Улс орны хөгжил нийгмийн даатгалын боловсронгуй тогтолцооноос хамаардаг гэдэг билээ. МАН-ын хувьд хөгжлийн чухал илэрхийлэл болсон нийгмийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх талаар шинжлэх ухаанч үндэслэлтэй саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Нийгмийн даатгалын тогтолцоог ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан шинэчлэн сайжруулах зорилтын хүрээнд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн төвшинг бүрэн нөхөх хэмжээнд нэмэгдүүлэх арга хэмжээг жил тутам хэрэгжүүлнэ гэж тодорхойлжээ. Энэ бол яах аргагүй нийгмийн хамгааллын бодлогод тулгуурладаг зүүний намын байр суурь юм. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг шиг инфляц өсч, буурах нь зах зээлээс хамаардаг нь хууль. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх чимээ дөнгөж сонсогдох төдийд манайд энэ чухал бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт ордог. Тэр хэрээр нийгэмд бухимдал үүснэ. Тэгвэл МАН баримталдаг бодлогынхоо дагуу хүнлэг ёсоор хандах хэрэгтэй гэж үзсэнээ мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж хэлжээ. Бас үнэ, цалингийн өсөлттэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зөрүүг арилгана гэдгээ тодорхой тайлбарлаж байна. Тэтгэврийн зөрүүг арилгана гэдэг маань ахмадаа алагчилж үзэж болохгүй л гэдэг санаа.
Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж өнөөдөр орон зайгаа хүлээгээд байгаа арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгасанд сонгогчид олзуурхаж байна.
Түүнээс гадна мөрийн хөтөлбөрт нь чухал орон эзэлсэн 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна гэдэг өгүүлбэр нь аргагүй л ард иргэддээ анхаарал халамж, тавьж ирсэн улстөрийн хүчнээс гарах санаа биз ээ.
Нийгмийн халамж үзүүлэх тал дээр хур гэж болохоор туршлагатай нам гэдэг талаасаа “Амьдарч чадвал зол чинь. Чадахгүй бол хохь чинь” гээд ээдрээт замын дунд хохирсон иргэдийг хаях сэтгэл МАН-д байхгүй нь олон зүйл дээр харагддаг нь үнэн дүр зураг юм. Одоо тэгвэл нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгож, хүн амын амьдралын баталгааг хангана гэдгээ мөрийн хөтөлбөртөө зориуд шингээжээ. Юуны өмнө орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлэв. Олон хүүхэдтэй өрх толгойлсон ажилгүй эмэгтэйг төр анхааралдаа авна гэсэн үг байх нь. Хүмүүнлэг иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтад нийцсэн зорилт гэж үүнийг л хэлэх байх. Тэгэхлээр МАН байхгүй байсан бол зэрлэг капитализм хаяанд ирэх байсныг үгүйсгэхгүй гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу.
Сэтгэгдэл ( 0 )