Д.Бямбасүрэн: 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц сонгууль болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-2012 оны сонгуулийн сурталчилгаа шувтарч  санал хураах өдөр ойртож ирлээ. Сурталчилгааны хугацаанд хамтарч засгийн эрх барьсан улстөрийн хүчнүүдтэй хариуцлага тооцох тухай ярьсангүй. Таны хувьд энэ өдрүүдийг хэрхэн ажиглаж байна?

-Энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай сонгууль болох ёстой. Миний бодлоор 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц ач холбогдолтой сонгууль байх болно. Сонгуулийн дараа улс орны хувь заяаг шийдэх  олон асуудал бий. Тэгэхээр сонгуульд өрсөлдөж байгаа улстөрийн намууд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил, амжилт, олсон ололт, алдсан алдаандаа ямар дүгнэлт хийж байна. Шинээр улстөрд орж ирж буй улстөрийн хүчнүүд юу ярьж байна гэдэг асуудлыг шийднэ. Ийм эгзэгтэй үед улстөрийн намууд хэнийг нэр дэвшүүлэв, сонгуулийнхаа сурталчилгааг яаж ард түмэнд хүргэж байна гэдэг  чухал. Хуучнаар МАХН одоогийн МАН, АН хоёрыг улстөрийн гол хүчин гэж иргэд ярьж байна. Өнгөрсөн дөрвөн жил энэ хоёр улстөрийн хүчин нийлж төр засаг барьсан болохоор сонгогчдоосоо авах үнэлгээ нэг баймаар. Миний бодлоор өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын нийгэм эдийн засагт ахиц гарсан зүйл бий. Гэхдээ энэ хоёр намын гавьяа  ч  биш нийт ард түмний  хичээл зүтгэл нөлөөлсөн. Орос ардын  “Торх  баланд халбага давирхай хийхэд идэж болохгүй” гэдэг үгийг  төр засаг санаж ажиллах ёстой. Энэ шалгуураар харвал өнгөрсөн дөрвөн жилд нийгмийн амьдралд тэвчиж боломгүй хүнд цохилтууд учирсан. Хуучнаар МАХН-ыг төр барьж байхад 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн, гудамжинд иргэнээ буудаж хөнөөсөн явдал Монголын нийгмийн ардчилсан замналыг цусаар будсан үйл явдал болсон. Өнөөдөр ч энэ асуудалд оновчтой хариулт өгч чадаагүй байна. Энэ хамгийн эхэнд яригдах асуудал.

Харин ч энэ үйл явдлын гэм бурууг хазаарлах, олон түмний хандлагыг  мохоохын тулд улстөрийн хүчин нэгдэж Засгийн газраа байгуулсан нь нийгэмд уршигтай  болсон. Энэ нэгдлийн зорилгыг АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газраас гарахдаа нэгдүгээр хүчин зүйл болгож үүнийг хэлсэн. Хоёрдугаарт, МАН үл гүйцэлдэх хуурамч амлалт өгсөн. Энэ нь нийгэмд хүлээлт бий болгосон. Үүнийгээ биелүүлэхийн тулд бэлэн мөнгө тарааж инфляци үүсгэлээ. Өөрсдөө бэл бэнчин, бэлэн мөнгөгүй байж гаднаас их хэмжээний өр зээл тавьж хойч үеийнхээ амьдралыг барьцаалж үр хүүхдийнхээ идэж хэрэглэх баялгийг  барьцаалж улс орноо өрөнд орууллаа. Өндөр өртөг бүхий  халамж тараана гэдэг түүхэн ховор үзэгдэл. Энэ нь Монголын нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээг бий болголоо. Нөгөө талаасаа улс орныхоо эдийн засгийг сулруулаад иргэдийн амьдралд хүндрэл учирсан. Гуравдугаарт, Оюутолгой, Тавантолгойн гэсэн том асуудлыг шийдсэн гэж ярьж байна. Оюутолгойн гэрээ хангалтгүй болсон. 30 жилийн дараа Монгол Улс  600 сая  давсан долларын өртэй хоцрох нь гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрынхан тооцоолж гаргасан байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зайг задлаад нэг хэсэг нь Монголын хууль дүрмээр явдаг , нөгөө хэсэг нь гадны хөрөнгө оруулагч бөгөөд Хятад улсын хууль дүрмээр явдаг, гурав дахь хэсэг нь алт зэсний эрэлчин Фрийдландын хуулиар явдаг хоорондоо зөрчилтэй үхэрийн бөөр шиг эдийн засагтай болох  замыг тавьчихлаа. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүнд цохилт болно.

