Сонгууль дөхөхөөр санаад сонгуулийн дараа мартана даа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Сонгууль хаяанд ирлээ. Хийсэн бүтээснээ тайлагнаж хэлсэн амласандаа хэн хүрэв гэдэг нь нүднээ илт харагдахгүй, чихнээ үл сонсогдохуй. Эрхэм 76 маань  Засгийн ажил жаахан дундармагц тойрог руугаа жолоо чиглүүлэх гээд яарч байгаа. Харин иргэд сонгогчид хэзээ ирэх бол гээд харуулдан суугаа. Ёстой л хүлээлт гэдэг нь тэр байх даа. Зарим нутгийн хөгшид ярьж байна гэнэ цаана чинь. Нөгөө манай нутгаас сонгогдсон эрхэм гишүүн маань ноднин нэг бараагаа харуулсан одоо харин ширэн нүүрлээд ирнэ дээ чи хэмээж байх юм гэнэ. Очих нь тодорхой гэхдээ юу гэж зовлон тоочоод яана гэж хошгируулах төлөвлөгөөгөө  цаад хэд чинь боловсруулчихсан очно доо. Тэгэхэд нь нүүр өгч болдоггүй юм шүү.

Иргэд сонгуулиас өмнө нэг л юмыг хүлээж байгаа. Тэр нь сая төгрөг болон түүнтэй дүйцэх хэмжээний хувьцаа. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө гурав хуваан авч намуудын мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэж үзэх бол. Мөн адил нийт иргэд энэ сарын 20-оос өмнө бэлэн мөнгө авах уу хувьцаагаа авах уу гэдэгээ эцэслэн шийдэх болоод байна. За ингээд намууд амлалтаа биелүүллээ гэж нэг мөр тайвширч болохгүй нь. Яагаад гэхлээр мөрийн хөтөлбөр болон намуудын амласан бэлэн мөнгөний амлалт дуусаагүй байлтай.

Энэ сонгуулиар луйвар хэрэглээд л гардаггүй юм бол дахин сонгогдох  шаансгүй эрхмүүд олон байгаа. Сонгогчид нь ч анаж байгаад хусч хаяна гээд сонгууль болохийг  хүлээж суугаа. Гэвч танил эрхмүүд маань ар өврөөр гүйж арав таван цаас атгуулах ажлаа сурамгай гэгч нь хийнэ дээ. Сонгуулийн луйвар булхай хаана ихэвчлэн болдог вэ гэхлээр хүч тэнцүү өрсөлдөгчтэй тойргуудын хэсгийн хороод дээр өөрийн албан хаагч олж өрнөдөг. Жишээ нь миний мэдэх суманд ойрын хэдэн жилд байтугай социализмаас хойш нэг нам дандаа ялалт байгуулсан байдаг.

Тэнд удам дамжсан бүдүүн дарга нар байнга сонгогддог. Тэр сум тэр чигээрээ “улаан” сум. Улаан гэдэг үгний цаад утгыг хэн хүнгүй мэдэх бизээ. Цөөн хүн амтай хөдөөгийн суманд Засаг дарга бол “даам” гарна гээч болчихсон. Уг нь ИТХ гэж Засаг даргадаа хяналт тавьж ажиллах ёстой хүмүүс бий. Гэвч тэр суманд үгүй юм. Сумын төвийн захиргаанд ажилладаг төрийн албан хаагчид нь бүгд намын харьяалалтай. Нөгөө төрийн албан хаагч намын харьяалалгүй байна гэсэн хууль дүрэм огтхон ч мөрдөгддөггүй. Намын харьяалалгүй бол тэнд байх үндэслэлгүй болчихож байгаа юм. Сонгуулийн комисст сумын захиргааны бүх ажилчид орж ажилладаг. Тиймээс тэр сумын иргэдийн саналын ихэнх “улаан” болох учиртай.

Энэ мэтчилэн сонгуулийн луйвар булхай бага гэлтгүй гарч эхэлдэг дээ. Түүнийг зохион байгуулдаг бүлэг, фракцууд бий болчихсон багаа аль хэдийнэ бүрдүүлчихсэн л яваа. Нэгэнт ямар л арга байна түүнийгээ хэрэглээд ялалт байгуулаад гарч ирнэ. Сонгогдохоосоо өмнө сонгогч олон түмний улыг долойх шахам гүйж. Хэрвээ намайг сонговол хүссэн бүхнийг чинь хийнэ “гуйя” гээд л уйлан дуугараад явцгаана. Сонгууль дууслаа ялалт байгуулсан бол хэн байснаа мартаад чухам л тэнгэрийн амьтан мэт яваад алга болж байгаа юм. Хүний урамд тойрог руугаа толгой эргүүлж харахгүй давхилдаж сонгогч биднийгээ мартана даа. Иймээс хаанахыг хэнийг сонгох эрх зөвхөн сонгогч таньд бий шүү.

А.ТӨМӨР

ZINDAA.MN

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top