Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Улаанбаатар хотын иргэдийн хувьд нийтийн тээвэр асуудалтай байгаа гэж хотын удирдлага үзжээ. Тиймээс хотын нийтийн тээврийг хөгжүүлэхээр тусгай замаар явах цахилгаан автобусы гээчийг санаачилсан байна. Энэхүү санаачилга нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх гэнэ. Тэгвэл өнөөдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ажлын хэсгээс гаргасан үндсэн дөрвөн санлыг ярилцсан юм. Тодруулбал гэрээний үргэлжлэх хугацааг таван жилээр багасгах буюу 2012-17 он болгох, хэлэлцээрийг энэ онд багтаан батлах, хэлэлцээрийг Улаанбаатар хотын төлөвлөгөөтэй уялдуулах, Цахилгаан автобусыг эх орондоо угсарах гэсэн асуудлыг ярилцсан юм.
Эхний ээлжинд баруун дөрвөн замыг зүүн дөрвөн замтай холбосон замыг тавих бөгөөд дагалдах төсөл, төлөвлөгөөг боловсоруулжээ. Хөтөлбөрий хүрээнд 64,5 км зам тавьж, 12,3 км замыг сайжруулах юм байна. Хэрвээ нийслэл тусгай цахилган автобустай болсон тохиолдолд замын түгжрэл 20-40 хувь багасч, үүнийг дагаад иргэдийн түлшинд хэмнэлт гарах зэрэг олон эерэг тал байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа.
“Гоолиг” замтай манай улсад тохирохгүй, өмнө нь цахилгаан автобус шатсан, эх орондоо үйлдвэрлэх боломжгүй гэх мэтээр олон шүүмжлэлийг байнгын хорооны гишүүдээс хэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь өөрөө эргэлзээ дагуулж байгааг нуулгүй хэлж байсан юм. Тухайлбал Ш.Сайхансамбуу: Хотын замыг төлөвлөдөг мэргэжлийн хүн манай улсад байдаггүй бөгөөд зураг хараад ойлгуулна гэж байхгүй. Энэ зургийг гаргасан хүн /Хөтөлбөрийн ерөнхий зургийг гаргасан/ яаж бодохоороо ийм юм зурдаг байнаа? Хөх хотоос жишээ аваад хэд хэдэн агаарын замтай болчихвол болно. Угаасаа ийм зайлшгүй шаардлага байгаа гэсэн бол УИХ-ын гишүүн З.Алтай: Асуудалд хөнгөн хандах хэрэггүй. Жоохон харзнах хэрэгтэй гэж санлаа тус тус хэлсэн юм.
Ингээд хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг зөвшилцах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Аюулгүй байдлын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )