Ё.Баярсайхан: Нийгэм хөгжихөөсөө илүү зогсонги байдалд орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

УИХ-ын сонгууль ойртож байна. Энэ үед төрийн мэдлэгтэй, туршлагатай хүнтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэх талаар олон удаа бодсон. Манай аймагт ийм хүн цөөн. Цагтаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшилцэж явсан, мөн Монголын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн захирлаар олон жил ажилласан  аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө дуугарч, ИХТ-д тэргүүлэгчээр удаа дараа сонгогдон ажиллаж буй Ё.Баярсайхан хэмээх эрхмийг би энэ цөөн хүний тоонд зүй ёсоор багтана гэж хэлнэ. Түүнтэй уулзаж, улс төрийн болон орон нутгийн талаар цөөн хором ярилцлаа.

-Улс төр хэмээх энэ их айлд орж, халуун тогоонд нь чанагдаад удаж байна уу?

-Нийгмийн нэг хөдөлгөгч хүч нь улс төр гэдэг талаар эртний Грекийн гүн ухаантан Аристотель маш тодорхой бичсэн байдаг. Үнэндээ улс төр нь нийгмийн харилцааны хөгжлийг төр ба иргэний харилцаагаар дамжин тодорхойлогдож байдаг юм. Үүний сонгодог утгыг бид олох гэж өдий хүрч байна даа. Миний хувьд, 1987 онд МАХН нэртэй, тэр үеийн цорын ганц улс төрийн хүчинд элсэж орсноор улс төрд орсон гэж хэлж болно. Идэвхтэй оролцож эхэлсэн гэвэл 1990 онд болсон намын Онц их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш тооцдог доо.

-Орон нутгийн иргэдийн хуралд олон удаа сонгогдож байсан уу? Тухайн үеийнхээ мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар харьцуулж хэлнэ үү?

-Анх 1987 онд Эрдэнэт хотын Баян-Өндөр хорооны Ардын депутатуудын хуралд 56 дугаар тойргоос сонгогдож байснаас хойш хороо, аймаг, УИХ гээд бүх шатны хуралд 4 удаа сонгогдож байлаа. Хөтөлбөр гэвэл хороо, хот, аймгийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг чуулганаараа баталж, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож ирсэн. Харин 2000 оны УИХ-ын болон 2008 оны аймгийн ИТХ-ын сонгуульд намын мөрийн хөтөлбөрийн дор тухайн аймаг, сум, багийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нэгэнт намын хөтөлбөр учраас эхлээд аймаг, орон нутгаа хөгжүүлэх, дараа нь сонгогдсон багийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх замаар ажиллаж байна. Манай бүх шатны сонгуулийн нэг айхтар онцлог нь бүтэх, бүтэхгүй амлалт болоод удаж байна. Бид үүнээс сэтгэл зүйн хувьд ч, амьдрал дээр ч тэр салж чадахгүй байгаа нь харамсалтай. Тухайн үед санал авах гэж байгаа хөтөлбөрт биелэхгүй талдаа, иргэдийн хэрэгцээн дээр тоглосон амлалт их орж, хэн хэнийгээ хуурч байгаа нь манай сонгуулийн систем, улс орны хөгжлийн түвшинтэй зайлшгүй холбоотой.

-Таны бодлоор яах ёстой вэ?

-Иргэд сонгогчдын боловсролыг дээшлүүлж, тэдний сонгосон хүн ч чухам юу хийх, ямар үүрэгтэйг ойлгуулах явдал чухал байна. Би гэхэд аймгийн ИТХ-ын 1 дүгээр тойргийн төлөөлөгч, тухайн үед МАХН-ын аймгийн байгууллагыг баталж, сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ИХТ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, аймаг орноо хөгжүүлэх цаг үеийн болон хэтийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа төлөөлөгч хүн. Түүнээс биш хог ачуулах, зам тавих, телевизийн гаралтыг сайжруулах ажлыг хийх ёсгүй. Яагаад гэвэл энэ ажлыг хийх, хийлгүүлэх, иргэдийг мэдээллээр хангаж ажиллах засаг захиргаа, үйлчилгээний байгууллагууд нь төсвөө улс, аймгаас батлуулж аваад ажиллаж байгаа юм. Энэ ялгааг иргэд маань ойлгох ёстой. Харин тэдний сонгосон төлөөлөгч хуралдаа яаж ажиллаж байна, аймаг, орон нутгийн хөгжлийг тодорхойлох, хяналт тавихад хэр ажиллаж байна гэдгийг харж, үнэлэлт дүгнэлт өгч байх нь иргэд сонгогчдын асуудал.