-Сонгуулийн сурталчилгаа  явагдсан энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд гаргасан  энэ алдаагаа ярьсангүй. Харин ч эерэг талаас нь тайлбарлаж байгаа харагдсан?

-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад улстөрийн хоёр хүчин энэ тухайгаа ярихгүй байна. Ялангуяа МАН 2030-аад оны тухай яриад явж байна. Гэтэл монголчууд 2016 он хүртэл ажиллах төр засгийг байгуулах сонголт хийж байгаа. АН  2020 он руу гол анхаарлаа чиглүүлсэн байна. Гэхдээ арай амьдралд ойр дөхүү мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Ийм байдлаар улстөрийн намуудын сурталчилгаа явуулахдаа МАН төрийн байгууллагыг ашиглах байдал харагдаж байна. Нийслэлд гэхэд хорооны засаг дарга нар, эмзэг бүлгийн иргэд түлхүү ажиллаж байна. Иргэдийн хувьд сар бүр авах халамж, 21 мянган төгрөгөө авахын тулд сурталчилгаанд ажиллаж байгаа байдал ажиглагдаж байна. Мөн 1,5 сая төгрөг өгнө гэж амласнаа өгч чадахгүй байсаар сонгуулийн өмнөх өдрүүдэд хувааж олгож байгаа нь сонгуулийн хуулийн  бэлэн мөнгө тараахгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Ингэхдээ дөрвөн жилийн өмнө амласнаа биелүүлж тарааж байна гэж зарлаад бэлэн мөнгө тарааж болдог юм байна. Ийм л замбараагүй сонгууль болж байна. Сонгууль үр дүн, язгуур эрх ашгийг хангасан, ирээдүйг харсан гарна гэдэгт эргэлзэж байна.

-Өнгөрсөн дөрвөн жил ард иргэдээ тохуурхсан, ядууралд хүргэсэн, эдийн засгаа сөхрүүлсэн алдаа ихийг хийлээ гэж байна. Тэгэхээр энэ алдаагаа  олж хараад засчих мөрийн хөтөлбөр энэ хоёр намд байна уу?

-Дан ганц хөтөлбөр биш, сонгуульд нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүн, сонгуулийн сурталчилгаанаас харахад их л зовлонтой сэтгэгдэл төрж байна. АН-ын хувьд мөрийн хөтөлбөр дажгүй. Олонхи болоод засгийн эрх бариад явбал нааштай үр дүн гарна. Гэтэл сонгуульд нэр дэвших хүмүүстээ мөнгөний босго тавьж нэр дэвшүүлсэн хүмүүс дотор нэлээд чих халууцуулсан зүйл сонсгоод байгаа хүмүүс байна. Гэтэл МАН-ын хувьд мөрийн хөтөлбөр нь холыг харж 20 жилийн дараах зүйлийг амласан. Одоогийн нэр дэвшигч, төрд ажиллаж байгаа хүмүүс  энэ хөтөлбөр биелэсэн эсэхийг ярих, хариуцлага тооцох болоход бүгд тэтгэвэртээ гарчихсан байна. Тэгэхээр тийм ч оновчтой болоогүй. Нөгөө талаас МАН-ын нэр дэвшигч нарын зарим нь нэр дэвшигчийн үнэмлэхээ авангуутаа довжоон дээрээсээ баригдаад хоригдож шалгагдаж байна. Одоо цагт мэдээллийг нээлттэй авч болж байна. Эндээс  харахад олон түмний дунд яригдаж нэр нь дурдагдаж байгаа хүмүүсийг шалгалгүй, нягтлалгүй нэр дэвшүүж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд прокуророос, АТГ-аас нэрийг нь дурдан, УИХ-ын гишүүнээс нь татах тухай сөхөгдөж байсан хүн дахиад л нэр дэвшээд явж байна.

-Улстөрийн намууд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төр барилцсан МАН, АН-ууд хувийн ашиг сонирхолтой, авлига, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг өвөртөө оруулж хаацайлдаг үүр уурхай болж байна гэсэн шүүмжлэл бий. Үүнийг та хүлээн зөвшөөрч байна уу?

