Элбэг хангалуун амьдрал, итгэл үнэмшлийн хавар ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Улс төрийн нам хүчнүүд, улс төрчид уяандаа улангассан ноход шиг бие бие рүүгээ дайран химлэлцэж, аман салхи тавиад эхэлснийг бид даган бөмбөрч яав ч болохгүй. Бас үгийн сайхнаар илбэдэн, яг ижил зүйлийн талаар эсрэг тэсрэг зүйл ярьж байгаад ч итгэж болохгүй. Гэхдээ би хэнд ч, юунд ч итгэхгүй байхыг уриалаад байгаа юм биш ээ. Бид чинь аливаа юмны голчийг харж, шийдвэр гаргаж чаддаг холч ухаантай нүүдэлчин их омгийн үр сад шүү дээ. Сонгууль болдогоороо болж, бид ч яаж ийгээд нэг сонголт хийж л таарна. Төрийн өндөр сэнтийд аль нэг улс төрийн хүчин, тэдний төлөөлөгчид тодрон суух нь лавтай. Чухам энэ үед одоо төр, засгийн жолоо барьж байгаа улс төрийн хүчин, өнөөгийн засаг, төр юу хийж, ямар нөөц бололцоо бүрдүүлсэн бэ гэдэг л улс орны, та бидний цаашид үргэлжлэх амьдралын гарааны нөхцөл, гишгэх газар, үсрэх тавцан болж таарна.

Ийм л учраас мөхөс бичээч би хэн нэгнийг онцлохыг чухалчлалгүй гүйцэтгэх засаглалын өнөөдрийн тэргүүн-ерөнхий сайд С.Батболдын хэлж ярьсан зарим үгийг уншигч Танаа дахин сануулан, бодол эрэгцүүллээ бэлчээе хэмээн санав. Төр засгийн зүгээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, эгэл бидэнд хэр наалдацтай байна вэ гэдэг талаар дэгдээд байгаа маргаан ч миний энэ удаагийн хөндөх гэсэн сэдэв биш.

Улсын их хурлын 2008 оны сонгуулийн үр дүнгээр тухайн үеийн МАХН, одоо МАН хэмээн нэрээ өөрчилсөн улс төрийн хүчинд сонгогч бидний олонхи саналаа өгч, төрийн жолоо атгуулсан боловч намын тухайн үеийн дарга С.Баярын саналаар улс төрийн сөрөг хүчин болох АН-тай хамтран “стандарт бус” эвслийн, С.Баярын хэмээх засгийн газар байгуулагдсан. Олон зүйл амлаж байсан. Тэр амлаж байснаас тоймтойг нь эргэн санахад стратегийн гэгдэх нөөц баялаг ихтэй нь нэгэнт тогтоогдсон цөөнгүй уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэсгэж, хүн ардаа ядуурлаас гаргаж, ажлын байр олноор буй болгож, бас сонгуулийн үеэр иргэн бүрт олгохоор амласан их мөнгө, цалин хангамжаа нэмэх гарц гэж байсан. Тухайн үедээ бид хэн хүнгүй тийм л юм байх хэмээн итгэл тээсэн харцаар эрх баригчдаа харан хүлээж байсан. Итгэл тээн эрх мэдлийн сэнтийд залсан элч төлөөлөгчдөө тэгж ч харахаас өөр яахсан билээ.