-Танай намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ, хийгдээгүй ажил хэр үлдэж байна?

-2008 онд аймгийн ИТХ-ын сонгуульд тэр үеийн МАХН-ын аймгийн хороо нэлээн бүтээлч, чамбай хөтөлбөртэй оролцож, ялалт байгуулсан. Хөтөлбөрийн гол нь аймгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байсан. Аймгийн хөгжлийн гол чиглэл болж байгаа үйлдвэрлэлийн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, түүнд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, шуурхай болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хотын тохижилт, иргэдийн таатай амьдрах орчинг бүрдүүлэх талаар 4 жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийгдсэн гэж үзэж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 80 гаруй хувь нь хэрэгжсэн, харин хөрөнгө мөнгөнөөс болж хойшлогдсон, зарим захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан тасарч байгаа ажил байгааг үгүйсгэхгүй. Мөн хөрөнгө оруулалтын зарим нэг оновчгүй хуваарилалтаас болж иргэдийн хүсч байгаа, орхигдсон асуудлууд бий.

-Танай тойрогт анхаарал татаж байгаа ямар асуудал байна вэ, иргэд юуг хүсч байгаа бол?

-Манай тойрогт хамаарах багууд аймаг, сумандаа байгуулагдаад удсан тул амьдрах орчин, тохижилтын хувьд харьцангуй гайгүй. Яригддаг гол асуудал нь сайн замтай болох. Б.Мөнхжаргал төлөөлөгч энэ асуудлыг хөөцөлдөж, аймгийн төсвөөс 350 сая төгрөг гаргахаар болсон. Гэвч хотын Захирагчийн ажлын алба “Цэвдэгтэй газар зам тавьж болохгүй” гээд засмал зам тавихыг зогсоосон байгаа. Тэд энэ шийдвэрээ Баянбулаг багийн иргэдэд хэлж, тайлбарлахгүй байгаагаас иргэд их бухимддаг. Иргэд зүгээр л сайхан амьдрах таатай орчинг хамгийн ихээр хүсдэг. Цахилгаан битгий тасраасай, хогоо цагт нь ачиж байгаасай, гудамжны гэрэлтүүлгийг хийгээд өгөөсэй, телевиз саадгүй гараасай, нийтийн тээвэр байнга явж байгаасай, усны үнийг өсгөхгүй байгаасай, гэмт хэргээс сэргийлж өгөөсэй, ажлын байр ахиухан бий болгоосой, эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай байгаасай гэж л хүсдэг. Энэ бүхнийг хариуцаж хийдэг байгууллагууд нь олигтойхон ажилладаг бол иргэд дааж давшгүй зүйл хүсэхгүй л байгаа биз дээ. Цахилгаан шугам сүлжээ, Хот тохижуулах, Авто тээврийн газар, “Эрдэнэт-Ус” компани, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, аймаг, сумын Засаг даргын тамгын газар ажлаа хангалттай хийчихдэг бол асуудал байх уу? Эдгээр байгууллагууд ажлаа хариуцсан шиг хийж чадахгүйгээс иргэд бухимдаж  УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ-д хандан гомдол мэдүүлдэг. Энэ бүхэн сонгуулиар байгуулагддаг төр, засаг, түүний ажлын зааг, хариуцлагыг иргэд сайн ойлгохгүй байгаатай холбоотой болов уу. Миний хувьд, “Баг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй болж ажиллая гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан. Үүнийг аймгийн Засаг даргын тамгын газар боловсруулж, ИТХ-ын Тэргүүлэгчид баталсан. Одоо хэрэгжүүлж байгаа.

-ИТХ-ын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурал дээр таны зүгээс олон асуудлыг хөндөж, шинэ санаачлага гаргаж байгааг бид хардаг. Тэр бүхэн хэр биеллээ олж, дэмжигддэг вэ?

-Аймгийн ИТХ-ын эрх, үүрэг  хуулиар тогтоогдсон байдаг. Тэр үүргээ би сайн биелүүлэх ёстой гэж боддог. Тиймээс хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлж, аль болох оновчтой, зөв шийдэл гаргахад холбогдох байгууллагууд, албан тушаалтнууд ханддаг. Бидний санал тухайн асуудлыг хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, тайлан, дүгнэлтэнд тусгагдаж хэрэгждэг. Ихэвчлэн хуралдааны тэмдэглэл, тогтоолд тусдаг юм. Хэлсэн ярьсан асуудлын маань дор хаяж талаас илүү хувь нь хэрэгждэг шүү. Харин үүрэг чиглэл дараагийн удаа яригдахад хэрэгжээгүй байвал хариуцлага тооцох асуудлыг эрхийн хүрээнд тавьдаг. Миний хувьд аливаа асуудлыг болохгүй байгааг сануулж, хийх аргыг нь хэлж өгөхийг хичээдэг дээ.

-Аймгийн ИТХ-ын МАН-ын бүлэг нэг хэсэг эзэнгүйдсэн. Бүлгийн ахлагчаас таныг өөрөө татгалзсан гэж дуулсан. Энэ талаар тайлбар өгнө үү?

-2008 оны сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-д олонх болсон тэр үеийн МАХН-ын төлөөлөгчид намайг бүлгийн ахлагчаар санал нэгтэй сонгосон. Би 2011 оны хавар хүртэл энэ ажлыг дүрэм журмын дагуу хийж ирсэн. Харин МАН шинээр байгуулагдаж, аймагт мөн байгууллагаа дахин шинээр байгуулах үеэр нам дотор эрүүл бус үйл ажиллагаа явагдаж, намын байгууллагын чөлөөт сонгуулийг хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан болгож, өнгө мөнгөний арчаагүй үйлдэл явагдсаныг би эсэргүүцсэн. Ингээд “Намын бүлгийн ахлагчийн үүргийг биелүүлэх нөхцөлгүй боллоо” гэж бүлгийн нөхөддөө хэлээд татгалзсан юм. Уг нь намын доторх шударга бус явдлыг ил тод хэлж, засаж залруулсай л гэж нөхөддөө хандсан хэрэг.

-Танай нам аймгийн ИТХ-д олонх гэдэг утгаараа хэр санаачлагатай байж чадаж байна вэ? Дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлж чадаж байна уу?

-Аймгийн ИТХ-д олонх болсон нь иргэд сонгогчдын итгэл, дэвшүүлсэн хөтөлбөрийн оновчтой байсны илрэл гэж би үздэг. Тэгэхлээр сонгуулийнхаа хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэхэд олонхийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд олонхийн бүлэг анхаарч ажилласан. Бодитой хэрэгжүүлсэн ажлыг 2011 оны жилийн эцсийн чуулган дээр тайлагнасан болохоор энд давтаж нурших нь илүүц биз.

-Нам дотроо талцах болсон нь иргэдэд таалагдахгүй байгаа бололтой. Манай аймгийн МАН-ын байгууллага талцаж байгаад та ямар тайлбар хийх вэ?

-Нам, олон нийтийн байгууллага учраас хэлэлцэж байгаа асуудлаараа саналаа уралдуулж, маргаж зөрөлдөх явдал бол эрүүл үзэгдэл юм. Хэлэлцээд шийдвэр гаргахдаа гол нь орон нутагт төр, засаг барьж байгаа намын болон аймаг, орон нутгийн эрх ашгийг урьтал болгох нь чухал. Сүүлийн үед дутагдаж байгаа зүйл нь нийтийн буюу намын гишүүд, иргэд, аймгийн эрх ашгийг бодож, харгалзан үзэх явдал. Ингэхгүй зөвхөн хэсэг бүлэг хүн хуйвалдан, олонхиор түрий барин асуудлыг өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс шийдэж байгаа нь намын байгууллагыг бутаргаж, үйл ажиллагааных нь зарчмыг алдагдуулан, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Харамсалтай нь энэ “туршлага” манай аймгийн намын байгууллагад сүүлийн 2-3 жилд бий болж, улам гүнзгийрч байгаад би сэтгэл зовж явдаг. Эрүүл бус талцал яваад байна уу гэж намын жирийн гишүүд, иргэд ярьж байгаа нь үндэслэлтэй болоод байна.

-Оны өмнө манай аймагт улс төрийн байдал хурцдаж, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлээд авсан. Засаг даргыг огцруулахаар яригдах үеэр та нэлээд тодорхой байр суурьтай байх шиг байсан. Энэ талаар?

-Тийм ээ. Нөхцөл байдлыг үүсгэсэн намынхаа нэрийн өмнөөс аймгийнхаа нийт иргэдээс хүлцэл өчих нь зүйтэй гэж би үзэж байгаа. Манай намын хэсэг төлөөлөгч сөрөг хүчнийхээ 2 төлөөлөгчтэй хамтран Засаг даргыг огцруулах санал тавьсан. Асуудал нь байж болно, гэхдээ хууль хяналтын байгууллагаар нотлогдсон, Засаг даргыг огцруулах үндэслэл байх үед л ярих ёстой. Харин огцруулах асуудалдаа хэт улайраад, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг тодорхой аргачлалаар хэрэгжилтийг нь дүгнэчихээд байхад, өөрсдөө хийсвэр дүгнэлт гаргаж, урьд 2 жил нь “хангалттай” гэж дүгнэчихээд, нэг жилийн дотор нийт 3 жилийн ажлыг “хангалтгүй” гэж дүгнэж байгаа нь ард иргэдэд ойлгомжгүй болно. Тэр тусмаа намынхаа нэр хүндийг өөрсдөө унагасан, сөрөг хүчиндээ улс төрийн тоглолт хийх боломжийг гаргаж өгч байгаа увайгүй үйлдэл болж байна гэж би үзсэн. Үүнийгээ бүлгийн хурал дээр тодорхой ярьсан. Тэгээд олонхиороо шийдсэн тул яаж ч чадаагүй. Ингээд Засаг даргыг огцруулах асуудалд холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж үзээд, санал хураалтад оролцоогүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг “хангалтгүй” гэж дүгнэх санал хураахад эсрэг саналтай байсан. Улс төр хийж л байгаа юм бол хийсэн шиг хийх ёстой шүү дээ. Иргэд ч өөрсдөө харсан, дүгнэлтээ хийгээ биз.

