(Гадаадын хэвлэл мэдээллийн тойм ба үйл явдлаас хийж болох үндсэн дүгнэлт)
Н.Энхбаярыг баривчилсан тухай гадаадын хэвлэл, сайтуудад юу бичив?
Н.Энхбаярыг баривчилсан тэр өдрөөс гадаадын хэвлэл, мэдээллийн агентлагууд мэдээлж, зарим нь цагдаа нар гэр рүү нь дайран орж байгаа бичлэгийг нэг биш сайтад тавьжээ. Мэдээг ОХУ, АНУ, Ази, Европын олон хэвлэлд гаргаж, сайтуудад тавьжээ. Ихэнх нь үйл явдлын өрнөлийг мэдээлсэн, зарим нь үнэлэлт дүгнэлт өгөхийг оролдсон байдалтай байна. Жишээлбэл:
- Nikkei.com April 14, 2012 shanghai /Dow Jones/ сайт бичихдээ:
Дэлхийн хэмжээнд нэн хурдтай хөгжиж буй эдийн засаг бүхий Монгол оронд экс ерөнхийлөгч Н. Энхбаярыг баривчилснаар улстөрийн тогтворгүй байдлыг бий болгов. Мөн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлэв гэж Улаанбаатарт ажиллаж буй хөрөнгө оруулалтын шинжээчид дүгнэж байна гэжээ.
- Chinapost.com april 14, 2012-ын мэдээнд:
АТГ-ын мөрдөн шалгах тасгийн дарга Амарбатын үгийг, түүнчлэн МАХН-ын гишүүд дэмжигчид экс ерөнхийлөгч Н.Энхбаярын халдашгүй байдал ба улс төрийн зорилгоор баривчилсан тухай мэдэгдсэнийг онцолж бичжээ.
- Улаанбаатарт ажиллаж байгаа Английн ЭСЯ-ны консулын газар 2012 оны 4 сарын 14-нд, АНУ-ын ЭСЯ-ны консулын газар 4 сарын 16-нд Монгол дахь өөрийн улсын иргэддээ аюулгүй байдлын үүднээс орой үдэш, мөн олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулжээ.
- 2012 оны 4 сарын 19-нд 131 орны 600 мянган сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгүүлчдийн Холбооноос мэдэгдэл гаргаж Монголын экс ерөнхийлөгч Н. Энхбаярыг баривчлах үеэр цагдаа нар хэвлэлийн эрх чөлөөнд халдсаныг шалгахыг Монголын цагдаагийн байгууллагаас хүсэв. /scoop.co.nz/
Монголтой холбоотой ажиллаж байгаа хөрөнгө оруулагч компаниудын шинжээчид үйл явдлыг нэн анхааралтай ажиглаж бие биендээ мэдээлэл өгч Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус мэдээлэл гарч байгаа учраас өөрсдөө бодитой мэдээлэл олж авахыг эрмэлзэж байна гэжээ. Тэд Н.Энхбаяр бол монголын ард түмний дэмжпэгийг хүлээсэн улстөрч гээд эрх баригчид авилгын эсрэг тэмцэхдээ хууль бүү зөрчөөсэй гэж хүсэж байна. Jon Springer гэдэг хүн блогтоо баривчилгаатай холбоотой бүхий л мэдээллүүдийг тавьсан ба дор нь 20 гаруй гадаадын хүмүүс сэтгэгдэл үлдээжээ. Сэтгэгдлүүдэд хууль бүү зөрчөөсэй, Монголын хамгийн баян 50 хүний нэг Энхбаяр биш харин ерөнхий сайд Сү.Батболд тэрбумтан болсон байхаа, гэтэл Энхбаярыг баривчлав гэх мэтээр бичжээ.
Баривчилсан зорилго нь юу байв?
