Саналын хуудсаа яаж будах вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Энэ жилийн УИХ-ын сонгууль шинэчлэгдсэн хуулийн дагуу, сонгогч хурууны хээгээ тулган шалгуулсны дараа саналаа өгөн, саналыг нь автомат машинаар тоолох гэхчлэн цаасан хэлбэрээс цахим тал нь голлосон шинэлэг маягаар явагдана.

Нийт 1839984 сонгогч оролцох ба иргэдэд сонгогчийн үнэмлэх тараахгүй ажээ. Мөн санал хураах хугацаа хоёр цагаар багассан, өөрөөр хэлбэл 07.00-20.00 цагийн хооронд санал авах юм байна. Сонгогчийн хурууны хээ тухайн хэсгийн хороонд очсон хээтэй тохирсон тохиолдолд өөрийнх нь талаарх мэдээлэл гарч ирэн, иргэний үнэмлэхтэйгээ тухайн мэдээлэлээ тулгуулаад саналын хуудсаа авах юм байна.

Саналын хуудасны дээд хэсэгт тойрогт нэр дэвшигчдийн, доод хэсэгт нам, эвслийн нэр, ар талд нь нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс байх аж. Дэмжиж байгаа нэр дэвшигчээ урьдын адил өмнөх дугаарыг дугуйлж зурахгүй, харин нэрийн өмнөх дугуй дүрсийг тусгай зориулалтын балаар дүүргэн будах юм байна. Сонгогч тухайн тойргийн мандатын тоонд тохируулан нэр дэвшигчийг тэмдэглээд, бас нам, эвслээс зөвхөн ганцыг тэмдэглэнэ.

Энд саналын тэмдэглэгээний арга техник өөрчлөгдсөнтэй холбоотой ялимгүй асуудлууд үүсч болох талтай. Учир нь хэдэн жилийн өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудасны тэмдэглэгээ иймэрхүү будах техниктэй болсноос шалтгаалан дугуй дүрсийг хэрхэн зөв будах талаар баахан зааварчилгаа, дасгал сургуулилт болоод байсан билээ. Дугуй дүрсээ яг стандартын дагуу будахгүй бол шалгагч машин уншиж чадахгүй, хариулт чинь хүчингүй болно хэмээн хөөрхий төгсөгчдийг сүрдүүлэн, нөгөөдүүл нь бараг л хичээлээ уншихаас илүүтэй тэр гайтай бөөрөнхийнүүдийг будаж сурах гэж бөөн юм болоод л.  Үүн шиг арай илүү дутуу будчихвал тоологч машин нь танихгүй, сонгогчийн санал хүчингүй болчих юм биш биз?

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top