“Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа Монголыг дарамтад оруулж байна” гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

  

“Валл стрийт журнал”-д Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааг ийнхүү дүгнэжээ.
Шүүхээс энэ даваа гараггт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллах шийдвэр гаргахын өмнө Монголын төр засгийн удирдлагууд Н.Энхбаярт үзүүлж буй хандлагын талаарх олон улсын дарамтын бай болоод байсан юм.

АНУ-ын Сенатын гишүүн Дианн Фейнштайн (Калифорни муж) энэ Даваа гарагт Сенатын чуулган дээр хийсэн мэдэгдэлдээ Н.Энхбаяртай холбогдох асуудлаар дэд Ерөнхийлөгч Жо Байдентай холбогдон, Монголд болж буй үйл явдал “зохих ёсны” байх ёстой талаар сануулж байсан хэмээн мэдэгджээ. Сүүлийн өдрүүдэд Монголын албан тушаалтнууд энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн Департаментийн зүгээс болон өмнө нь тус улсад ажиллаж байсан Элчин сайдын зүгээс асуулт, шүүмжлэлтэй тулгарсан.

“Эмнести Интернэйшнл” Н.Энхбаярыг саатуулсан явдлыг хууль ёсны гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн энэ асуудлаар шахалт үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой утсаар холбогдсон байна.

Энэ удаад Монгол Улсад төвлөрсөн дэлхийн нийтийн анхаарал нь тус улсын газар нутаг, эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс бус харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас шалтгаалжээ. Тэрбээр өөрт нь тулгаж буй хэргийг эсэргүүцэн долоо хоног гаруй өлсгөлөн зарласан байна. Нэг үгээр хэлбэл, олон улсын энэхүү анхаарал нь Н.Энхбаярын хэргийг шийдвэрлэх ажиллагаа Монгол Улсын хүрэхээр эрмэлзэж буй “хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим”-тай харшилж буй эсэхийг сонирхсон гэж хэлж болно.

Энэ Даваа гарагт гарсан албан ёсны хөрвүүлгээс үзэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдохдоо юуны өмнө энэ асуудалд хөндлөнгөөс оролцох явдалд “туйлын эргэлзэж” байгаагаа тэмдэглэсэн бөгөөд нөгөөтэйгүүр,  ноён Н.Энхбаярын биеийн байдлын талаар санаа зовниж байна гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Энэ асуудлаар би тантай ихэд бодсоны эцэст холбогдож буйг таныг ойлгоно байх гэж гүнээ найдаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар санаа зовнил ихэсч байна. Таныг энэ асуудалд зохих анхаарал хандуулна гэдэгт би найдаж байна” гэжээ.

Н.Энхбаяр цагдан хорих төв, эмнэлгт сар шахам хугацааг өнгөрүүлсний эцэст энэ Даваа гарагт түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Төрийн өндөр албан тушаалд байх үедээ олон нийтийн өмчийг шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Н.Энхбаяр тус улсын Авилгатай тэмцэх байгууллагад хүрэлцэн ирж байцаалт өгөхийг хүссэн олон тооны мэдэгдлийг үл тоомсорлосны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Тусгай албаныхан түүнийг баривчлах өргөн хүрээтэй ажиллагаа явуулсан юм.

Н.Энхбаяр хэдийгээр батлан даалтад гараад буй ч Монголын хууль, шүүхийн байгууллагатай ойр эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд Монголын төр түүний хэргийг шийдвэрлэх зорилгоосоо ухрахгүй нь. Ноён Н.Энхбаярын өмгөөлөгч ч түүнд ял оноох өндөр магадлалтай бөгөөд амжилтад хүрнэ гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. 

Тэрбээр 2009 оны сонгуульд ноён Ц.Элбэгдоржид ялагдах хүртлээ тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан ба ирэх зургаадугаар сарын 28-нд болох парламентийн сонгуульд ялалт байгуулан улс төрд эргэн ирж, уул уурхайн томоохон гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох зорилго тавин ажиллах болно хэмээн мэдэгдэж байжээ.