Энхбаярыг баривчилсан шалтгааныг УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР гэдгийг дотоод, гадаадын ажиглагч шинжээчид тэмдэглэж байна Жишээлбэл Монголд ажиллаж байгаа гадаадынхны сайтад хорь гаруй хүн Н.Энхбаярын баривчилгааны талаар санал бодлоо хуваалцаж сэтгэгдэл бичицгээсэн байх бөгөөд нэг хүн ингэж бичжээ:
I wached it on TV I was shocked at the barbaric, brutal methods used by the police and may be politivans behind them. Politics took a new and ugly turn, bc – Mongolia.org
Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н. Энхбаярыг баривчилсан нь Монголын улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн уул уурхайн баялгийг захиран зарцуулах гэсэн өөр хоорондын улангассан өрсөлдөөний үр дүн юм. Энхбаярыг баривчилсны цаана:
- 2012 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО нуугдаж байна.
- Энхбаярыг улстөрөөс шахан гаргаж, гол нь түүний 2005-2009 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, мөн 2009-20012 онд МАХН ба Шударга ёс эвслийг үүсгэн байгуулж ажиллахдаа Монголын хөгжпийн талаарх улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх үзэл баримтлалыг нь няцаах, нийгэмд дэлгэрүүлэхгүй байх зорилготой юм.
Учир нь Н.Энхбаяр болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн байр суурь, эрх баригч МАНАН-гийн байр суурь өөр хоорондоо эрс ялгаатай байна.
Н.Энхбаяр ба шинээр буй болсон улстөрийн холбоо нь Оюутолгой, Таван толгой ба стратегийн 15 ордуудын 51-ээс доошгүй хувийг улсын мэдэлд байлгах, 2008 оны 7 сарын 1-нд хүний аминд хүрсэн хэргийг шударгаар шийдэх, сонгуулийн будлианаас үүсэлтэй энэ хэрэгт МАН, АН улстөрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь баримталж байсан нь өнөөгийн Монголын эрх баригчдын байр суурьтай эрс зөрчилдсөн юм.
УИХ-аас Оюу толгой ба стратегийн 15 ордуудын талаар монголын ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр тогтоол гарсан боловч тэдгээрийг ил далд эсэргүүцдэг улстөр, эдийн засгийн том бүлэглэл Монголд байна. Гадны ЭСЯ-уудад очоод тэдний төлөөлөгчид байр сууриа ний нуугүй ярьдаг ажээ. Жишээлбэл УИХ-ын гишүүн Зоригт, Оюун нар АНУ-ын элчин сайдтай уулзахдаа “ стратегийн орд” гэдэг ойлголт байх ёсгүй гэж хэлж байсныг Викиликсийн сайтуудад тавьсан материалаас харж болно. Мөн улсад ногдох 51 хувийн асуудлаар ч улстөрчид өөр өөр байр суурьтай байна. Ерөнхийлөгч Элбэгдорж сөрөг намын дарга байхдаа 2008 оны 4 сарын 2-нд АНУ-ын Элчин сайдтай уулзаад “ 51 хувьд хувийн хэвшил ч орно” гэсэн нь хэрэг дээрээ төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордуудыг хувийн компаниуд хууль зөрчиж эзэмших болсныг зөвтгөсөн хэрэг юм.
Монгол дахь дуулиант баривчилгаанаас өмнөх 2012 сарын эхний 3 сард Монголын нийгэмд доорх хурц асуудлаар тэмцэл зөрчил өрнөж байв.
- Төмөр замын асуудал, өргөн утгаараа Монголын уул уурхайн баялгийг ашиглахад төр ба хувийн хэвшлийн оролцоо, гадаад түншийн хувь хэмжээ зэрэг
- 2008 оны 7 сарын 1-ний асуудал
- Нийгмийг хамарсан авилга, шударга бус явдал /цөмийн шаар булах болон банк бус санхүүгийн байгууллагуудын эд хөрөнгийг хуулийн байгууллагынхан хууль бусаар завшсан зэрэг олон асуудлаар нийгэмд шүүмжлэл өрнөж байв. Жишээлбэл японы Japan times weekly сонинд - Монголд цөмийн шаар булшилсний хөлсөнд 17 тэрбум ам доллар өгнө гэж бичжээ. /globalsearch.ca/
2008-2012 онд МАНАН-гийн эрх баригчдаас явуулсан уул уурхайн салбар дахь бодлогын үр дүнд Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хэмжээний өөрчлөлтүүд гарлаа.
