манай муу даргыг долоо найман тэрбумыг цохичихсон л гээд байх юм даа?
Үлэргэл:
-Худлаа хуцацгааж л байхгүй юү .Манай даргыг дахиад дарга болчихно гэж айхдаа л тэгэж гөрдөж байхгүй юү. За ер нь тэгээд цохисон ч байсан яадаг юм бэ.Манай дарга ганцаараа цохио юу?
Эргэл:
-Ганцаараа цохиогүй нь ч үнэн л байх л даа. Гэхдээ...түмний юмыг хулгайлна гэдэг чинь...жаахан муухай л юм даа.
Үлэргэл:
-Хөе хө чи сэрээч. Чи чинь өнөөх социализмдаа сууж байна уу? Наана чинь хорин нэгдүгээр зуун гарчихсан, Монгол орон капитализмд орчихсоныг мэдээгүй явна уу,чи?
Эргэл:
-Мэдэх нь ч мэдэж л байна л даа...
Үлэргэл:
-Тэгээд?
Эргэл:
-Дэлхий дахины жишгийг харахад...капитализм гэхээр л олны мөнгө зоос, хөрөнгө зөөрийг идэж завшаад байдаг ч үгүй л юм шиг. Манай дарга чинь элдэв шалдав юманд нэр холбогдоод байхааргүй, овоо юмтай болсон хүн баймаар юм даа.
Үлэргэл:
-За чи битгий онолдоод бай. Онол практик хоёрын хооронд алд дэлэм зай байдаг юм. Манай дарга тэрнийг сайн мэддэг сүйхээтэй хүн. Одоо чинь мөнгөгүйгээр юу ч хийх боломжгүйг сайн мэдэж байгаа хүн. Энэ амьдрал чинь мөнгөн дээр л тогтож байдаг юм. Хэнд мөнгө байна тэрэнд юм бүхэн бий болно.
Эргэл:
-Амьдрал хайр дээр тогтдог гээд дуулаад байдаггүй билүү?
Үлэргэл:
-Дуунд л тэгж байдаг юм. Тэр шүлэг мүлэг бичдэг солиотой амьтас л тэгж донгосож байдаг. Тиймдээ ч тэд нар чинь мөнгө хөрөнгөгүй ,дүүрсэн гуйрамч амьтас байдаг юм.
Эргэл:
-Орчлон шунал дээр тогтдог байж ч магадгүй л дээ. Харин яруу найрагч нар гэдэг чинь...
Үлэргэл:
-Яруу найрагч нар юу гэж? Тийм л сүрхий амьтас юм бол яагаад,амьдрал хайр дээр тогтдог гэж худлаа хуцаж байдаг юм бэ,тэд нар чинь?
Эргэл:
-Мн...юу л даа хө...
Үлэргэл:
-Юу мн гэж дүлэгнээд байгаа юм бэ, чи?
Эргэл:
-Үгүй яах вэ дээ, зохиолчид гэдэг чинь баахан тэрслүү хүмүүс...
Үлэргэл:
-Аа үхсэн хойноо тэрслүү болов гэж дээ. Аягүй бол тэд нар чинь маргааш л манай даргаас хишиг горьдоод тал засаж бялдуучлана даа,чи харж л байгаарай. Манай даргыг эрх мэдэл бүрэн байхад нь тэд нар чинь шагнал горьдож, өлмийг нь долоож, нь үнсэх шахаж яаж шившигтэй аашилдаг байлаа даа? Чи мартчихаа юу?
Эргэл:
-За тэр зохиолч нар ч яах вэ. Манай даргыг ингэж хорьж байцааж байгаад арай бүр шоронд хийчих юм биш байгаа даа,хө?
Үлэргэл:
-Чадахгүй ээ. Манай дарга цаадуулын чинь хамаг хулгайг нэгд нэггүй мэдэж байгаа шүү дээ. Тэрнээ илэрч, тогой дээгүүрээ дээлээ нөмрөхөөс айгаад цаадуул чинь манай даргыг шоронд хийж чадахгүй. Чи харж л байгаарай, манай дарга удах ч үгүй гараад л ирнэ. Гарч ирээд урвагч шарвагч нартай ч ёстой нэг тооцоо бодно доо. Тэр цагт муу сайн юмнуудын яаж байхыг нь харах юм хуна.