-Таныг танай намын Удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн сураг гарсан. Гэтэл аймгийн намын байгууллага дотроо санал хураагаад шийдэж чадаагүй гэсэн. Намуудыг хараад байхад удирдах байгууллагынхаа бодлогыг хардаг бололтой юм билээ. Танай намд Удирдах зөвлөлийн шийдвэр чинь нэр хүндгүй болсон гэж үзэж болох уу, яг юу болсныг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-МАН-ын Удирдах зөвлөл 1 дүгээр сарын 20-нд аймгийн Засаг даргад миний нэрий санал нэгтэй дэвшүүлсэн нь үнэн. Миний хувьд  нэгэнт нам санал болгож байгаа мөн тодорхой ажил эрхлээгүй байгаа болохоор энэ саналыг хүлээж авсан. Тэгээд ч Эрдэнэт хотод 30 орчим жил ажиллаж, амьдарч байгаагийн хувьд аймгийнхаа төлөө зүтгээд үзье л гэж бодсон. Тэгээд асуудлыг шийдэхээр намын бүлэг дээр санал хураахаар болоход, Удирдах зөвлөлийн бодлогыг “дэмжихгүй” гэж Засаг даргыг огцруулахд оролцсон бүлгийн гишүүд хэлцгээсэн. Би тэдний зарим гишүүнээс “Яагаад” гэж асуухад, “Та Засаг даргыг огцруулахад биднийг дэмжээгүй шүү дээ” гэсэн. Тэгээд санал хураахад, бүлгийн оролцох ёстой 22 гишүүнээс 16 нь оролцож, санал 8:8 тэнцсэн. Удирдах зөвлөлийн шийдвэрийг манай намын гишүүд өнөөг хүртэл хүндэтгэж ирснийг намын гишүүд бүгд мэднэ. Харин энэ удаа үл хүндэтгэсэн хэсэг гишүүн гарсныг бодоход, нэгд сонгууль ойртсоных, хоёрт, ингэснээрээ намын удирдлагаас ямар ч хариуцлага хүлээлгэхгүй гэсэн бат ойлголттой байсных болов уу гэж л бодсон. Ингээд аймгийн намын хороо хурал хийж, асуудлыг хагалахад намын гишүүд үнэнийг харж чадсан даа. Энэ бол манай намд хэдийгээр хэсэг бүлэг хүмүүс үймүүллээ ч гэсэн эрүүл сэтгэдэг хамт олон байгаа юм байна гэдгийг харуулсан. Аймгийн намын хороо эхлээд намын даргын асуудлаа шийдээд, дараа нь Засаг даргаа яръя гэсний дагуу хуралдахад, миний зүгээс намын ажлыг шинэ соргог сэтгэдэг залуу хүндээ өгч, халаагаа бэлтгэх цаг болсон гэж үзээд Д.Дэлгэрбаярыгаа дэмжсэн. Ийм л зүйл болсон доо. Манай аймгийн МАН-ын байгууллага саяны үйл явдлаас сургамж авч, намыг зөвхөн цөөн бүлэг хүмүүсийн ашиг сонихлын дагуу тэдний ажил, албан тушаалд хүрэх гэсэн зорилгоор ашигладгийг таслан зогсоож, тэдэнд улс төрийн хариуцлага тооцож, намын үйл ажиллагааг ил тод, нийтийн эрх ашгийн төлөө явуулахад анхаарч, намаа шинэчлэн ажиллаж чадвал тавьсан зорилго, амжилтад хүрэх бүрэн боломж бий гэдэгт би итгэж байгаа.

-Эдийн засагч, ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд Орхон аймгийн төсвийн зарцуулалт хэр оновчтой байна гэж үздэг вэ?

-Төсвийн зарцуулалт өөрөө хуультай учраас харьцангуй гайгүй байдаг болов уу. Тэгээд ч Аудитын газар жил бүр шалгаж, дүгнэлт өгдөг. Төсвийн сахилга хатуу л даа. Зөрчвөл том хуриуцлага хүлээнэ. Ноднин гэхэд л, санхүүгийн хэлтсийн албан тушаалтан хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдсөнийг бүгд мэднэ. Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хууль энэ сахилгыг чангалсан боловч орон нутгийн эрх мэдлийг хаачихсан дутагдалтай хууль болсон. Ирэх жилээс засагдан, төсвийн эрх мэдэл орон нутагт ирнэ. Тэгэхэд л ёстой зарцуулалтын байдлыг сайн хянаж байхгүй бол эрх мэдлээ хэтрүүлэгсэд гарах магадлалтай болно.

-Улс төрч хүний хувьд улс орны хэмжээнд болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг байх?