Монголын ашигт малтмалын ордуудын 75-80 хувь нь Хятадын төрийн ба хувийн өмчит компаниудын мэдэлд очжээ. Тухайлбал стратегийн ордод хамаарч байгаа нүүрс, уран, төмрийн хүдэр, молибдений ордуудын дийлэнх нь хятадын компаниудын мэдэлд орсон байна. Ингэхдээ МАНАН-гийн эрх баригчид өөрсдөө, бас ах дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүс нь хятад ба гадны бусад орны компаниудтай хамтрах болжээ. Монголын уул уурхайн ордуудыг төлөвлөгөөтэйгээр өөрийн болгох гэсэн Хятадын бодлогод найр тавих үйл явц бүр 2008 оноос эхэлжээ.
Эрх баригчид ордуудаа найр тавин өгөх бодлогоо 2011 онд эрчимтэй үргэлжлүүлж 2011 оны 7 сард ерөнхий сайд Сү.Батболд, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар Хятадад айлчлахдаа Таван Толгойн ордын нүүрсний 40 хувийг Хятадад урьдчилан худалдах талаар тохиролцож их хэмжээний урьдчилгаа мөнгө авсан. Ингэснээр хэдэн жил ярьсан Таван Толгойг монголын төрийн мэдэлд байлгаж Өрнөдийн орнуудын оператор компаниудыг оруулж олон улсын бирж дээр хөрөнгө босгох ажил тодорхойгүй болсон. ОХУ ба АНУ, Япон, Өмнөд Солонгос улстай урьд нь ярилцаж байсан зүйлүүд ч бас тодорхойгүй болжээ.
2012 оны 4 сарын 13-нд Н. Энхбаярыг хууль зөрчин баривчлахаас өмнөх нэг сард олон нийтийн анхаарлыг сарниулж эрх баригчдаас уул уурхайн салбарт хийсэн зүйлүүд бас бий.
2012 оны 3 сарын 27-нд ОХУ-тай урьд нь байгуулсан төмөр замын дэд бүтцийн компанийн эрх мэдлийг хязгаарлаж “ Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг шинээр байгуулж засгийн газраас 518 сая төгрөгийн зээл гарган 399 сая төгрөгийн зээлээр хөрөнгө оруулалт хийв.
2012 оны 3 сарын 27-нд ММС буюу Mongolian mining corporation / energy resourse ба бусад компанийн нэгдэл\ нь Хөгжпийн Банктай хамтран бонд гаргасан \хэвлэлд засгийн газрын бонд гээд байгаа боловч үнэндээ бол хувийн компанийн бонд юм\
2012 оны 4 сарын 9-нд ММС Хятадын Датанг компанитай хамтран ажиллах 10 жилийн гэрээ байгуулав.
2012 оны 4 сарын 20-нд Чалко Саус Гобийн ордоос хил хүртэл өөр нэг туузан дамжуурга тавих, техник эдийн засгийн үндэслэлээ өргөн барив.
