Шигтгээ 1: “Инфляци”нэртэй мангасыг дарах ИЗНН-ын төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Иргэн та,  сонин хэвлэлээр инфляци таны амьдралд сөргөөр нөлөөлж, түрийвчин дэх хэдэн бор төгрөгийг чинь хоосолж байдаг зүйлийн тухай бараг залхтлаа сонссон байх.  Үе үе Засгийн газар,  за тэгээд гол нь Монгол банкны хэдэн нөхдүүд бодлогын хүүг нэмж,  энэ нь инфляцийг барихад хэрэгтэй гээд бараг 10  жил ой тойнд чинь цээжлэгдтэл ярьсан.  Гэвч байдал огт өөрчлөгдөөгүй, юмны үнэ өсдгөөрөө л өсч таны амьдралд сөргөөр нөлөөлсөөр л...

 Тэгвэл ИЗННам ямар бодлого санал болгож байна вэ?

-  Юуны өмнө Монгол банкийг инфляцыг нэг оронтой тоонд оруул гэж олон жил шахсан бодлогоос УИХ татгалзаж, Монгол банкинд тийм даалгавар өгөхөө болих,  бодлогын хүүг зөвхөн УИХ,  Сангийн яам,  Санхүүгийн зохицуулах хороо, түүний бүрэлдэхүүнд нь ордог Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр олон нийтэд ил тодоор хэлэлцүүлдэг болох,

-  өмнө дурдсан бүх төрлийн бизнесийг дэмжих арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засгийн идэвхижил нийт эдийн засагт мэдрэгдэнэ, үүний үндсэн дээр зах зээл идэвхижиж бараа,  үйлчилгээний нийлүүлэлт сайжирч,  саад бэрхшээл арилна.  Товчлон хэлбэл,  хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэнэ,  энэ нь шударга өрсөлдөөнд эерэгээр нөлөөлнө, үнийн өсөлтийг сааруулна.

Шигтгээ 2: Махны нийлүүлэлт, хүртээмжийг сайжруулах Монгол хүний хүнсний гол хэрэглээ болох махны нийлүүлэлтийг сайжруулах өнөөгийн төрийн бодлого нь явцуу,  махны үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тодорхойлж чадаагүй,  эрсдлийн дүн шинжилгээнд суурилаагүй, түр зуурын гал унтраах чиглэлд явж ирлээ. 

Иймд малын үүлдэр угсааг сайжруулах,  ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэх,  махны жижиглэнгийн үнийн хөөрөгдөлд нөлөөлж буй завсрын шат дамжлагыг цөөлөх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, 

-  Зах зээлийн мэдрэмжтэй, хөрвөх чадвар сайтай, зохистой сүргийн бүтэц бүхий малчдын бүлгийг төрийн бодлогоор дэмжих,  малжуулах зээлийг төр-арилжааны банкны хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлж, зээлийн дарамтнаас малчдыг чөлөөлөх боломжийг бүрдүүлэх,

- 2012 оны 4 сарын байдлаар л үзэхэд Монгол банкны  “инфляцыг онилох” гэгч бодлогын хүүгээ нэмдэг бодлогын уршгаар арилжааны банкнууд махны компаниудад зээл олгохгүй эсвэл маш хатуу нөхцөлтэйгээр зээл олгоно гэж байгаа нь мах бэлтгэлийн ажилд том садаа болж энэ нь эргээд 2013  онд махны үнийг өсгөх угтвар нөхцлийг бүрдүүлж байна.

Иймээс энэ бодлогод яаралтай цэг тавих хэрэгтэй. 

Шигтгээ 3: Бензин, шатахууны үнийг тогтворжуулах

 2011  оны эцсээс эхэлсэн дотоод зах зээл дээрх шатахууны үнийн гэнэтийн огцом өсөлтийн шалтгааныг иж    бүрэн судалж үзэхэд доорхи алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа юм.  Үүнд:

-  бензиний бөөний ба жижиглэнгийн худалдаанд 2 өөрөөр хандах: их төлөв уул уурхайн компаниудад бөөний үнээр нийлүүлж буй бензиний үнэд аливаа татаас,  татварын хөнгөлөлт,  дэмжлэг үзүүлэхгүй байх,  харин жижиглэнгийн худалдааны үнэд нь зах зээл дээр үнийн савалгаа үүсгэхгүй байх хэмжээнд татварын болон бусад хөнгөлөлт,  дэмжлэг үзүүлэх.

-  бензиний үнийн хэлбэлзэлд валютын ханшны хэлбэлзэл маш их нөлөөтэй бөгөөд гэхдээ валютын ханшны эрсдлээс хамгаалах төрөл бүрийн хэлцлүүд төр ба компаниудын хооронд хийгддэггүй. Хийдэг болох нь бензиний үнийг тогтвортой барихад чухал нөлөөтэй ба түүнчлэн валютын нөөцийн маш бага хэсгийг бензиний 2  сарын нөөцийг бүрдүүлэхэд ашиглах хэрэгтэй.

-  бензин нийлүүлэх гол улсын дотоод зах зээлийн үнээр бензиний тодорхой хэсгийг нийлүүлэх ажлыг Засгийн газар хоорондын шугамаар тохиролцох механизмыг бий болгох.Өөрөөр хэлбэл жижиглэнгийн үнээр зарах хэсэгтээ энэ механизмыг хэрэглэж болно.

-  бензиний зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болгох,  бүс нутгуудад бензиний нөөц бэлтгэх,  агуулах сав гэх мэт дэд бүтцийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизм ашиглан бий болгох.

-  газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хууль эрх зүйн үндсийг сайжруулж ил тод болгох,  дотооддоо бензин үйлдвэрлэх төрөл бүрийн боломжуудыг хувийн хэвшилд нээж өгөх.

Дээрх дурдсан бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэхээс гадна цалингийн хэмжээг улс төрийн зорилгоор нэмэх,   шоудаж зарладаггүй байх,  хавтгайрсан халамжийг хязгаарлаад,  төсвийн үрлэгэн зардлыг багасгачихвал инфляци гэдэг үзэгдлийг гааруулахгүй байх бүрэн боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top