“Хүнсний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг анх удаа санаачиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

 

Өнөөдөр 9:30 минутад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон нэр бүхий гишүүд “Хүнсний аюулгүй байдлын” талаархи хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал чухал асуудал  байгаа бөгөөд  энэ төрлийн хуулийн төслийг анхлан санаачилж байгаа нь энэ юм. Хуулийн төслийг нэг жилийн турш нарийвчилсан судалгаа явуулсны үндсэн дээр хийсэн болохоор “онц” хууль болсон гэдгийг санаачлагчид хэлж байна.  Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.  

-          Хуулийн төслийг хэрхэн боловсруулсан бэ?

-          Хүнсний аюулгүй байдал гэсэн тусгайлсан хуультай олон улс байдаг. Хүнсний аюулгүй байдал өөрөө үндэсний аюулгүй байдалтай асар их холбоотой учраас хуулийг олон улсын байгууллага, мэргэжлийн хүмүүс, ажлын хэсэгтэй хамтран чамбай боловсоруулсан. Хаврын чуулганаар амжиж батлуулах бодолтой байна.

-          Хуулийн төслийн үндсэн агуулга?

-          Хөдөө, малын бэлчээрээс хэрэглэгч идэхэд бэлэн болох хүртэлх бүх шат дамжлагад аюулгүй байдлыг хангах асуудлыг энэ хуулинд тусгаж өглөө.  Энэ хуулинд төрийн хяналт гэхээсээ илүү  үйлдвэрлэгчид өөрсдөө анхаарах талыг орууллаа.

Дашрамд дурьдахад манай улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж үзэх мэргэжилтэн цөөнгүй байдаг бөгөөд үүнийг МХЕГ-ын шалгалт ч баталдаг. Тодруулбал хүнсний түүхий эд,  түүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,  импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад хүнсний аюулгүй байдлыг цогцоор нь шийдээгүйгээс  2011 онд МХЕГ-с явуулсан эрсдэлд суурилсан шалгалтын дүнгээс үзвэл сүүний  60  үйлдвэрийн  42 нь буюу 70 хувь нь эрсдэлтэй, мах махан  бүтээгдэхүүний 130 аж ахуйн нэгжээс тал хувь нь өндөр эрсдэлтэй,  гурлын 32 үйлдвэрийн 47 хувь нь эрсдэлтэй , нарийн боов, гоймон хэрчсэн гурил, талх үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуйн нэгжийн 80 хувь нь эрсдэлтэй гэж гарсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top