Эргэл:
-Ээ мэдэхгүй. Манай даргыг чинь бүх л бүтэн улсын үйлдвэрийн газар цохичихсон л гээд байдаг шүү дээ, хө.
Үлэргэл:
-Үхсэн хойноо, үйлдвэрээ хат. Аль дивангарт нурж унах шахсан хэвлэх үйлдвэрийн муу байшин шүү дээ.
Эргэл:
-Өнөөх Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр биз дээ, тэр чинь?
Үлэргэл:
-За аа, хэний нэрэмжит нь ямар хамаа байсан юм бэ.Тэрэн дээрээ тулах юм бол, тэр Сүхбаатартай нь туучихсан ч яадаг юм бэ.
Эргэл:
-Гол нь тэр муу нурсан байшинд биш,төрийн ордны дэргэд байдгаараа газар нь гуч дөчин тэрбум хүрнэ л гэх юм байна шүү дээ. Тэр газарт манай даргыг бас нэг сэлмэн байшин барих гэж байгаа ч гэх шиг.
Үлэргэл:
- Манай дарга сүйхээтэйдээ түрүүлээд авчихсан болохоор л атаархаад боож үхэх бор шидмэс олдохгүй байгаа юм тэд нарт. Түрүүлээд авчихсан манай даргын зөв. Өөрийнхөө газар дээр сэлмэн байтугай жадан байшин ч барьсан яадаг юм бэ.
Эргэл:
-Нэг зочид буудлын яриа гараад л байх юм.
Үлэргэл:
-Тэр муу зочид буудал ч юухан байх вэ. Тэр байтугайгий нь луйвардчихсан этгээдүүд бишгүй дээ бий. Манай даргын хүү ааваа дуурайсан сүүхээтэй сэргэлэн л хүүхэд байгаа биз. Энэ муусайчууд тэнэг хүүхэдтэй болохоороо атаархаж байгаа юм.
Эргэл:
-Тийм нь тийм л байх л даа. Тэгэхдээ манай даргыг тэдний нэг гэж бодохоор л жаахан...
Үлэргэл:
-За чи больж үз. Баригдахаасаа л айдаг болохоос биш хулгай хийхээсээ ичдэг монгол хүн нэг ч байхгүй.
Эргэл:
-Мн...?
Үргэл:
-Тийм байхгүй яах юм бэ.
Эргэл:
-Ёстой мэдэхгүй юм аа. Манай даргыг чинь өчнөөн төчнөөн юм луйвардаад идчихсэн л гээд байх юм даа.
Үлэргэл:
-Улсын эзэн байсан хүнд тэр дүнгийн юм юу байдаг юм бэ. Нүх сүвийг нь олоод сүүхээ гаргаад авчихсан манай даргын зөв. Хаялга нь бидэнд ч ирэхийг хэн байг гэх юм бэ. Манай дарга чинь хамууддаа хоосон байдаггүй хүн шүү. Манай даргын буянаар хөлжиж баяжсан этгээдүүд олон бий дээ. Харин тэд нар одоо манай даргыг төрийн эрх мэдэлгүй болчихоор урваж шарваж байна. Манай дарга тэд нартай тооцоо бодохоо л бодно доо.
Эргэл:
-Үгүй тэр нэг шашны юмны тухай яриа их эвгүй юм аа. Бурхан шашин буян номын юмыг манай даргыг замаас нь хулгайлчихсан гээд л байх юм даа. Манай дарга чинь сүүлийн жилүүдэд энд тэнд сүм хийдээр яваад л мөргөж сөгдөөд л Бурханд их сүсэглэдэг хүн шиг байсан чинь... Аль эсвэл ,Бурхан шашны юм авчихсан нүглээ цайруулах гэж л тэгдэг байсан юм болов уу? Ухаантай хүн болохоороо?
