Хуульч, эрх зүйч Д.Баттулга: “Үнэнч чанар, гүн итгэл хоёр”

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Эрхэм уншигч та бүхнийг УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Сүхбаатар дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшигч Д.Баттулгатай уулзуулъя. Тэрээр хууль, эрх зүйгээр мэргэшсэн нэгэн бөгөөд өөрийн чадвар мэдлэг, туршлагаа ард олныхоо төлөө зориулахаар сэтгэл шулууджээ. Түүний шударга хийгээд илэн далангүй, товч ярианд анхаарлаа хандуулна уу.

 -       Таны бодлоор “Төр” гэж юу вэ?

   Д.Б: Би үүнийг Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Т.Галсан гуай миний мунхаг ухаанаар  “Өөрийн эх орон, улсынхаа тусын тулд бурууг засч, зөвийг тэтгэж, мууг цээрлүүлж, сайныг жолоодож, найман зовхист найрамдаж, холыг ойртуулж, хотлыг алдаршуулж, ёс суртахууны үүрэг бүхий хууль цаазаар засаглахыг хэлнэ” гэж маш энгийнээр хэлснийг дэмжиж  өнөөгийн нөхцөлд оновчтой хэлсэн гэж бодож явдаг.

      “Төр түвшин байвал түмэн олон амгалан байна” хэмээх үг байдаг. Түмэн олон өөрийн эх орон, улсынхаа тусын тулд бурууг засч, зөвийг тэтгэж, мууг цээрлүүлж, сайныг жолоодож,тэдний эрх ашигт нийцсэн  ёс суртахууны үүрэг бүхий хууль цаазаар засагласан тохиолдолд амгалан байж, төр түвшин байна.

-       Тэгвэл “Төрийн түшээ” гэж хэн бэ?

            Д.Б: Дээдэс нь гүйдлээ олохгүй бол доодос суудлаа олохгүй гэсэн үг бий. Энэ үгнээс улбаалж бодвол сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг төрийн түшээ тийм л хүн байх ёстой.

-       Та УИХ-д нэр дэвшиж буйн хувьд “УИХ-ын гишүүн” гэж ямар хүн байх ёстой гэж бодож явдаг вэ?

   Д.Б: Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд заасан ард түмний элч байх үүргээ биелүүлж чадах чадвар бүхий ард иргэдээ сонсдог, үнэнч чанартай, улсынхаа эрх ашгийг дээдлэх өндөр ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлага хүлээх чадвартай улс төрийн бодлогын илэрхийлэл байж чадах хүнийг хэлж болох байх.

-       Өнөөдөр Улсын ИХ Хурлаас батлагдан гарч байгаа хуулиуд нь их, бага гэлтгүй ямар нэг шүүмжлэлд өртөж байдаг. Та  хуульч хүн, энэ талаархи таны бодол?

Д.Б: Бүх зүйлийг төгс төгөлдөр шийдэх боломж бага байдаг ч  Улсын Их Хурлаас батлагдсан хуулиуд дотор цаг үеийн шаардлагаас шалтгаалаад түргэвчилсэн, яаруу сандруу шийдсэн, үүнээсээ болоод бодит амьдралд төдийлөн нийцэхгүй, хүндрэл учруулах, өөр бусад хуулиудтай зөрчилдөх, ойлгомжгүй, хэрэгжүүлэх явцад Дээд шүүхийн тайлбар шаардсан хууль тогтоомжууд гардаг. Мөн хууль хэрэгжих насжилт багатай, улс орны нйигэм эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвах муу хууль батлагдсан байдаг. Энэ нь мэргэжлийн болон тодорхой салбарын онцлогийг харгалзаж үзээгүй, ард иргэд, иргэний нийгэм, сонгогчдоос санал асуулга, хэлэлцүүлэг дутуу хийгддэг, хууль зүйн мэргэжлийн байгууллагын үзэл, сонирхолыг харгалзаж үзээгүйтэй холбоотой байдаг.Иймд хуулийн хэрэгжих насжилт удаан, хувийн буюу иргэний эрх зүйн салбар дахь хууль тогтоомжуудыг тогтвортой байлгах, машиныг туулах чадвар сайтай гэж ярьдаг шиг хууль нь нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чадавх сайтай, амьдралд нийцсэн хууль гаргаж чадаж байвал хууль тогтоох байгууллагын болоод Улсын Их Хурлын гишүүны нэр хүнд, ард иргэдийн өмнө сайн байж чадна.

Энэ нь хууль тогтоогчид нь иргэний нийгмийг сонсдог, ард түмний эрх ашгийг дээдэлдэг,  үнэнч чанартай байж чадвал, тэдний гүн итгэлийг дааж чадна гэсэн үг юм даа.

Г.Өнөмөнх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top