АНУ, Европын холбоо, БНХАУ-ын байр суурь
АНУ, Европын Холбоо Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсныг буруушааж, хүний эрхийг дээдлэх, шүүх хурлыг ил тод, шударга явуулахыг шаардаж энэ асуудлыг анхааралтай ажиглана гэж мэдэгдэж байна. Тэдний байр суурийг харуулсан зарим дүгнэлт, дипломат алхам, мэдэгдэл, нийтлэлээс иш татвал:
Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарласны маргааш нь буюу 5 сарын 4-5 нд АНУ-ын Батлан хамгаалахын орлогч Жеймс Миллер Монголд ирээд Ж.Энхбаяр сайд, генерал Тогоо зэрэг Иракт америкчуудтай хамтран ажиллаж байсан цэргийн дарга 6-7 хүнтэй уулзсан боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалгүй явсан. Үүнээс арав гаруй хоногийн өмнө сайтуудад генерал Тогоо ба Батлан хамгаалах яамны 6-7 хүнийг АТГ шалгаж байна гэсэн мэдээ цацагдсан.
5 сарын 8-нд ТВ-9-өөр Европын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Н.Энхбаярын амьд явах эрх нь зөрчигдөж байна гэж мэдэгдсэн байна.
Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарлаад бие нь эрс муудсан 7 дахь хоног буюу 5 сарын 10-12-нд ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Хятадын цэргийн зөвлөлийн дэд дарга Xu Caihou Монголд айлчилж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна. Энхбаярын амь насыг аврах хүсэлт тавихаар очсон МАХН-МҮАН-ын Эвслийнхэнд тэр олдохгүй байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү.Батболд нар ч олдсонгүй, уулзахаас зайлсхийжээ.
5 сарын 14-нд Калифорнийн сенатч Фейнштейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавив. Н. Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол нь ардчиллын замд орж амжилттай хөгжиж эхэлсэн бөгөөд АНУ-тай “Мянганы
Сорилтын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан гэж тэмдэглэжээ. Feinstein.senate.gov
2012 оны тавдугаар сарын 14-ний орой 17 цагийн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гу Мин Элбэгдоржтой утсаар ярьж улмаар Энхбаярын амь насыг ямар ч байсан нэг удаа аварсан юм.
Тавдугаар сарын 29-нд Эмнести Интернейшнлээс Монгол дахь салбараараа дамжуулан ирүүлсэн албан бичигт “Монголд автократ засаглал тогтлоо” гэж тэмдэглэн цаашдаа тус байгууллага нь Монгол дахь хүний эрхийн зөрчлүүдийг анхааралтай ажиглах болно. С.Зоригийн аллагын тухай хэргийг анхааралдаа байлгана гэжээ.
Зургадугаар сарын 1-нд Европын Холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлогын Комиссын дэд еренхийлегч Катрин Эштон Н.Энхбаярын талаар мэдэгдэл гаргасан байна.
Н.Энхбаярын тухай АНУ-ын Сенатаас гадна Австралийн Конгресс дээр ярилцжээ
Н.ЭНХБАЯРЫН БАРИВЧИЛГАА БА МОНГОЛЫН АРДЧИЛАЛ
Гадны шинжээчид Н. Энхбаярыг баривчилсантай холбоотой Монгол дахь ардчиллын талаар үнэлэлт дүгнэлтээ хэлж байна.
5 дугаар сарын 29-нд Монголд ардчиллын түвшинг тогтоох НҮБ-ын төслийн зөвлөх байсан, эдүгээ Эссексийн Их сургуулийн Ардчиллын сургуулийн захирал, профессор Тодд ЛандманТodd Landman – Н. Энхбаярын баривчилгаа нь Монгол дахь ардчиллын дүр төрх өөрчлөгдөж байгааг харуулж байна гэж онцлоод Олон улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал ухрах аюултайд сэтгэл зовниж байна “Зэрлэг түрэмгий гүйцэтгэх засаглал бэхжих нь ардчиллын үнэт зүйлсийг устгадаг” гэж тэмдэглэжээ. /Consolidation of predatory executive power undermines the values of democracy/
Түүнчлэн тэрээр Н. Энхбаярын баривчилгаа нь:
- 2012 оны сонгуулийн өмнө олон нийтийг айлган сүрдүүлэх, анхаарлыг нь өөр тийш хандуулах гэсэн оролдлого
- Энхбаярын асуудлаар ардчилал, авилгын эсрэг тэмцлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ ба хүний эрхийн зарчмуудыг хатуу баримтлаагүй тохиолдолд тэр нь НҮБ-ын өмнө Монголын хүлээсэн үүрэг хариуцлага болох Мянганы Зорилтуудын 9-д заасан заалтуудыг зөрчих болно гэжээ. /eastasiaforum.org/
Гадны шинжээчид Монголын хууль хяналтын байгууллагуудын өнөөгийн байдлыг шүүмжлэхдээ:
- /arbitrary arrest/ дур зоргоор баривчлах ба “selective prosecution” буюу тодорхой зорилгоор сонгон авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Мөн Монголд автократ буюу нэг хүний дарангуйллын засаглалын хэв шинж ажиглагдаж байна. Энэ нь шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг нэг хүн санал болгож томилуулдагтай холбоотой гэж тайлбарлажээ. /june 5, 2012, mongoliaeconomy.blogspot.com/
2012 оны 6 сарын 4-нд Дуглас Шоены /Douglas E.Shoen – Democratic Challenge in Mongolia/ Монгол дахь ардчиллын сорилт нийтлэлд “Өрнөдийн орнууд Монголын ардчилсан хөгжлийг дэмжсээр ирсэн. Харин одоо Н.Энхбаярыг ирэх парламентын сонгуульд оролцохыг Монголын засгийн газраар зөвшөөрүүлэхэд чиглэсэн олон улсын түвшний уялдуулан зохицуулсан хариу арга хэмжээг авах хэрэгтэй” гэжээ. /June 4, 2012 Forbes/
Гадаадын зарим шинжээч, жишээлбэл Монголд ажиллаж байгаа Жулиан Диеркес /Julian Dierkes/ Энхбаярын шүүх хурал нь авилгын талаарх нийгмийн өргөн хэлэлцүүлгийг өдөөх байх гэж харж байна гэдгээ илэрхийлсэн байна.
Эдгээр судалгаа, ажиглалтаас харахад Н.Энхбаярын баривчилгаа, шүүх хурал нь Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн тодорхой бүлэглэлийн сонгуулийн тактикийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа нь маш тод харагдаж байна. Ингэхдээ тэд ард түмнийг айлгах аргыг тэд хэрэглэж байна.
АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ СОНГУУЛИЙН ТАКТИК
Энэ удаагийн 2012 оны сонгуулийн тактикын гол нэг онцлог нь энэ юм. Үүнийг зөв ойлгохын тулд өмнө нь Монголд болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн санацгаая.
- 2012 оны хавар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сайтуудаар АТГ- ын дэд дарга Б.Хурц: “Танай намаас хэдэн хүнийг баривчлахад сонгуульд ялахыг чинь харъя” гэж хэлсэн тухай хэд хэдэн удаа гарсан.
- Н. Энхбаярыг баривчилсаны дараа ШШГЕГ, АТГ нэг биш удаа улстөрийн шинжтэй мэдэгдэл хийж, тэр ч байтугай хууль хяналтын түүхэнд анх удаа видео бичлэгээр үзэгч,сонгогчдод нөлөөлөх зорилгоор сурталчилсан. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй уялдуулсан жинхэнэ ПИАР-ын шинжтэй үйл ажиллагаа юм.
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтуудад Н. Энхбаярын авилгын гэх хэргийг нотлохыг оролдсон, АТГ-аас буруутгагдаж байгаа хэргүүд биш өөр зохиомол олон зүйлийг гадаадын уншигчдад зориулж англи хэл дээр бичиж байгааг уншсанаа тэрхүү шинжээч сайтад бичсэн байна. Тийм ч учраас гадаадын нэгэн шинжээч – politics took a new and ugly turn “Монголын улстөр шинэ, бохир чиглэлд явж байна” гэж дүгнэжээ.
