Хөрөг
“70-аад оныхон”хэмээх нэг сайхан нэвтрүүлэг тун саяхнаас телевизээр цацагдах болсон. Энэ нэвтрүүлэгт оролцсон зочид улс эх орноо авч явах ээлж халаа бидэнд ногдлоо гэж хэлж байх юм. Үүнийг сонсоод“нээрээ ч тийм дээ” гэсэн бодол толгойд зурсхийсэнсэн.
70-аад оныхон. Тэдний нэгнийхөргийг би “зурж” сууна.
Тэр үед гудамжинд тоглож гүйж явсан “бацаанууд” эдүгээ улс төр, бизнест бөөн бөөнөөрөө хүч түрэн орж ирж байна. Өмнөх үеийхнийгээ хэзээ ч байгаагүйгээр хүчтэй шахаж түрж байна. Нэг үгээр хэлбэл тэдний цаг нь ирсэн байна.
Б.Түвшин бол энэ 70-аад оныхны төлөөлөл яах аргагүй мөн. 1990-ээд оны сүүлчээс би энэ залууг мэдэх юм. Б.Түвшинбагынл хичээл зүтгэлтэй, сурлага сайтай хүүхэд байж. Тиймээс ч МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцан онцсайн дүнтэй төгссөн байна. Энэ сургууль бол манайдаа л Харвард, Кембриж шүү дээ. Төгсөгчид нь энд суралцсанаараа бахархдаг. Том компаниуд ч Эдийн засгийн сургуулийн “бүтээгдэхүүн” гэхээр булаацалддаг.
Тэрбээр “Эрэл” ХХК-ийн Эдийн засаг, санхүүгийн албанд ажиллаж байлаа. Шинэ тутам ажилд томилогдсон залуу хүн гэхэд мэдэхгүй чадахгүй гээд урвайж унжийгаад явдаггүй. Тэр том компанийн санхүүгийн тоо, цаас хоёрт үүртэж түүртэж суудаггүй байв.
Гэхдээ Б.Түвшин сайн сургууль төгссөн, гайгүй ажилд орсон гээд өөрийгөө тоогоогүй. Хүн өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байна гэдэг өсч дэвжихийн үндэс болдог. Б.Түвшинд ийм чанар тод мэдрэгдэж байдаг. Тэрбээр Итали, Англи гээд өнө эртнийтүүх бүхий, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог томоохон орны нэр хүндтэй сургуулиудад суралцсан байна. Энд өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтнүүдээс үг дуулж, өөрийгөө шинэ санаа, илүү боловсролоор цэнэглэж чаджээ. Ингээд зогссонгүй эдүгээ МУИС-ийн Хуул зүйн сургуульд суралцаж байгаа.Бас Эдийн засгийн сургуулийн докторантурт элсэн суурь судалгааны сэдвээ сонгон авч “нухаж” буй гэх.
Аливаа байгууллагад нягтлангууд шиг ажил ихтэй хүмүүс ховор. Өглөө ажилд ирэхэд сууж л байна. Орой ажлаа тараад явж байхад суугаад л үлддэг. Эдийн засаг, санхүүгийн тооцоо,судалгаа хийнэ гэдэг сэтгүүлч бидний сурвалжлага хийхээс тэс өөр. Нүд эрээлжилмээр олон тоог комьпютерийн дэлгэцнээ “хөдөлгөнө”, бодно. Энэ олон тооны ард байгууллага, компаний эдийн засаг, санхүүгийн хувь заяа, түүнийг дагаад орших, эс оршихуйн асуудал шууд хөндөгдөнө гэсэн үг.
Тэрбээр одоо АПУ хэмээх манай улсын ууган том үйлдвэрийн тэргүүн санхүүч. Энэ айлын яаж хөдлөх нь Б.Түвшингийн ур ухаанаас шууд хамааралтай. Түүний хөдөлгөж байдаг тэр олон тоонд л энэ ид шид оршино гэсэн үг.
Б.Түвшин бол зөвхөн “тоо хөдөлгөдөг” хүн бишээ. Тэрбээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Төсөв, санхүүгийн хорооны даргын сонгуульт ажилтай. Ажлын идэвхитэйгээс гадна нийгмийн ажлын “хэнхэгтэй” гэсэн үг. Б.Түвшингийн хувьд цалинтай ажлын хувьд АПУ ХК-ийн тэргүүн санхүүч, цалингүй ажлын хувьд 100.000 давсан хүн амтай томоохон дүүргийн топ санхүүч гэсэн үг.
70-аад оныхны цаг нь иржээ гэж би дээр хэлсэн. Б.Түвшингийн хувьд эрийн цээнд хүрч, эрдэм боловсрол, эрч хүч нь тэгширчээ. Тийм ч учраас одоо “ачаа даах” болсон гэж үзсэн хэрэг. Энэ ачааг үүрч чадна гэдэгтээ ч тэрээр итгэлтэй байгаа.
“Хийж бүтээж, хичээж зүтгэж байгаа бүхнийхээ үр дүнд би сэтгэл хангалуун байдаг. Миний ажил миний баяр баясгалан юм” гэж Б.Түвшин нэгэнтээ хэлсэн. Хүн хичнээн баян байлаа ч сэтгэл дүүрэн бус бол аз жаргалтай байж чадахгүй гэж түүний хэлсэн үгээр энэ хөргөө өндөрлөе.
Сэтгүүлч Д.Сандагсүрэн
Сэтгэгдэл ( 0 )