-Би бүрэн санал нийлж байна. Ерөнхийлөгч үүнийг хэлсэн байгаа. Монголын улстөрийн тогтолцоо өнөөдөр их сонин болоод байна. Нам гэдэг бүтцийг тэрбумтнууд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс худалдаж аваад үүгээрээ дамжуулж төрийн толгойд гарах гэж байгаа нь хэнд ч нууц биш. Өнгөрсөн нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа МАН-ын томилгооноос харахад энэ хэнд ч тодорхой байна. Шуудхан хэлэхэд өмчөө хувьчиллаа, дараа нь газраа  өмчлүүллээ. Одоо төрөө хувьчлах чиглэлээр уралдаан өрнөж байна. Төр өөрөө арилжааны хэрэглэл болж хувирчээ.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллага, улстөрийн гуравдагч хүчнүүд нэлээд ажилтай байх шиг. Сонгуульд ч дангаараа болон эвсэл болж өрсөлдөж байна. Улстөрийн хүрээнд гуравдагч хүчний орон зай харагдаж байна уу?

-Гуравдагч хүчин, хүчтэй сөрөг хүчний тухай асуудал байх ёстой. Одоо  хүртэл монголчуудын оюун ухаанд коммунист дэглэмийн үед төр барьж байсан коммунист үзлээсээ салаагүй шинэ хөрөнгөтнүүд яригдаж байна. Тэр нь МАН байна. Хажууд нь АН байна.  Энэ хоёр улстөрийн хүчин байж бид зөв явна гэсэн ойлголт байсаар байна. Гэтэл нөгөө социализмын үед ноёлж байсан нам архаг туршлагатай, нийгэмд үндсээ гүн шингээсэн  учраас өнгөрсөн 20 жилийн 16 -д нь  засгийн эрх барьж ирснээр амьдрал ядуу, дотоод  зөрчилтэй болгоод байна. АН дөрвөн жил засгийн эрх барьсан. Туршлага дутсан тал бий. Өнгөрсөн дөрвөн жил АН сөрөг хүчнийхээ орон зайг сул хаячихаад МАН-тай нэгдэж хамтарсан Засгийн газар байгуулж байхад гуравдагч хүчнүүд идэвхтэй ажиллаж энэ орон зайг нөхөх боломж байсан. Гэтэл хангалттай ажиллаж чадаагүй. Нөгөө талаас гуравдагч хүчнүүд гарч ирэхэд хөрөнгө мөнгөөр далайлгаж байгаа хоёр том  улстөрийн хүчинтэй өрсөлдөнө гэхэд тэнцвэргүй байгаа нь нөлөөлсөн байх. Нөгөө талаас ардчилсан нийгэмд ардчиллынхаа зарчим дээр тулгуурладаг шударга өрсөлдөөнийг бий болгодог улстөрийн хүчнүүд улстөрийн тавцанд гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл жинхэнэ ардчилсан нийгэмд хуучин коммунист намын орон зай байхгүй байх ёстой. Гэтэл монголчууд заавал байх ёстой юм шиг сэтэхүйгээрээ байлгаад байгаа юм. Энэ сонгуулиас эхлээд жинхэнэ ардчилсан үзэлтэй гуравдагч хүчин гарч ирэх зам мөр нээгдэж байгаа. Гэхдээ одоогийн сонгуулийн явц, сурталчилгааны өнгийг  харахад улстөрийн гуравдагч хүчний орон зайд хоёр нам харагдаж байна. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны үзэл санааг өөртөө тээж яваа ардчилсан консерватив үзэл  баримтлалтай, ногоон хөгжил, ногооны үзлийг тэргүүлэх бодлогодоо оруулсан ИЗНН байна. Энэ нам парламентад суудалтай болсоор удлаа. Энэ намын хувьд нэр цэвэр, авлига, гэмт хэрэгт холбогдож байгаагүй улстөрийн  цэвэр хүчин. Улстөрийн дүр зургаар харахад улстөрийн хүчтэй гуравдагч хүчин болох нь харагдаж байгаа. Нөгөө хүчнийх нь хувьд одоогийн МАН-аас салсан МАХН-МҮАН шударга ёс эвсэл байна. Хуучин  коммунист, АН-аас салсан хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн үзэл баримтлалын хувьд  үндэсний ардчилсан үзэлтэй ойролцоо байх магадлалтай харагдаж байна. Гэхдээ эвсэл болоод сар гаруй болж байгаа болохоор урьдчилан дүгнэлт хийхэд хэцүү. Улстөрд гуравдагч хүчин гарч ирэхэд эрх барьж сурсан МАН, АН хоёр нийлж байгаа гөвдөг. Тэр гөвөлтийг дааж гарах тэнхээтэй  улстөрийн хүчин байж цаашид байр сууриа бэхжүүлнэ.