Жил хэртэй болоод 2009 оны 10 сард С.Баяр жирийн бидний хувьд тун бүрхэг, ойлгомжгүй “биеийн эрүүл мэнд” гэх шалтгаанаар ерөнхий сайдын буулгаа тайлж, Сүхбаатарын Батболдын нуруунд тохсон. С.Батболд ерөнхий сайдын сэнтий рүү шилжин суух болсон. С.Баярын “эвслийн” Çасгийн газарт ямар нэг өөрчлөлт хийгээгүй. “Багийн тоглолт” хэмээх ухагдахуун улс төрд ил задгай хэрэглэгдэх болсон өнөө үед өөрөө биш, өрөөлийн буй болгосон багийг “удирдах” болсон гэсэн үг. Улсын их хуралд ижил тэнцүү шахуу суудалтай сөрөг улс төрийн намын дарга Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдаар ажиллаж байлаа. Өнгөрсөн үйл явдлаас эргүүлэн хөөж бодвол өрсөлдөгч намуудын язгуур сонирхол нь бие бие дээ дэгээ тавих ёстой учраас амаргүй байсан л байж таарна. Намын даргын ачаа ч мөн л С.Батболдын нуруунд тохогдсон. Яаж ч бодсон их ачаа.

Ингэж л олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй; орос, англи, франц хэлтэй; улс орон эдийн засгийн төвлөрсөн тогтолцоог халж, хувийн өмч, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнт харилцаа руу шилжих үед хувийн компани байгуулан амжилттай ажиллуулж байсан С.Батболд хэмээх эрхэм Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар тодорсон. “Хэлж ярихаасаа хийхийг илүүд үздэг...” хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан энэ эрхэм сонгууль дөхөж, хийсэн ажлынхаа тайланг хэлж ярих ёстой цаг үеийн шахаанд ороод тэр үү, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэлээд тоо баримт хэлэх болжээ.

Тэр бүхнээс зарим нэгийг иш татъя. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 3 сарын 5-ндТөрийн ордонд болсон “Эдийн засгийн чуулгауулзалт дээр хэлсэн үгэндээ  Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаар зарим нааштай хандлага гарлаа. Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна... Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд V цахилгаан станцын төсөл бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал зам тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын нэг юм...

Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин парк энэ жил ашиглалтад оруулна.

...Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж, аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна.

Манай улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өслөө. Энэ бол дэлхийд нэлээд өндөрт тооцогдож байна. Цаашид ч дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна.

...Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм. Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна” хэмээжээ.

Энэ бол манай орны урдаа барьдаг эдийн засагчдын өмнө, ил тод илэн далангуй хэлэлцэж, ухаан бодлоо уралдуулсан уур амьсгалд хэлсэн үг болохоор би зориуд иш татаж байгаа юм. Шигшиж шигшиж хэлсэн, улс орны өнөөгийн төлөв байдлыг базан тодрхойлсон хэдэн тоо болов уу хэмээн надад санагдаж байна. Бас өнөөдөр тулгараад байгаа улсын хүн амын өсөлт, ажлын байр, ажилгүйчүүдийн эгнээ буурахгүй байгааг ч энэ хэдэн тоогоор багцлан хэлсэн байна. 

Мөн Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй манай төр засгийн төлөөлөгчид Япон улсад саяхан албан ёсны айлчлал хийснийг манай уншигчид сайн санаж байгаа. Тэр үеэрээ Японы “Никкей” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Эрх баригч хийгээд сөрөг хүчнийг төлөөлсөн Улсын их хурлын эрхэм гишүүд, засгийн газрын гишүүд, бизнес, хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид гээд их өргөн бүрэлдэхүүнтэй харагдсан.

Өгсөн ярилцлагадаа тэрээр: “Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбар болгон дэмжиж, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байгаагаас уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч байна. Уул  уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр бусад салбарт ч эрчимтэй өсөлт гарч байна. Тухайлбал 2011оны эдийн засгийн 17,3%-ийн өсөлтөд боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ, барилгын салбар голлон нөлөөлжээ...