- Н. Энхбаярыг зориудаар буруутгах зорилгоор “Цолмонгийн захидал”, “Н.Удвалын Обамад бичсэн захидал”, “Энхбаярын хуурамч өлсгөлөн”, “Энхбаярын гүтгэлгийн ярилцлага” зэрэг нийтлэлүүдийг П.Дүгэр гэх зэрэг улстөрийн сонгуулиудаар пиар хийдэг хүмүүс өөрсдөө зохион бичиж гүтгэлгийн сурталчилгаа явуулж байв.
- АТГ нь 12 аймгийн засаг дарга нарыг шалгаж, заримыг нь баривчилж хорьсон билээ. Авилгын эсрэг тэмцэх нь зүйн хэрэг боловч энэхүү тэмцлийг сонгуулийн сурталчилгаа болгон ашиглаж байгаа нь харин ч Монгол дахь авилгын эсрэг тэмцлийн мөн чанарыг гуйвуулж, тэмцлийг сааруулах аюултай юм. АТГ нь Н. Энхбаярыг баривчилснаас хойш долоо хоног бүр хэн нэгнийг баривчилсан эсвэл шалгаж байгаа, эсвэл шалгах хүсэлт иргэдээс ирсэн тухай мэдээлэл цацаж байсан нь хийх ёстой ажлаа хийж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ АН-тай өрсөлдөгч намуудыг айлган сүрдүүлэх зорилготой нь маш тод ажиглагдаж байв. Жишээлбэл тавдугаар сарын 8-нд Батхуягийг баривчилсан хийгээд Увсын засаг даргад ял өгөхөөр болсон, Мөнх-Очирыг шалгаж байна, Баярцогт, Пүрэвдорж нарыг шалгах хүсэлт ирлээ, Батболд, Баяр нар АМГ-ын Даваацогттой холбогдоно гэх мэт мэдээллүүдийг хэвлэл, мэдээллээр ар араас нь цувруулан гаргажээ. АТГ ба Ц.Элбэгдорж, Лу.Болд нарын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдгээрийг голлож цацсан нь өөр хоорондоо уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа явуулж байгааг нь харуулав. Хөвсгөл аймагт нэр дэвшиж сонгогдох магадлалтай Батхуягийг баривчилсан хийгээд Саус гобийн байрыг лацадсан нь улстөрийн зорилготой гэж ажиглагдаж байна. Учир нь Саус гоби нь аль хэзээний хувьцаа хэлбэрээр хятадын компанийн мэдэлд оччихсон байгаа тухай материал урьд нь гарсан байдаг. АТГ нь Монгол дахь жинхэнэ том авилга - уул уурхайн салбар дахь авилгын асуудлаас санаатайгаар зайлсхийж байгаа бөгөөд чухам үүгээрээ улстөрийн захиалгаар ажиллаж байгаа нь нотлогдож байна. Батхуягийг уул уурхайн авилгын жишээ болгон хэлмэгдүүлэх гэж бодож төлөвлөсөн байж болзошгүй. Гэтэл Батхуягийг дарга байх үеэс харин ч АМГ арай цэгцтэй болж эхэлсэн байна.
- Уул уурхайн салбар дахь авилгыг АТГ илчилж чадах уу? Нэг ордын лицензийг дунджаар 10 сая ам доллараар худалддаг хууль бус үйлдийг таслан зогсоож чадах уу? гэсэн асуулт монголын нийгэмд өнөөдөр хариугаа хүлээж байна. Уул уурхай дахь авилгын том хэргүүдийг монголын хууль хяналтын байгууллагууд илрүүлэх боломж нь хомс юм. Учир нь лицензийн наймааны материалууд зөвхөн англи хэл дээр гадаадын сайтуудад гардаг. Мөн олон улсын биржүүдийн мэдээлэл, тэгэх тусмаа гадаадын том банкууд дахь монголын хадгаламж эзэмшигчдийн материалуудыг гагцхүү өрнөдийн орнуудын санхүү, эдийн засгийн байгууллагууд ба засаг захиргаанд хүсэлт тавьж байж илрүүлж чадна. “Форбс” сэтгүүлд саяхнаас Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг сайтуудад тавьж эхэлсэн ба эхний 100 хүний жагсаалтанд Н. Энхбаяр байдаггүй тухай тус сэтгүүлийн сайтад бичсэн байгаа. Тийм ч учраас гадны ажиглагчид Монголын уул уурхайд хэдэн тэрбумын булингартай доллар эргэлдэж байхад Н.Энхбаярыг буруутгаад байгаа зочид буудлын асуудал эргэлзээ төрүүлж байна гэж үзэж байна.
