Салбарын сайдад нь “Баярлалаа” гэе

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 10

Монголд ирэх таван жилд уул уурхайн ямар ч лиценз олгохгүй. Төр нь газар нутгийнхаа 20 хувийг мэдэлдээ авч, уул уурхайн компаниудыг тэнд гар хүрэхийг хориглосон. Хэн ч газар шороог нь ухаж сэндийчихгүй, байгаль орчинг сүйдлэхгүй. Газар доорх баялгийг авахын тулд газар дээрх баялгийг нь устгахгүй. Тиймээс уул уурхайд түшиглэн эдийн засгаа хөгжүүлнэ хэмээн хөөрцөглөж байгаа өнөө үед төрөөс гаргасан хамгийн оновчтой шийдвэрүүдийн нэг нь энэ болж таарлаа. 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын нийт газар нутгийн 20 хувийг улсын нөөцөд авах шийдвэр гаргасан билээ. Үүнээс эхний ээлжинд 103 орчим сая га газрыг нөөцөд багтаана. Харин яваандаа хэмжээ нь нэмэгдсээр нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хүрэх юм. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглов. Нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь тусгай зөвшөөрөлтэй байгаа. Үлдсэн 86 хувьд нь лиценз олгох асуудлыг ийн хориглолоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын санаачилгаар хийгдэж буй ажил энэ юм гэнэ.

Уул уурхайн компаниудын зүгээс баахан хэл ам хийсэн Урт нэртэй хуулийн ачаар энэ оны эцэс хүртэл ашигт малтмалын лиценз олгохыг хориглосон. Харин Засгийн газраас гаргасан шийдвэрийн ачаар ойрын таван жилд энэ асуудал дахин яригдахаа болив. Улсын нөөцөд авсан газруудад геологийн судалгаа явуулж болно. Эрдэм шинжилгээний ажил хийх нь ч нээлттэй. Хэрэв судалгааны багийнхан хийсэн ажлаа эрх баригчдад тайлагнаж чадвал шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Үүний үндсэн дээр зөвшөөрөл олгох эсэхийг шийдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, аль нэгэн яам, агентлагийн дарга дураараа толгой мэдэж шийдвэр гаргахгүй. Танил талдаа уул уурхайн лиценз өгөх боломжгүй болно. Сайн хэрэг шүү. Төрийн нэрээр далайлгаж, хувийн ашиг хонжоо хөөгсөд дураараа дургихгүй. Газар нутаг минь минийх, биднийх хэвээр үлдэх нь. Хэн ч Монголын төрөөс зөвшөөрөл авахгүйгээр ухаж төнхөх эрх өгөхгүй. Түүнээс гадна Засгийн газар нь лиценз олгож буй талбайдаа юу байгаа, хэр их нөөцтэй, хэдий хэмжээний хугацаанд ашиглах боломжтой зэрэг нарийн мэдээллийг олж авч чадах юм. Энэ нь олон давуу талтай. Юун түрүүнд, тухайн газар нутгийн үнэлгээг нэмэгдүүлнэ. Дурын компани лиценз авч чадахаа болино. Тэдэнд тавигдах шаардлага өндөрсөнө. Эргээд нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд ээлтэй ажиллагааг нь хянаж болох юм. Ингээд хэн дуртай нь хүссэн газраа хоорондоо наймаалцаж чадахгүй боллоо.

Мэдээж хэрэг, нэгэнт олгогдчихсон талбайн лицензийг цуцална гэж байхгүй. Харин оронд нь маш нарийвчлалтай тайлан мэдээ шаардах юм. Ер нь эцсийн бүлэгт Засгийн газар уул уурхайн лицензтэй холбоотой бүх асуудлыг хяналтандаа авч чадлаа. Үүний ачаар дахин ийм лиценз олгох явдал эрс багасна. Мөн худалдчихсан хэдэн газраа улам сайн хянана гэсэн үг.

Ер нь төрөөс лицензийн тоог цөөлөх тал дээр иймэрхүү байдлаар онцгой анхаарах болж. Яваандаа энэ нь байгаль орчноо хамгаалах асуудал болон хувирч байна. Үүний тод илрэл нь нийт газрын 20 хувийг улсын нөөцөд авсан явдал. Түүнээс гадна Монголын нутаг дэвсгэрийн 44.5 хувь нь тусгай зөвшөөрөлтэй газар байсан. Энэ хэмжээг 14.2 хувь болгон бууруулсан юм. Ингээд нийт лицензийн тоо 7000 гаруй байснаа 4000 болж багаслаа. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль батлагдсан билээ. Үүний ачаар төр томоохон орд газруудын 51 хувийг эзэмших эрхтэй болсон юм.

Одоо хаа байсан хятад, канадууд хоорондоо ярилцаж байгаад Монголын газар нутгийг наймаалцаж чадахгүй боллоо. Яагаад гэвэл үүний цаана монголчуудын эрх ашиг байна. Яагаад гэвэл энэ бүхнийг харж өмгөөлж хамгаалдаг төр засаг байна. Нэг  хэсэг уул уурхайн салбараас хэт хамааралтай улс орныг бүтээхийн төлөө ажиллаж байсан. Үүнээс үүдээд ашигт малтмалын лицензийг замбараагүй олноор нь олгож байв. Одоо ийм байдал эцэс болж байх шиг. Ямартай ч энэ бүх ажлыг санаачилж буй салбарын сайдад нь “Баярлалаа” гэж хэлье.

Т.Элиса

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top