-Улстөрд гуравдагч хүчин байж ноёрхлоо тогтоогоод байгаа хоёр намын эсрэг сөрөг хүчин болж байгаа ИЗНН сонгуульд “Амьдрал” хөтөлбөртэй  өрсөлдөж байгаа. Энэ хөтөлбөрийг та уншиж танилцсан уу. Ямар үнэлгээ өгөх вэ?

-Улстөрийн намуудын  хөтөлбөрийг бүгдийг нь уншиж, танилцсан. Ногооны үзэл 1977 онд Норвегийн Ерөнхий сайд тухай үеийн Японы гадаад хэргийн сайд, ЗХУ-ын нэртэй эрдэмтэд, олон улсын эрдэмтэн, судлаачдын бүлгээс эхэлсэн. Хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ хамт хөгжих шинэ соёл иргэншилд орохоос өөр аргагүй болсон гэдэг дүгнэлт хийгээд даацтай хөгжлийн үзэл баримтлалыг гаргаж 1992 онд баталсан юм. Үүнээс хойш ногооны үзэл дэлхий дахин маш хурдтай түгэж аливаа улс орон байгаль орчин, эх дэлхийтэйгээ цуг хөгжих ёстой гэсэн замаар явж байна. Монгол Улсад 1997 онд Ногоон нам байгуулагдсан ч далайцтай ажиллаж чадаагүй. Харин одоо ИЗНН шинэчлэн байгуулагдсанаас хойш үзэл баримтлал, нийгмийн амьдралыг төсөөлж байгаа төсөөллөөр даацтай хөгжлийн үзэл баримтлал, 21 дүгээр зууны хөтөлбөрт их ойртсон  нэлээд сайн хөтөлбөр  болсон байна. Тэгэхээр байгаль орчноо гэсэн үзэлтэй улстөрийн хүчний орон зай Монгол Улсад нээлттэй байгаа. ИЗНН энэ замаар Монголын улстөрийн тэргүүлэх хүчин болж байр сууриа бэхжүүлэх  боломж байна. 

-Таны хүү Хүдэрян ИЗНН-аас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэгэхээр та хүүгээ ИЗНН-д элсэж дэлхийн тэргүүлэх  үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болсонд  хүлээн зөвшөөрөхөд амар байсан  байх нь ээ?

- Би 1992 онд даацтай хөгжлийн энэ хөтөлбөрт гарын үзэг зурсан. АН-ынханд ч  дэлхийн даацтай хөгжил болоод байгаа ногооны үзлийг  тусгах хэрэгтэй гэж хэлдэг. АН-ын гишүүн байгаад ИЗНН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжих хоёр шалтгаан байна. АН-ын нөгөө талд МАН нөгөө талд ганцхан АН байх ёстой гэж төсөөлж болохгүй. Монголд  ардчилсан үзэлтэй өөр улстөрийн хүчин байж нэгийгээ ирлэж явах ёстой. Энэ үйлсэд миний хүү зүтгэнэ гэж байгаа нь  буруу биш юм. Хэнтий аймгийнхан сүүлийн гурван удаагийн сонгуульд МАН-д  шахагдсан. Одоо ч тэр замаараа явж байна. Хэнтий аймагт нэр дэвшсэн гишүүдийн байр суурь үзэл бодлыг нь харахаар Ардчиллын төлөө нэг ч өгүүлэл бичээгүй, нэг ч  ярилцлага өгөөгүй хүмүүс явж байна. Ийм үед миний хүү ардчиллын байр суурийг хамгаалж нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна.

-Энэ сонгуулийн өнгийг тар хэрхэн урьдчилан таамаглаж байна?

-Сонгуулийн өнгийг харахад нүгэлээ хамт үүрэлцлээ гэсэн ч АН илүү санал авах байх. Гэхдээ засгийн эрхээ дангаар байгуулах хэмжээнд олонхи болж чадахгүй байх. Хуучин МАХН одоогийн МАН-ын байр суурь нэлээд суларч хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээ мэхэлж, инфляцид сөхрүүлж, ирээдүйгээ зээлийн барьцаанд тавьсан, газар нутгаа худалдсан гэх олон асуудлаар харицлага хүлээх болов уу. ИЗНН, МАХН-МҮАН эвсэл бүлэг байгуулах хэмжээнд орж ирэх байх. Гол өрсөлдөөн энэ дөрвөн хүчний дунд өрнөх болов уу.

Ц.Ургамал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top