Бие даасан, шударга, чадварлаг шүүх нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга ёсыг тогтоох үндэс суурь билээ. Ийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд шүүхийн үйл ажиллагааг чадавхижуулах, шүүхийн хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэхээс ажлаа эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх” хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн дэмжсэн. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган зохион байгуулж, шүүх, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл болон иргэд оролцож, шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл, эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргасан билээ.
Энэ бүхэнд үндэслэн шүүхийн тогтолцоог шинэчлэх, бие даасан, хараат бус байдлыг хангах, шударгаар хэрэг, маргааныг шийдвэрлэдэг болгох, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх зорилгоор шүүхийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн захиргааны тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг Улсын Их Хурал өчигдөр буюу 2012 оны 5-р сарын 22-ны өдөр хэлэлцэн баталлаа.
Ингэснээр Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан УИХ-д өргөн бариад байсан шүүхийн багц хуулиуд бүгд батлагдлаа. УИХ өмнө нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиудыг баталсан юм.
Дээрх багц зургаан хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон болон УИХ-ын ажлын хэсэг 3 жилийн турш ажиллахдаа хуулийн бүхий л байгууллага, тэдгээрийн ажилтнууд, хуульчид, өмгөөлөгчид, судлаачид, эрдэмтэд болон ард иргэдийн саналыг авч, бусад орны туршлагыг судлан ажилласан болно.
Эдгээр хууль нь шүүх эрх мэдлийн байгууллагыг хөрөнгө санхүү, зохион байгуулалтын хувьд өөрчлөхийн зэрэгцээ, шүүгчийг сонгох процессыг шинэчлэн, шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод болох, иргэдийн төлөөллийг шүүгчтэй нэгэн адил шүүн таслах ажиллагаанд оролцдог болох эрхзүйн үндсийг тавьж, эвлэрүүлэн зуучлалын цоо шинэ механизмыг бий болгож буй юм.
Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгчид Монголын хуульчдын холбоонд нэгдэж төрийн зарим үүрэг, эрх мэдэл уг төрийн бус байгууллагад шилжиж байна.
20 жилийн дараа анх удаа шүүхийн захиргааг бие даасан байдлаар зохион байгуулж, шүүхийн төсвийг УИХ-д шууд өргөн барьдаг болж, шүүхийн байгууллагын ажилтнуудын цалин хөлс нийгмийн хамгааллыг сайжруулах нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд 2013 оны 7-р сарын 1-ээс, Шүүхийн захиргааны тухай болон Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиуд 2014 оны 1-р сарын 1-ээс тус тус мөрдөгдөж эхэлнэ.
Монгол Улс ардчиллын замаар тогтвортой хөгжсөн улс орон болох нөхцөл бүрдүүлсэн эдгээр хуулиудыг баталсан явдал нь УИХ-ын зүгээс шударга ёсыг хэрэгжүүлж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн түүхэн шийдвэр болж байна.
Эх сурвалж: www.president.mn
Сэтгэгдэл ( 0 )