Монгол Улсын эдийн засаг 2012 онд 19% өсөхөөр хүлээгдэж байна.Энэ өсөлтийг хангахын тулд бид нүүрс олборлолтын хэмжээг 44 сая.тн-оос багагүй байлгах, зэсийн үйлдвэрлэлийн хэмжээг 200 мян.тн"-оор нэмэгдүүлэх, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээг 9,5 сая.тн- оос багагүй түвшинд хүргэх учиртай. Манай улс 2011 онд 31 сая тонн нүүрс; 5,7 сая.тн төмрийн хүдэр олборлож; 21 сая тонн нүүрс экспортлосон. Бас Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2012 оны сүүлийн хагаст ашиглалтад орсоноор 2012 онд 200 мянган тонн зэсийн баяжмал гаргана гэх зэрэгт би үндэслэн эдгээр тоог хэлж байна.

Манай улсын аж үйлдвэр, барилгын салбар ч 2012 онд  харьцангүй өндөр өсөлттэй байх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 2012 онд 50%, 2013 онд 25%, 2014 онд 24% тус тус өснө гэж тооцож байна. Иймд манай улсын эдийн засаг 2012-2016 онд дундчаар 14% өснө гэж эдийн засагчид тооцож байна.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнуудын туршлагаас харахад орлогын буруу менежмент хийвэл “Голланд өвчин" тусах, "баялгийн хараал" хүрэх аюул байдаг. Нэгэнт уул уурхайн салбарыг өсөлтийн хурдасгуур болгож сонгосон тул бид ч мөн энэ эрсдлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна” гэх зэргээр их тодорхой тоо, үндэслэл гаргахыг хичээсэн байна билээ. Аливаад нягт няхуур ханддагаараа алдартай япончуудад хандан хэлж байгаа үг, тэр тусмаа тоо зайлшгүй, олон талаар нотлогдсон зүйл байж таарна.

Манай оронд өрнөсөн ардчиллын үйл явцыг бүр анхнаас нь тал бүрээр дэмжсэн Япон орны хүн ардад, хамгийн гол нь мэргэжилтнүүдэд хандан тавьсан тайлан. Түүгээр дамжуулан дэлхийн улс орон, өргөн олон түмэнд улс орныхоо өнөөгийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлж, хөрөнгө оруулалт татах гэсэн бодлогын үзүүр учраас хэлсэн болгон нь үнэн байх ёстой.

Бас өнөөгийн эрх баригчид олон улсын жишигт хүрсэн боловсролын бодлого хэрэгжүүлж байна, Кембрижийн боловсролын агуулгыг туршин нутагшуулна хэмээн мэдэгдэж, хэд хэдэн сургууль дээр ажил эхлээд байгаа нь яав ч сайшаалтай. Бас дээр нь ерөнхий сайд С.Батболд “Сингапурыг өнөөгийн хөгжилд хүргэсэн Кембрижийн боловсрол” хэмээн хэдэнтээ тодотгож байсныг уншигч Та лав анзаарсан байх. Õалцгай хадан жижигхэн арал дээр сууж байсан, газрын баялаг байтугай уух ус ч үгүй байсан сингапурчууд боловсрол гэгээрлийг шүтэн, хүмүүний мэдлэг чадварыг хөгжил дэвшлийн уурхай болгон хүн ардаа өнөөгийн элбэг хангалуун амьдралтай золгуулсан нь яах аргагүй үнэн гэж хэлэх байна.   

Харин жирийн монгол түмэн бидний хувьд элбэг хангалуун амьдрал, итгэл үнэмшлийн хавар ирсэн үү гэдгийг шүүн тунгааж шийдвэр гаргах мөч ирээд байна. Ерөнхий сайд С.Батболдын хэлээд байгаа эдийн засгийн үзүүлэлт, Монгол Улсын маргаашийн хөгжлийн төлөвийн талаарх өөдрөг дүгнэлтүүд бас нэгийг хэлээд байна.

Азийн бар болон ахар богино хугацаанд хөгжсөн улс орнуудын замналыг харахад эрх баригчид нь үнэнч шудрага, хийж гүйцэтгэж байгаа ажил үйлс нь ил тод, бас дээр нь төр засгийн бодлого чиглэл нь тогтвортой байсан байдаг юм билээ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top