Үлэргэл:
-Манай дарга бурхан шашинд тэрнээс хавьгүй их буяныг үйлдсэн дээ. Тэр жаахан юм яадаг юм бэ.За за тэгж л байг.Гайгүй ээ, тэд нар амаа барих цаг ирнээ, гайгүй.
Эргэл:
-Үгүй хө,манай даргыг арай ингээд бариад аваад явах юм биш байгаа даа? Хууль шүүхийн өмнө хүн болгон эрх тэгш гээд аваад явбал яадаг билээ байз?
Үлэргэл:
-Бид нар даргаа зүгээр ингээд өгөөд явуулахгүй шүү. Амиа хайрлахгүй үзэлцэнэ дээ. Машины нь зам дээр хөндлөн хэвтчихнэ дээ.
Эргэл:
-Энүүхэндээ гэхэд манай даргад ийм юм тохиолдож байгаад би ч бас буруутай хүний л нэг юм шүү дээ,хө.
Үлэргэл:
-Юу гэнээ? Чи чинь юу хэлэх гээд байна? Чи даргыг матаж хошуу худалдсан юм биш биз,хө? Одоо ч хүнийг итгэх аргагүй болсон цаг шүү...
Эргэл:
За яалаа гэж дээ.Чи яасан муухай санаатай юм бэ? Би өөр...
Үлэргэл:
-Тэгээд манай даргыг баригдахад чи яахаараа гэмтэй байдаг юм бэ?
Эргэл:
-Би чинь...шинэ үндсэн хуулийг баталсан депутатын нэг шүү дээ.
Үлэргэл:
-Тэгээд?
Эргэл:
-Үгүй яах вэ дээ, хө.Монгол улсад оршин суугаа хүн болгон хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг их дэмжсэн хүний нэг нь би юм л даа. Тэр заалтаас болоод л манай дарга өнөөдөр баригдахдаа тулаад байхаар л жаахан санаа зовоод...
Саяхь хоёрыг чингэж хөөрөлдөж атал гэв гэнэт:
-Хүйе таминь ээ, аваад явлаа.Яадаг билээ. Урд нь орж, замыг нь хааж зогсоогоорой. Дайраад даргаа булаагаад аваарай. Энэ эрчүүл юугаа хийгээд хөдөлж чадахгүй, хулчийгаад байгаа юм бэ?. Хүүе, хайя гэлцэн орилж бархирч, шуугиан дэгдэж, нэгийн зэрэг бүсгүй авааль эрээ аян дайнд мордуулж амьдын хагацал үзэж буй эхнэр лүгээ адил орь дуу тавин уйлан хайлж, нус нулимстайгаа хутгалдах тэргүүтэн сүйд майд болов гэнээ.Тэгээд тэгээд тусыг эс олж, хэдэн хүн мөнөөх хайрт даргыг нь мөрөн дээрээ өргөөд аваад явж одожихуй.
Үлэргэл үзэнгүүтээ ухас хийн дайрсан ахул Эргэл харин яах ийх ээ мэдэж ядан эг маг гэж дороо зогсох зуураа “Хүүе, манай дарга ямар сайхан оймстой юм бэ.Ёстой л хүрэн шандан оймс байна даа. Лав арван долларын...үгүй ээ яалаа гэж манай дарга аравхан долларын оймс өмсөж байх юм бэ Аягүй бол зуун доллар ч байж мэднэ. Дэлхийн банкны захирал Вүльфенсон нэгэнтээ цоорхой оймстой байхыг даяар дэлхий зурагтаар харж гайхаж шуугиж билээ. Тийн ахул манай дарга шоронд хүртэл их үнэтэй хүрэн шандан оймстой орж байна биш үү? Монгол хүн ийм л байх ёстой “ гэсэн шүү юм бодоод автал эх оронч үзлийн илч гэрэл элэг зүрхийг нь гийгүүлэн халуу шатуулаад ирэв гэнээ.
1.Шандан гэж нэгэн зүйл нарийн нэхээст сайн даавуу. Шандан торго ч гэж бий.
Сэтгэгдэл ( 0 )