Монгол Улсын гавьяат хуульч, доктор профессор Б.Чимидтэй ярилцлаа.
-Иргэд улстөрийн намуудад итгэх итгэл алдсан үед сонгуулийн хууль шинэчлэгдлээ. Цаг үеийн хувьд оновчтой шинэчлэл болж чадсан уу?
-Сүүлийн үеийн хэвлэлийн тоймоос харахад энэ жилийн сонгууль өвөрмөц болох магадлалтай. Харин сонгуулийн хуулийн шинэтгэлийн утга учрыг иргэд, сонгогчид төдийлөн сайн ойлгоогүй нь харагдаж байна. Энийг бүхэлд нь ойлгуулж засварлах цаг хугацаа боломж одоогоор байхгүй. Улс төрийн намууд нэр хүндээ алдсан шалтгаан нь улстөрчид парламентын үйл ажиллагааны явцад алдаа гаргасан. Миний хувьд үүнийг өмнөх сонгуулиудаас болсон гэж үздэг. Тиймээс сонгуулийн тогтолцоог шинэчлэе гэж сүүлийн 7-8 жил ноцолдлоо. Гэхдээ миний оролцооноос талаар болсон зүйл нэлээд хэд бий. Өнөөдрийн сонгуульд санал өгөх гэж байгаа хүн өмнөхөөсөө чанарын хувьд өөрөөр хандаж бодолтой байх хэрэгтэй. Улстөрийн утга агуулгыг зөв ойлгоосой гэж хүсч байна.
-Сонгуулийн хууль шинэчлэгдэж холимог тогтолцоог сонгосон. Пропорциональ тогтолцооны элемент оруулсан нь ямар давуу талтайг сонгогчид төдийлөн сайн ойлгоогүй байгааг та хэлж байна уу?
-Энэ жилийн сонгуулийг холимог тогтоогоор явуулна гэж байгаа. Сонгуулийн тогтолцоонд үнэндээ холимог тогтолцоо гэж байдаггүй юм. Өөрөөр хэлбэл бантан болсон тогтолцоо гэсэн үг. Харин сонгуулийн тогтолцоонд Үндсэн хуулиар тогтоосон зарчимууд хэвээрээ, түүнийг хэрэглэдэг сонгогчдын саналыг тоолдог парламентын гишүүдийн суудлыг хуваарилдаг арга тогтолцоог шинэтгэсэн. Олонхийн санал авсан эсэхийг тоолох. Энэ нь хуучин мажоритари тогтолцоотой төстэй. Тойрог бүр дээрх мандатын тоогоор нэр дэвшигчдийн дундаас сонгогчид өөрсдийн дэмжсэн хөтөлбөр, улстөрч, УИХ-ын гишүүний итгэл биелүүлж чадна, шударга, шинэ залуу хүн гэж итгэлээ өгсөн хүнийг шууд санал хураалтаар тодруулна. Шинэ хуулиар 48 хүн тойргоос сонгогдох болж байгаа. Харин холимог тогтолцооны пропорциональ буюу намуудын жагсаалтаар гэдэг нь хувь тэнцүүлэн сонгох гэсэн үг. Нам болон нэр дэвшигчийг хамт дэвшүүлэх замаар УИХ-ын гишүүний орон тоог бөглөх юм. Намын санал хуульд заасан босго онооноос дээш хувийн хэчнээн санал авсныг хувилж гаргах юм. Аль нам өндөр хувийн санал авна парламентад төдий чинээ олон суудал авна гэсэн үг, үүнийг хувь тэнцүүлэх гэж байгаа юм.