-Манай орны улс төрийн амьдрал сүүлийн жилүүдэд салхины хурдаар өөрчлөгдөж байна. Жинхэнэ улс төрийн агуулгаараа улс орноо хөгжүүлье, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулъя гэсэн бодлого, шийдвэр гарахаа больж, улс төр, хэсэг бүлэглэлийн явцуу эрх ашиг бүх юмны түрүүнд тавигдаж, нийгмийн хөгжлийг удаашруулж, ард иргэдээ бухимдуулан, улс төрийн өөр гарц хайхад хүргэж байна. Өнгө мөнгөний хорвоо гэдэг нь жинхэнэ утгаараа бий болж, тэр чигээрээ цэцэглэж байна. Төрийн анхан шатны үйлчилгээнээс авахуулаад төрийн ажил, албан тушаал хүртэл мөнгөний хүлээсэнд орчихлоо. “Нийгэм хөгжихөөсөө илүү зогсонги байдалд орлоо” гэж дүгнэмээр байна. Зах зээлийн харилцаанд шилжих үеэр зэрлэг капитализм явагдсан, одоо ч дуусаагүй л байна. Энэ бүх зүйл зөв гольдиролдоо ороход хугацааны хүчин зүйлээс гадна иргэдийн идэвхитэй иргэний байр суурь, нөр их хөдөлмөр хэрэгтэй юм гэж боддог. Энд ам нээснийх, авилгыг төр эхлээд өөрөө үүсгэдэг. Тэгээд нийгэмд дэлгэрээд ирэхээр буцаж тэмцэх гэж үздэг. Авилгын эсрэг хамгийн сайн арга бол улс орноо хурдацтай хөгжүүлэх, ард иргэдээ хангалттай сайхан амьдрах түвшинд хүргэж, төрөөс амьжиргаагаа нэхдэггүй болгох явдал. Тэрнээс биш, авилгатай тэмцэх нэрээр тусгайлан байгууллага байгуулж, ард иргэдийн дунд хардах, сэрдэх нөхцөл байдал бий болгох явдал биш. Тэмцлээ гэхэд төрийн бодлогоо улс орныхоо жинхэнэ хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглүүлэхээс биш бие биенээ хардаж сэрдэн, явцуу эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгосноор авилга багасана гэж лав байхгүй дээ. Иймэрхүү аргаар авилгыг зогсоох гэж хүн төрөлхтөн их оролдсон боловч эцсийн үр дүн гарсан газар байхгүй. Харин улс орноо зөв хөгжүүлж, ард иргэдийнхээ хөдөлмөрт шүтсэн амьдралыг дэмжин хөхүүлж, амьжиргааг нь өндөр түвшинд хүргэж, авилгыг хамгийн доод түвшинд хүргэсэн жишээ зөндөө бий.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлаар багагүй хугацаанд ажилласан. Эдийн засгийн тооцоо судалгааг олон жил хийж байсан хүний хувьд үйлдвэрийн үр ашиг ямар байна гэж хардаг вэ?

-Би 1993-2000 он хүртэл үйлдвэрийн Эдийн засгийн хэлтэст ажиллаж байхдаа үйлдвэрийн үр ашгийн тооцоон дээр голлон, Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж бодлогын шийдвэрийн үндэслэлийг тооцдог байсан. Аливаа аж ахуйн үйл ажиллагааны үндэс бол үр ашиг, тэр дотроо ашигт ажиллагааны түвшин, ашиг л байдаг. Манай үйлдвэрийн хувьд үйлдвэрлэлийн үр ашгийг байнга тооцож, өссөн, буурсныг үнэлгээжүүлж байх хэрэгтэй байдаг. Үүнийг түрүүн дурдсан хоёр үзүүлэлтээр хардаг. Одоо үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний үнэ өндөр, борлуулалтын орлого сайн байгаа учраас үр ашгийн үзүүлэлтийг бага хайхарч байж магадгүй. Гэхдээ үргүй зардлыг багасгаж, өртөгт зардлыг бууруулах ажил байнга хийгдэж байгаа байх гэж бодож байна. Энэ нь ашигт ажиллагааны түвшинг сайжруулдаг гол үзүүлэлт байдаг. Ашгийн хувьд бол өндөр байгаа учраас ийм үед ирээдүйн хугацаанд бий болох зайлшгүй эрсдлийг давах нөхцлийг одооноос бүрдүүлэх нь чухал болов уу гэж боддог.

-Та үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа энэ чиглэлээр ямар томоохон ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

-2004 оны сүүлчээр энэ ажилд томилогдож ирээд, юу хийх вэ гэдгээ бодоод, үйлдвэрийн ажилчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд хийсэн нь юу байна, юу нэмж хийх хэрэгтэйг тодорхойлсон. Тэгээд дараахь хэдэн асуудалд анхаарахаар болсон. Юуны өмнө ажилчдын амьжиргааны эх үүсвэр болсон цалин хөлсний системийг боловсронгуй болгоё, цалинг уул уурхайн салбарын үйлдвэрүүдийн дунд тэргүүлэх түвшинд үе шаттайгаар хүргэе, ажилчдын эрүүл мэндэд тодорхой анхааръя, залуу ажилчдын орон сууцны хангамжид дэмжлэг үзүүлье, үйлдвэрээс хөдөлмөрийн нөхцлөөр гарсан хүмүүст халамж үйлчилгээг сайжруулъя, нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг бодлого, чиглэлтэй явуулъя, үйлдвэрийн зүгээс хэрэгжүүлж байгаа нийгмийн хамтын хариуцлагыг ил тод болгоё гэсэн зорилтудыг тавьж хэрэгжүүлсэн дээ. Ажиллагсдын цалинг нэмээгүй удсан байсанд дүгнэлт хийж, уул уурхайн үйлдвэрүүдийн цалингийн хэмжээнд судалгаа хийж, үе шаттайгаар 3-4 дахин нэмэгдүүлсэн. Мөн зэсийн үнийг харгалзан зэсийн урамшууллыг бий болгосон, энэ санааг анх гаргасан тул үүгээрээ бахархаж байдаг. Нэмэгдэл цалинг ажлын үр дүнтэй холбож өгдөг болгосон. Үйлдвэрийн ажиллагсдад халуун хоол өгдөг болсноор ажилчдын хоол боловсруулах эрхтний өвчлөлийг бууруулсан. Үйлдвэрийн хувьтангуудад үзүүлдэг халамжийн хэмжээг хуулийн дээд түвшинд хүргэсэн. Нийгмийн 3 том цехийг дунд хугацааны хөтөлбөртэй болгож, үйл ажиллагааны тодорхой чиглэлийг шинэчилсэн. Үйлдвэр 2006 оноос эхлэн нийгмийн хамтын хариуцлагын тайлан гаргадаг, нийтэд сурталчилдаг болсон гэх мэтийн бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

-Эрдэнэтийнхэн маань ГОК, городын гэж хуваагдаж байна гэх юм. Энэ талаар юу хэлэв вэ? Та ГОК-ын хүн үү? Городын хүн үү?

-Эрдэнэтчүүд бол орчин үеийн цэвэр цэмцгэр хотоороо, ажил үйлсээрээ, алдарт үйлдвэрээрээ бахархах ёстой. Түүнээс биш жижиг ашиг сонирхол, атаа жөтөөнөөс болж элдэв янзын нэр хочоор хуваагдах улс биш. Эрдэнэтийн иргэд ямар ч байгууллага, компани, үйлдвэрээс хамааралгүйгээр ажлаа хийж, амьдралаа залгуулаад явж байгаа Монгол улсын иргэд. Биенээ дэмжээд, бие биенээрээ бахархаад явж байгаа. Харин нэг хэсэг хүмүүсийн атаа жөтөө, ашиг сонирхлын гайгаар хуваагдана л гэж байхгүй дэг. Би Монголын төрд 4 жил, төрийн захиргааны төв байгууллагад 3 жил, Эрдэнэтийн төр, захиргааны байгууллагад 8 жил, “Эрдэнэт” үйлдвэрт 14 жил ажилласан Эрдэнэтийн л нэг иргэн.

-Нууц биш бол энэ онд аль нэг сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх үү?

-Их хурлын сонгуульд оролцохгүй. Эх орноо, ард иргэдээ гэсэн тийм бодлого барьдаг УИХ-д үзээд алдахсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд намын байгууллага маань яаж өөрчлөгдөн шинэчлэгдэх нь вэ, улс төрийн хариуцлага алдсан тэр улсуудаасаа салж чадах нь уу, намын үйл ажиллагаа бохироосоо ариусаж, хэр шударга, зөв болох вэ гэдгийг харж байж шийднэ дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top