Өнөөдөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яам өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж Сүхбаатарын талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Та ЗТБХБ-ын яам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэж үзэж байна вэ?
Дэд бүтцийн асуудлуудыг хариуцаж байгаа яамны хувьд хийсэн ажлууд нь иргэдэд бодитой харагдаж байгаа. ЗТБХБ-ын яамны зүгээс хэд хэдэн үндсэн зорилгыг тавьж ажиллаж байгаа. Эхний ээлжинд 1500 мянган хавтгай дөрвөлжин мкв нутгийг жигд хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд дэд бүтэцжүүлэх,тэр дундаа автозамаар холбох асуудал дээр анхаарлаа хандуулсан. 2014 оны төгсгөл гэхэд Улаанбаатар хоттой бүх аймгууд автозамаар холбогдох бодит бололцоо бүрдлээ. Одоогоор дотоодын нийт компаниуд жилдээ 800-1000 орчим зам тавьдаг хүчин чадалтай болчихсон байна. “Хөгжлийн банк”-наас санхүүгийн эх үүсвэрийг нь гаргаад зургаан аймгийн 500 гаруй км замын асуудлыг шийдэж өгч байна.
Санхүүжилтийнх нь гэрээ хийгдсэн байгаа юу ?
Зургаан аймгийн хувьд гурван аймгийн түвшинд зураг төсөл нь гарчихсан санхүүжилтийнх нь гэрээнүүд хийгдсэн байна. Энэ ням гаригаас эхлээд Завхан, Хөвсгөлийн замын нээлтүүдийг хийнэ. Бодит агуулгаараа энэ асуудал шийдэгдээд явна. Хоёрдугаарт нь Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, аймгийн төвүүдийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний асуудлууд дээр нэлээн анхаарч ажиллах ёстой болж байна. Ялангуяа барилга барих, түүнийгээ хангадаг дэд бүтцийн асуудал нь юу байна вэ гэдэг дээр анхаарна. Улаанбаатар хотын хэмжээнд бид хоёр ч удаагийн орон сууцны барилгын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр компаниудын бүртгэлийн ажиллагааг явууллаа.
Энэ хөтөлбөрийнхөө талаар товч тодруулбал?
Үүнд 152 мянган айлын орон сууц барих газрын асуудал, дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлэсэн бичиг цааснууд ирж байна. Энэ бол өнөөгийн дэд бүтцийн нөөц бололцоог дээд зэргээр хангасны үр дүн юм. Цаашдаа дулааных нь эх үүсвэрт анхаарлаа хандуулахгүй бол өргөжин тэлэх бодит бололцоо байхгүй.
Тэгэхээр өнөөх тавдугаар цахилгаан станц барих асуудал яригдаж эхлэхнээ дээ?
Тиймээ. Дулааны тавдугаар эх үүсвэрийн асуудал гарцаагүй энд хөндөгдөн гарч ирж таарна. Тиймээс энэ чиглэлийнх нь асуудлууд руу цогцоор нь зэрэг анхаарч ажиллах ёстой. Ер нь үндэс сууриуд нь тавигдаад эхэлсэн бөгөөд концессынхоо гэрээний дагуу асуудлууд нь шийдэгдээд явж байна. Мөн үнэлгээнийх нь хэсгүүд хийгдэж байна. Яамны зүгээс энэ жил 160 гаруй тэрбум төгрөгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө мөнгө нь тусгачихсан тендерүүд нь явагдаж байна. Томоохон хорооллуудын түвшинд асуудлуудыг нь шийдэж гаргаж ирэх, нөгөө талд нь моргежийн зээлийн тогтолцоог бодит агуулгаар нь хийж эдийн засгийн зөв голдирлыг олж иргэдийг хоёр дахь зах зээл рүү шилжүүлэх хэрэгтэй. Анхдагч зах зээлээс хоёрдогч зах зээл рүү шилжүүлэх, түүнийгээ багцлаад хямд эх үүсвэр гаргахад анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Зургаан хувийн хүүтэй зээлийг олгоод эхэлчихсэн. Одоогоор 1325 хүн орон сууц санхүүжилтийн корпораци дээр материалаа бүртгүүлсэн байгаагаас 100 гаруй хүн зээлээ авчихсан. Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бондын асуудлыг шийдвэрлэж 50 тэрбум нь дансанд нь орчихсон байгаа. Тийм болохоор энэ ажил цаашдаа хэрэгжээд явчих боломж нь бүрэн хангагдлаа гэж ойлгож байна.
Т.Ялгуун