Хувь тэнцүүлэх тогтолцоог дэлхийн олон улс гүрнүүд хэрэглэдэг. Манай улс 1992 онд хэрэглэх гэж оролдож байсан. Энэ систем нь улстөрийн намуудыг ижил тэгш эрхтэйгээр өрсөлдүүлдэг. Өөрөөр хэлбэл том нам гэж давамгайлах, жижиг нам гэж хоцрох гэсэн ойлголт байхгүй. Сайн хөтөлбөртэй, ард түмэндээ хэр их илүү итгэгдсэн байна гэдгээрээ өрсөлдөхөөс биш том жижиг нам гэж ялгагдахгүй санал авна. Ингэснээр хамгийн гол нь олон жил парламентын сонгуульд өрсөлдсөн ч УИХ-д орж ирэх хэмжээний санал авч чадахгүй явсан намуудыг парламентын бүрэлдэхүүнд өөрийн төлөөлөлтэй болох боломжийг олгож байгаа. Үүнийг харж ийм өөрчлөлт орж байгаа юм. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам эвсэж нэгдэх нь нэгдээд 11 улстөрийн хүчин болж энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна. Сүүлийн 20 жилд сонгуульд өрсөлдөж байгаа 11 нам эвслээс МАНАН гэж нэрлдэгдээд байгаа МАН, АН парламентад олонхийн суудал авч, бусад гэгдээд байгаа жижиг намууд ганц нэг төлөөлөлтэй явж ирсэн.
-Судлаач, хуульч хүний хувьд ажиглаж байхад энэ жилийн сонгуулийн өнгө хэрхэн ажиглагдаж байна?
-Саяхны сонинд улстөрийн намуудын судалгааны дүн нийтлэгдсэн байна. Энэ судалгаагаар АН тэргүүлж дараа нь МАН, араас нь МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл, дөрөвдүгээрт ИЗНН орсон байна. Намуудын хөгжлийн хандлагыг судалдаг хүний хувьд хэлэхэд улстөрийн намууд хөрөнгөтний хувьсгалтай зэрэгцэн бий болсон. Хөгжлийнхөө явцад гурав дөрвөн үеийг туулжээ. Энэ завсар шинэ либераль намууд үүссэн. Шинэ үүссэн намуудын хувьд ИЗНН-тай төстэй, ногоон үзэлтэй намууд сүүлийн жилүүдэд олон улсад хүчээ авч байна. Тухайлбал, евро парламентад ногоон үзэлтэй нам зонхилох хувийг эзлэх болсон. Тиймээс сонгогчид ИЗНН-ын хөгжлийн ирээдүйн хандлагыг харж өмнөх сонгуулиудаас илүүү хувийн санал өгөх болов уу гэж таамаглаж байна. Мөн жижиг гэгдэх намуудын төлөөлөл парламентад орж ирвэл нийгэм улстөрийн нөхцөл байдал тогтворжино. Нэгийгээ ёворч маргадаг, гүтгэдэг доромжилдог, дайрдаг байдал багасах болов уу гэж иргэн хүний хувьд горилж байна.
-Таны хүргэн М.Энхтайван ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Та хүргэндээ хэр дэмжлэг үзүүлж байна. ИЗНН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд ямар байр суурьтай байна?
-Манай том хүргэн ИЗНН-аас Баянгол дүүрэгт УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байна. М.Энхтайван төдийгүй ИЗНН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүсийн хувьд улстөрд нэр цэвэр, шударга, шинэ залуу хүчин түлхүү орж ирж байна гэж харж байгаа. М.Энхтайванд УИХ-ын гишүүнд тавигддаг Үндсэн хуульд заасан, иргэдийн бодож явдаг шаардлагад нийцсэн боловсрол, мэдлэг туршлага, зан авиртай бүгд бий. Хэдийгээр би хадам аав ч гэлээ манай хоёр гэр бүлийн амьдрал нэг учраас хүүгээ би сайн мэдэж байна. Итгэж болно гэж хэлэх байна. Монголын анхны хувийн орос сургууль болох “Русская Гимназия”-г байгуулсан. Анх айлын байшинд түрээсээр байрлаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр боловсролын салбартаа нэр хүндтэй сургалт, орчин сайтай цогцолбор сургууль болтлоо өргөжсөн байна. Шуудхан хэлэхэд гэрээ засчихаад төрөө засалцахаар зүтгэж байгаа хүнийх нь хувьд хэлэхэд улсын хөрөнгө рүү хошуу дүрчихгүй, хүнийг хэлмэгдүүлчихгүй, ядарсан зүдэрсэн нэгнээ дээрэлхэж хуурай агсам тавиад байхгүй төлөв хүмүүжилтэй хүн. Улам судар хөөвөл нэрт зохиолч Тангадын Галсангийн хүү. Хөгшүүл дээрээ өссөн хөдөөний бор жаал. Хөгшүүл дээр өссөн Монгол хүүхэд хөлд орохоосоо хөдөлмөрт суралцсан байдаг юм.