- 2012 оны УИХ-ын сонгуулийн пиарын онцлог гэвэл хууль хяналтын байгууллагуудыг ашиглаж худал хуурмаг мэдээлэлд сурталчилгаагаа тулгуурлаж байна. Жишээлбэл 5 сард Элбэгдоржийн Хятадын цэргийн зөвлөлийн орлогчтой уулзсан тухай мэдээлэл Монголын хэвлэлд бараг гараагүй мөртлөө мөн оны таван сард Чикаго хотод болсон НАТО-гийн хуралд Элбэгдорж оролцсон гэсэн худал мэдээллийг сайтуудад тавьжээ. Үүнийг гадны нийтлэлчид хүртэл ажиглачихсан Канадын нэгэн улстөрийн тоймч “Монгол Улс үлэг гүрвэлийн араг яс, НАТО ба улстөр гээд өөр хоорондоо тэмцэлдэж байна” гарчигтай нийтлэл бичжээ. СЕХ нь улстөрийн зорилготой ПИАР хийсэн хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж Н.Энхбаярын эвслээс 6 нэр дэвшигчийн сонгуульд оролцох эрхийг нь хассан төдийгүй тэдний нэг болох нэр дэвшигч С.Авирмэдийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн байна. С.Авирмэд нь Монгол нутгийн газар шороо, эрдэс баялгийн төлөө цогтой тэмцэгчийн нэг юм.
- НҮБ-ын ажиглагчдын тэмдэглээд байгаа selective prosecution буюу тодорхой зорилгоор шилж сонгон мөрдөн шалгах ажиллагаа нь СЕХ-ны хувьд нэр дэвшигчдийг улстөрийн зорилгоор хасаж байгаа нь тод харагдсан ба энэ үйлдлээрээ Сонгуулийн хууль, шударга ёсны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж байна. АТГ, прокурор, шүүх жишээлбэл Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа уул уурхай дахь авлигын талаар огт ярихгүй байгаа мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа нь бараг дуусчихсан өмч хувьчлалын асуудлаар сэхээтнүүдийг яллан буруутгаж байна. Харин СЕХ нь болохоор тойргууд дээрээ мөнгө тараасан, “Анод” банканд өр зээлтэй тухай хэвлэлээр бичигдээд байгаа Д.Зоригт, Батхүү, Мон-Ураны Наранхүү, Дамба-Очир, Гарамгайбаатар зэрэг нэр дэвшигчдийг ажигч үгүй бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өгчээ.
- Эрх баригчид Н. Энхбаярыг хэвлэх үйлдвэрийн барилга зэрэг өмч хувьчлалын асуудлаар яллах гэж байгаа боловч үнэн хэрэгтээ түүний улстөр, эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх үзэл баримтлалуудыг нь хуулиар халхавчлан яллах гэж байна. Улстөрийн хэлмэгдүүлэлтийн энэ арга бол их зальтай, үнэн зорилгоо далдлан нуусан хуулиар халхавчилсан башир арга хэлбэр юм. Дэлхийн бусад улс оронд болж байсан хэлмэгдүүлэлтийг өөрсдийнхтэйгөө харьцуулан үзэхэд 1930-аад онд хуучин ЗХУ-д “германы тагнуул”, эсвэл Монголд “японы тагнуул” гэх мэтээр шууд гүтгэдэг байв. Харин Н. Энхбаярыг хэлмэгдүүлж буй энэ хэлбэрийг зөвхөн Мао Це Дуны үед Хятадад явуулсан хэлмэгдүүлэлттэй харьцуулан зүйрлэж болохоор байна. Мао нь “шударга”, “нийт ард түмний эрх ашиг” “улсын хөрөнгө шамшигдуулахын эсрэг авлигын хэрэг” гэх зэрэг зөв үгээр халхавчлан үнэн хэрэгтээ улстөрийн өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор хоморголон олон сая хүнийг хэлмэгдүүлсэн байдаг. Мао нь “ авилгын эсрэг” тэмцэж байна гэж тунхаглан шударга хүний дүрд тоглодог байсан ч хувьдаа 50 гаруй орд харшийг улсынхаа хөрөнгөөр бариулсан байжээ. Маогийн үеийн хэлмэгдүүлэлт хүнийг хүнийх нь хувьд дээд зэргээр доромжилж юуны өмнө нийгмийн оюуны өндөр боловсролтой хэсэг - сэхээтнүүдийн эсрэг чиглэж байснаараа онцлог юм. Маогийн Хятадын түүхэнд учруулсан гамшигт үр дагаврыг дэлхий даяар мэдэх учраас ийм төрлийн хэлмэгдүүлэлтээс Монголыг сэргийлэх нь нийт монголчуудын эх оронч үүрэг юм. Маогийн хэлмэгдүүлэлтийн сонгодог арга хэрэгслүүдэд хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийг овжин ашиглах арга байсан. Бас ухамсар нь төлөвшөөгүй, ядуурлаас үүдэлтэй залуу үеийнхний \улаан хамгаалагчид\ харгис хэрцгий \авилгачдыг ал, цаазал, дүүжил гэж өдөр бүр монголын сайтуудад сэтгэгдлээ бичиж байгаа билээ\ зан араншин, ядуу хүний баян чинээлэг хүнийг үзэн ядах өрөөсгөл сэтгэл зүйг улстөрийн зорилгоор ашиглсан нь нэгэнт тодорхой билээ. Монголд өрнөж буй үйл явдал түүнийг ямар нэгэн байдлаар санагдуулах гээд байна. Эцэст нь хэлэхэд Монголын улстөрд 2008 оноос хойш нийгмийг айлган сүрдүүлэх сонгуулийн тактик хэрэгжих боллоо. Тийм учраас 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд улстөр, сэтгэлзүй, сонгуулийн технологийн талаас бодитой дүгнэлт хийх нь хэрэгтэй бөгөөд сургамжтай юм. Үүнийг зөвхөн цагдаагийн хурандаа нарыг яллах шүүх хурлаар хязгаарлаж болохгүй. Монголд өнөөдөр нийгмийн баялгийн төлөөх зарлаагүй дайн эхэлжээ гэж хэлж болно. Эл зорилгодоо бурантаглуулан хөтлөгдсөн олгиархиуд 2012 оны УИХ-ын сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялахыг урьтал болгож байна. Түүний нэг илрэл нь эрх баригчид өөрсдийн мэдэлд байгаа хууль хяналт, хүчний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж өрсөлдөгчөө хэзээ ч босч ирэхээргүйгээр нам дарж авахыг санаархаж байгаа явдал мөн. Монголд улстөрийн шуурга нэгэнт дэгджээ. Энэ шуурга цаашид хаашаа яаж эргэхийг, монголын ард түмэнд ямар хор уршиг авчрахыг тааварлан хэлэхэд тун бэрх юм. УИХ-ын 2012 оны сонгуульд иргэд сонгогчид хэрхэн яаж хандахаас их зүйл шалтгаална.
Улстөр сонирхон судлагч Л.Оюун-Ундрал
Сэтгэгдэл ( 0 )