Хэдий батлан даалтад гарсан ч одоо 53 настай ноён Н.Энхбаяр эмнэлгийн хяналтад хэвээр байна. Гэр бүлийннийх  нь мэдэгдэж буйгаар өлсгөлөн зарласан нь түүний эрүүл мэндийг нэн доройтуулсан аж. Тэд Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ ноён Н.Энхбаяр өөрийн биед улам ноцтой хор учруулахгүйн тулд бага хэмжээгээр хоол тэжээл хэрэглэж байгаа гэжээ.

Батлан даалтад гаргах тухай шүүхийн шийдвэр нь ноён Н.Энхбаярын гэр бүл түүнийг хэргийн шалгалтаас зайлсхийхгүй гэж батлан даасны үндсэн дээр гарсан байна.

Н.Энхбаярын хүү, АНУ-д боловсрол эзэмшсэн банкир Э.Батшугар, түүний сүйт бүсгүй Т.Даариймаа нарын хэлж буйгаар Э.Батшугараар удирдуулсан тэдний гэр бүл түүний эрүүл мэндийн талаар сэтгэл хөдлөм э-шуудан ихээр илгээх замаар олон улсын анхаарлыг энэ асуудалд татахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэд зөвхөн улс төрчид болон хэвлэл мэдээллийг өөрийн талд татаад зогсохгүй, Goldman Sachs & Co. компаний удирдах ажилтан Жон Л.Торнтон зэрэг өөрийн эцгийн танил банкирууд, санхүүчдийн туслалцааг авч чаджээ.

Түүнчлэн Н.Энхбаярын гэр бүл Тони Блэйрийн ахлах өмгөөлөгч Питер Голдсмитийг хөлслөсөн ба тэрбээр өнгөрөгч долоо хоног тус улсад богино хугацаатай ирж, дээр дурдсан мэдэгдлийг хийсэн Эмнести Интернэйшнл зэрэг хүний эрхийн байгууллагуудын оролцоог эрчимжүүлэхэд чиглэсэн ажиллагаа явуулсан байна.

Зүүн Ази, Номхон далайн асуудлыг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дэд дарга Курт Кэмпбел өнгөрөгч долоо хоногт Вашингтонд Монгол Улсыг төлөөлөн суугаа элчид сайдын дуудан энэ асуудлаар ярилцсан ба Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам ч энэ талаар ажиллаж байгаа хэмээн Төрийн департаментаас мэдээлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүх дарамт шахалтыг мэдэрч байна хэмээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталдаг ардчилсан үнэт зүйлсийн талаарх дэлгэрэнгүй ярилцлага гарсан ба энэхүү ярилцлагадаа тэрбээр шударга ёс, хүний эрхийг хангахад бүх хүчин чармайлтаа дайчилна гэсэн байна. Түүний хажуугаар ноён Н.Энхбаярыг шалгах ажиллагааг хүнлэг, ил тод, хууль ёсны дагуу явуулахад өөрийн зүгээс зохих ёсны анхаарал тавих болно гэдгээ ч мэдэгджээ.

Энэ үеэр Монголын Авилгатай тэмцэх байгууллага ноён Н.Энхбаярын холбогдсон авилгын хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Англи хэл дээр өөрийн албан ёсны цахим хуудас дээр байрлуулжээ. Тус улсын Дээд шүүх ч мөн дүүргийн шүүхээс өмнө нь татгалзаж байсан хэдий ч эцэст нь гаргасан батлан даалтын тухай шийдвэрийг дахин хянаж үзэхээр зэхэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бантай хийсэн ярианыхаа эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай улсад болж буй үйл явдлуудад таныг анхаарал хандуулж байдагт баярлалаа” хэмээн тэмдэглэжээ.

 

James T. Areddy

The Wall Street Journal

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top