-Олон улсад иргэний, ногоон үзэл баримтлалтай улстөрийн намуудын байр суурь бэхжиж, төрийн эрх барих ажилд нэлээд түлхүү орж ирж байна. Ийм үзэл баримтлалтай ИЗНН-ын хөгжлийг та хэрхэн харж байна?
-1990 онд ардчиллын бужигнаан дунд Англи, Франц, АНУ орнуудаар явж эрх баригч болон парламент, засгийн эрхээс гадна байгаа намуудын төлөөлөл, даргатай нь уулзалт хийсэн. Тэр үед ногоон нам нэлээн шинээр гарч ирж байсан юм. Англид гэхэд ногоон нам гарч ирэн парламентад ганц хоёр гишүүнтэй болчихсон байсан. Дараа нь Английн ногоон нам европарламентын гишүүдийн 15 хувийн суудлыг авсан байна. Би саяхан дэлхийн улстөрийн намуудын үечлэлийг судалж үзлээ. Үүн дотор орчин цагийн улстөрийн намын хөгжлийн шинэтгэлийн дотор ногоон нам нэлээд тодорхой байр суурь эзэлж байна гэж эрдэмтэд үзсэн байна. Ногоон эдийн засаг гэдэг нь хүний амьдралын жам ёсны амьдралыг судалж, гаргаж ирж ажил хэрэг болгох гэж байгаа юм. Иргэд зөвхөн байгаль хамгаалал гэж андуурч байж магадгүй. Хүн, байгаль жамаар төрж, өсч, ойчиж насыг илээдэг. Тодруулж хэлбэл, хүн байгаль хоёрын хүйн холбоог илэрхийлдэг байгалийн жам ёсны дагуу ажил үйлдвэрлэлээ эрхлэж явуулъя гэсэн сургаал, сэтгэлгээ, тогтолцоог нэвтрүүлэх, тогтоох гэсэн нам юм. Миний хувьд ИЗНН-ын гишүүн биш. Иргэнлиг байдалтай, ном, хууль судалдаг учраас аль нэг улстөрийн хүчинд тал засахыг хүсдэггүй юм. Нэг дурсамж ярихад, Ардчиллын алтан харайцай С.Зориг агсны нам гэж хүргэнээ элсэхэд билэгшээсэн тал бий. С.Зориг бид хоёр 1990- онд хуучин шинийг төлөөлж өөд өөдөөсөө хараад хэлэлцээр хийж байсан. Дараа нь анхны парламентын удирдлагад намайг ажиллаж байхад С.Зориг гишүүн нь байсан. Түүнчлэн нутгийн удирдлагын асуудлаар хамтран ажиллая гэж ярилцаж байлаа. Гэхдээ би С.Зориг сайн байсан, сайн байдаг, санан дурсдаг гэж хэлээд байдаггүй. Төрийн бодлого өөрөө битүүхэн байх ёстой. Түүнээс дийлдсэн талд нь далдагнаж явдаг дүн дан гэсэн бодлоготой байж болохгүй.
Х.Мөнхжин
Сэтгэгдэл ( 0 )