Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэн хүнгүй ярьж байна. Анхаарлаа хандуулж байна гэхээр халамжийн тухай ярихаас бус боловсрох, эрүүл мэндийн үйчилгээ үзүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх орчныг бий болгох талаар дурсахгүй. Харин энэ асуудалд ИЗНН-ынхан анхаарлаа хандуулахаар болсон сайхан мэдээ байна. Тэд “Амьдрал” мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах хүнгүй ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө хэд хэдэн ажил хийхээр тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит байдал ямар төвшинд байгаа талаар АИФО олон улсын байгууллагын менежер Л.Энхбуянттай ярилцлаа. АИФО хэмээх Италийн төрийн бус байгууллага нь манай улсын төрийн болон ТББ-уудтай хамтран “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.
-Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрөөс халамж авч, ойр дотны хүмүүсийн хараа хяналт дор байдаг гэсэн ойлголт ихэд өөрчлөгдсөн. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсоё?
-АИФО байгууллага нь 1991 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн. Дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд АИФО-гийн бүх үйл ажиллагааны хөтөлбөр нь чиглэгддэг. Хөтөлбөрийн хүрээнд ХБИ-дийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон таатай амьдрах орчин нөхцлийн асуудлууд багтдаг. Цаашлаад хүний эрхийн тухай асуудал байна. Энэ бүх асуудлыг хөндөж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс /ХБХ/-ийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах /НХОТСЗ/ үйл ажиллагаа явуулдаг. НХОТСЗ энэ хандлага гэдэг нь юуг хэлээд байна гэвэл ХБХ-ийг нэг талаасаа чадавхижуулах, нөгөө талаасаа ХБХ-т үзүүлж байгаа төрийн болон нийгмийн бусад үйлчилгээнүүдийг цаг тухайн үед нь зөв зохистой явуулах асуудал байдаг. Үйлчилгээ гэж, нэг талдаа чадавхи гэж яриад байгаа ерөнхий ойлголт юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд онцгой нөхцөл, тусгайлсан арга хэмжээнүүдийг шаардлагатай байдаг. Тиймээс ч үүнд нь таарч тохирсон арга хэмжээг авах, яаж зохистой менежментийг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд АИФО байгууллагаас ЭМЯ, НХХЯ, Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн комисс, СЗҮТ зэрэг олон байгууллагуудтай хамтраад ХБХ-ийн талаар авах арга хэмжээг цогц байдлаар явуулахыг зорьж байна.
-Хэрэгжүүлж байгаа ажил, үйл ажиллагааныхаа талаар сонирхуулаач?
-Бидэнд хийх, хэрэгжүүлэх ажил олон байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн асуудал гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүн яавал зөв зохистой хооллолтыг бий болгож чадах вэ, эмчилгээ үйлчилгээг аль эмнэлгээс яаж, хэрхэн авч болох вэ нөгөө талаар нийт хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг эмнэлгийн байгууллагуудтай болон бусад байгууллага, хүмүүстэй хамтран хэрэгжүүлэх ажил хамгийн чухал. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн асуудал. Бид сүүлийн жилүүдэд ялангуяа тархины саажилттай хүүхдүүдийг яаж эрт илрүүлж, зогсоох асуудлыг онцгой анхаарч байна. Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах талаар ихэд анхаарч байна. Хөдөлгөөний бэрхшээл нь янз бүрийн байдлаас бий болдог өвчин. Манай улсад хөдөлгөөний бэрхшээл нэлээд давамгай байдаг. Энэ бэрхшээл нь хамгийн их хүндрэл учруулдаг. Монголчуудад зүрх судасны өвчин нэлээд зонхилдог бөгөөд үүнд бид их анхаарал хандуулдаг. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боловсролыг яаж олгох вэ гэдэг асуудал байдаг. Бага, дунд болон их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших бол нэгээхэн хэсэг нь юм. Харин жинхэнэ амьдрах ухаанд суралцах боловсролыг олж авах гэдэг хамгийн чухал асуудал байдаг. Өнөөгийн байгаа нөхцөлдөө хэрхэн ая тухтай амьдрах вэ гэдэг арга ухаанд суралцах нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш чухал. Иймд тэр боломжийг олгож, өөрт нь ойлгуулж, эзэмшүүлэх эхлэлийг нь бид тавьж өгөхөд л анхаардаг. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлэн мөнгөөр тэтгэх, ажлын байр гаргаж албадаж оруулах нь чухал биш. Харин тэр хүний тархинд, өөрт нь хөдөлмөр эрхэлж байж ашиг орлого олж таатай амьдрах боломжтой гэдгийг ойлгуулах нь чухал. Энэ ухамсар, сэтгэлгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ойлгуулах талаар бид сүүлийн жилүүдэд онцгой анхаарч олон ажил хэрэгжүүлж байгаа.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөр бодит амьдрал дээр бусад улс орноос илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжиж байгаа учраас л уг хөтөлбөрийн санхүүжилт олон жил үргэлжлээд байна гэж ойлгодог. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энд онцолж хэлэхэд, АИФО байгууллагын төсөл хөтөлбөр анх дэлхийн 80 гаруй улс оронд хэрэгжиж байсан. Харин одоо 25 улсад төсөл хэрэгжиж байгаа. Тэдний нэг нь Монгол Улс. Эдгээр төсөл хэрэгжиж байгаа улс орныг харж, ажиглахад хөтөлбөрийг улс орны хэмжээнд бүрэн хамруулж хэрэгжүүлж ирсэн нь ганц манай улс гэж болно. Энэ бол монголчууд аливаа үйл хэргийг хүнлэг сэтгэлээр хамтарч хийдэг чанартай холбоотой юм болов уу. Бусад улсын хувьд уг төсөл хөтөлбөрийг ТББ-ын, шашны байгууллагын хэмжээнд эсвэл тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд л ажиллаж байгаа юм. Харин манайд төрийн болон ТББ-аас эхлээд бүх хүн нийтээрээ хамрагдаж байгаа нь хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт, сэтгэлгээтэй шууд холбоотой.
-Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан хууль эрх зүй нь дэлхий нийтийн баримталж байгаа бодлого, чиг хандлагатай хэр нийцдэг вэ?
-Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн хүрээнд зарим улс оронтой харьцуулахад хуульд ерөөсөө тусгаагүй, хэрцгийгээр таслан зогсоосон, хүний эрхийг хөндсөн заалт байхгүй. Харин бодит амьдрал дээр хууль хэрэгжихгүй асуудал, бас засч залруулах юм бол байна. Ялангуяа Халамжийн хуулинд онцгойлон анхаарч засч залруулах, тодотгох юм бий.Тухайлбал, халамжийн тухай асуудлыг хөндөхөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүт халамж өгөөд, ажил хийлгэхгүй суулгаад байх уу эсвэл энэ хүмүүст өөрт нь байгаа чадварыг ашиглаад түүнийг нь хөгжүүлээд явах уу гэдэг асуудлыг төрийн бодлогод нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Сүүлийн үед ДЭМБ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас хамтран гаргасан бичиг баримтуудад тодорхойлсон хандлага нь тухайн хүнд ямар чадвар байгааг тодорхойлоод, түүнд нь тохирсон хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бид 2010-2011 оноос эхэлж НХХЯ, ЭМЯ, НДЕГ зэрэг төрийн болон ТББ-уудтай энэ талаар ярилцаж байна. Сүүлийн үед монголчуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэр томъёонд хамрагдсан тухайн хүн “Төрөөс халамжийн мөнгө аваад сууж байна” гэсэн хандлага, ойлголт авчихаад нийгэмд идэвхгүй нэгэн болж байна.
-Тэгвэл энэ хандлагыг өөрчлөх талаар ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Тухайн хүний нийгмийн идэвх оролцоо, түүний эргэн тойрны хүмүүсийн чадвар алдалтын талаарх зөв ойлголт, оролцоо хамгаас чухал. Өөрт байгаа чадавхи, бололцоогоо дайчлах гэсэн хүсэл, эрмэлзлэлтэй байж л ажилтай, орлоготой болно. ХБХ-ийг хамт олонд түшиглэн сэргээн засдаг гэдгийг хүн бүр ойлгох ёстой.Ингэснээр төр засгаас явуулж байгаа арга хэмжээ болон олон улсын байгууллагаас ирж байгаа хандив тусламж нь нэг багц болж цогцоороо тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст очиж бодит үр дүн нь гардаг. Тэгэхээр одоо төрийн бодлогыг үүнд чиглүүлсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Монгол хүнийг ажил хөдөлмөр эрхлэх хүслийг бадрааж, өөрийн амьдралаа аваад явдаг сэтгэлгээг нийгэмд бий болгох бодлогыг баримтлах ёстой. Тиймээс ч бид НХОТСЗ арга, менежмент, бодлого, хандлагыг бий болгохын төлөө ажиллаж хүмүүст зөв ойлголт өгч байгаа. Энэ ажил, үйл хэрэг үр дүнд хүрч байна. Өнөөдөр “Та хэдэн хувийн чадвар алдалттай байна шүү “гэж сэтгэл зүйн хүнд цохилтонд оруулахаас сэргийлэх ёстой. Харин “Та 50 хувийн чадвар алдалттай байна, та ийм ийм ажил хийх боломжтой” гэсэн жагсаалт үзүүлэхэд тэр хүнд их урам өгнө. Ийм л чиг хандлага хэрэгтэй байна. Өнөөдөр манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 15-хан хувь нь боловсрол эзэмшиж байна. Энэ бол үнэхээр чамлалттай тоо. Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хувьд ч шийдвэрлэх асуудал ч бий. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүн сонгуульд оролцоход зориулсан баррель үсгээр санал өгөх боломж өнөөдөр байхгүй байгаа.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )