Бэлэн мөнгө тарааж, иргэдийн хөдөлмөрлөх эрмэлзлэлийг үгүй хийлээ гэж МАН-ын Засгийн газрыг шүүмлэдэг хүмүүс, тийм улстөрийн хүчин бий. Гэхдээ байгалийн баялагийн хувь хишиг хэлбэрээр түгээж буй тодорхой хэмжээний мөнгийг бэлэнчлэх сэтгэлгээтэй холбож үзэж болохгүй л дээ. АН ч гэсэн стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэл оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлаа үргэлжүүлнэ гэж битүүхэн ухуулсаар л явна шүү дээ. Үүнийг нь бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлэх гэж байна гээд мушгивал өөрсдөд нь ямар сонсогдох бол.
МАН-ын хувьд харин ч ард иргэдээ ажил хөдөлмөрт урайлан дуудаж ирсэн жинхэнэ бүтээн байгуулах хур туршлагатай нам. Атрын 1, 2, 3 дугаар аяныг яаж зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн түүх хэзээ ч баларч арилахгүйгээр Монголын хөрс шороонд лав гэгч шигдэж орхисон юм. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд дотоодын үйлдвэрүүдийн үүд хаалгыг нээж, шинээр том болоод бичил үйлдвэрүүдийг олноор бий болгосон. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн амьдрал дээшилж байна.
2009 онд 47745, 2010 онд 53620 ажлын байр шинээр нээгдсэн байгаа юм. Харин 2011 онд буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд 73234 ажлын байр бий болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн зорилго 20 хувь давж биелсэн гэсэн үг. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэн иргэдээ эрхлүүлье гэж боддог нам ийм их ажлын байр бий болгохын төлөө бодитой бодлого боловсруулж, хичээн зүтгэнэ гэж байх уу даа.
МАН ирэх дөрвөн жилд иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно гэдэг зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь чухамдаа ажил хөдөлмөр эрхэлж байж л амьдралаа авч явна шүү гэдэг санааг дэмжсэн хэрэг билээ.
Энэ санаагаа 300 мянган ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хөгжингүй улс орны хэмжээнд хүртэл бууруулна гэдэг заалтаар баяжуулжээ. Үүнийхээ хүрээнд алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзсэн байна. Алс холын аймгуудад ийм замаар ажлын байр бий болгох боломж байгааг ах нам ажиглан харж чаджээ. Зөвхөн төвөө тойрсон бодлого явуулаад байхаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг чиглэсэн нүүдэл яаж зогсох билээ дээ.
Тэгээд ч орон нутагт нь ажлын байр бий болгож өгөөд, татвар, зээлийн зөв бодлогоор дэмжээд өгвөл заавал наашаа гээд байхгүй нь хэнд ойлгомжтой асуудал.
Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуйн зориулалттай түрээс багатай барилга барьж өгнө гэдэг заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нь хөдөөдөө ажиллаж, амьдрах эрмэлзлэл дээр тулгуурласан зайлшгүй хэрэгцээтэй бодлого билээ. Орон нутгийн сонгогчид ч ихээхэн ам сайтай байгаа нь иймэрхүү зүйлийг хүсч хүлээж байсны илрэл биз ээ.
Ажлын байр бий болоход мэргэжилтэй, мэргэшсэн ажилчид шаардагдах нь мэдээж. Үүнийг ч бас МАН бодолцож тодорхой гаргалгаанд хүрсэнээ мөрийн хөтөлбөртөө зориуд оруулжээ. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэй ажилчдыг сурган бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг хөрөнгө оруулагч, ажил олгогчтой хамтран зохион байгуулах замаар энэ асуудлыг шийдэх ажээ.
Ажилтай байж хүн хөгждөг, ажилтай байж төлөвшдөг. Ийм олон ажлын байр нэмэгдээд ирвэл ажилгүйдэл, ядуудал, үүний сүүдэр болсон гэмт хэрэг буурах нь хууль. Улс орны хөгжлийн нууц үүнд л байдаг болов уу.
Сэтгэгдэл ( 0 )