ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-ИЗНН-ынхан орон нутагт ажиллаж байна. Ялангуяа, та намын ажлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллалаа. Сонгогчдын хандлага ямар байна вэ?
-Иргэд МАН, АН-аас залхжээ. Худал амлалтад нь хууртаж ханачихаад шинэ хүчин хүсч байна. Орон нутгийн уулзалт, ярилцлагын үед нэг л зүйл тодоос тод харагдсан. Юу гэхээр, нэг нам ноёрхсон сумдад иргэд Засаг даргаасаа айж эмээгээд хурал цуглаанд оролцож чадахгүй буйгаа уламжилж байна. Учир нь хэн, хэн бусад намын хуралд оролцож байна гэдгийг бүртгээд сууж байдаг гэнэ. Ингэснээр дарамт шахалтад өртөхөөс эхлээд ажилгүй болдог байна. Энэ байдлыг ил тодоор хэлэх иргэд бишгүй их таарлаа. Гэхдээ иргэд дотоод итгэл үнэмшлээрээ ИЗНН-ыг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Нийслэл, орон нутгийн үйлчилгээний төвүүдээр явж байхад иргэд “Танай намыг дэмжиж байгаа шүү” гээд баяр хүргэж байх жишээтэй. Энэ бол ИЗНН ард түмний дунд ямархуу нэр хүндтэй байгааг харуулах байх. Энэ удаагийн сонгуулиар ИЗНН-ын нэр дэвшигчид бүгд сонгогдохгүй ч гэсэн энэ эрчээрээ ажиллавал 2016 онд Засгийн эрхийг авч мэдэхээр байна. Энд бүрэн боломж байгаа нь харагдаж байна. Яагаад гэвэл ард түмэн 20 жилийн туршид амьдралыг нь сайжруулна гэж амлаад хэлсэндээ хүрээгүй МАН, АН-д итгэх итгэл үнэмшил нь үнэмлэхүй буурчээ. Дээрээс нь өнөөдөр бид эрх чөлөөний үзэл санааг тэнгэрт л байдаг мэтээр төсөөлж болохгүй. Эрх чөлөө гэдэг үг маань бидэнд хамгийн ойрхон байгаа юм шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж одоо ярьцгааж байна. Энэ бол номонд л бичигддэг үг төдий биш. Эрүүл, аюулгүй орчинд, хүнд сурталгүй амьдрах, эрх чөлөөг хангахын төлөө бид ажиллаж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө хагас дутуу байгаа оронд улс төрийн бүрэн эрх чөлөө байна гэж байхгүй.Улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажсан байх ёстой. Өнөөдөр бидний ярьж хэлэх маань ч бүрэн эрх чөлөөтэй байж чадахгүй байна. Сонгох сонгогдох эрх чөлөө, шударга ёс энэ бүхэн бүрэн хангагдаагүй байна. Эдийн засгийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө нь шударга ёсны цогц ойлголт юм. Эдгээр нь цогц байдлаар амьдралд наалдаж шингээгүй . Эдийн засгийн өсөлт нь айл өрхийн хаалгаар ороогүй байна. Тэгвэл тэр бүх эрх чөлөөг айл бүрийн хаалгаар оруулах ёстой. Ингэж байж бид ардчилсан нийгмийг байгуулна.
-Ардчилсан нийгмийг бүрэн утгаар нь яаж ойлгох вэ?
-Томс Жеферсон маш товч бөгөөд энгийн ойлгомжтойгоор хэлсэн шүү дээ. Тэр “Хүмүүсээр овоглосон, хүмүүсийн төлөө, хүмүүс нь өөрсдөө хэрэгжүүлдэг нийгэм, улс төрийн бүтцийг ардчилал гэнэ” гэжээ. Түүний хэлсэн энэ гурван зүйлийг өөрийн орны амьдрал дээр аваад үзье л дээ. Улс төр, бизнесийн, ерөөсөө нийгмийн бүх амьдралд бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Нөгөө талаар ИЗНН-аас бизнесийн орчинд их цэвэрлэгээ хийнэ. Өнөөдөр барилга барих гэж 128 гарын үсэг цуглуулаад 400 хоног болж байна. Цагаан будаа оруулахын тулд 42 хоног, долоон сая төгрөг төлж байна гэх мэтээр бизнес эрхлэхэд асар их дарамт байна. Иргэдийн хүсэлт бол нэгдүгээрт, хөрөнгө мөнгө, цаг хугацааг бага зарцуулж ажиллах орчин бүрдүүлж өгөөч. Хоёрдугаарт, миний бизнес өсөж томрох тэр боломжийг бий болгож өгөөч. Түүнээс биш, надад мөнгө өгөөч гэсэн хүн ховор байна. Тухайлбал, бизнес явуулах шударга, эдийн засгийн тааламжтай орчинг бий болгоод өгөөч гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Гуравдугаарт, боловсон хүчний асуудал. Хөдөлмөрийн зах зээл, хүнээ үнэлэх нь чухал. Өнөөдөр бид уул уурхай гэж хошуураад баахан гагнуурчин бэлтгээд бусад салбараа мартлаа. Нэг хэсэг нь Оюутолгой, Тавантолгой гээд ажиллаж амьдарч болно. Гэтэл нөгөө хэсэг нь яах вэ. Нөгөө талаас өнөөдөр ажиллах хүч буюу боловсон хүчний соёл, хүмүүжил маш муу байна. Нэг албан байгууллагад тогтож ажиллаж чадахгүй энд тэнд үсэрч очиж ажиллаад л. Тогтворгүй байдал эрсдэл дагуулдаг. Тиймээс энэ талын мэдлэг, мэдээллийг сайжруулах нь чухал байна. Мөн энэ олон компанид сэтгэл гаргаад, юу хийх ёстой талаар сэжим гаргаад өгвөл хөгжих боломж бий. Тухайлбал, усыг эргүүлэн ашиглах, байгальд ээлтэй бизнес эрхлэх гэх мэтчилэн олон ажил хийх шаардлагатай. Энэ мэт асуудлыг хэн нэгэн сайд лекц уншаад өөрчлөхгүй. Байгаль орчин сүйдэж байгаа энэ үед эргүүлж ашиглах, хэмнэх, ашигтай ажиллах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахад бүх тал хамтран ажиллаж шийдэх хэрэгтэй. Үүний тулд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх нь чухал юм.
-Танай нам “Амьдрал” хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүч зэрэг нэлээд зүйлийг оруулсан байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хангамжийг яаж дээшлүүлэх вэ?
-Улс төрийн намууд цөмөөрөө ногоон эдийн засаг, ногоон хөтөлбөр гэж ярьж байгаад нь би их баярлаж байгаа. Ерөөсөө хүн төрөлхтөн ийм ухаарлын үедээ оржээ. Энэ сарын сүүлчээр Бразилд хөгжлийн асуудлаар хуралдах гэж байна. Монгол Улс ч ногоон хөгжлийг ухаарах шат руу авирч эхэллээ. Дэлхийн даац хэтэрч буйг хаа сайгүй ойлгох болж буй тул аргагүй биз. Ядуурал нь зөвхөн хүмүүсийн орлогын ядуурал биш юм. Эрчим хүчний ядуурал, экологийн ядуурал гэж бий. Энэ бүхнийг ухаарах цаг ирлээ. Гэвч бусад намуудын мөрийн хөтөлбөрийг уншаад үзэхээр ногоон хөгжлийн бодлогыг яаж хэрэгжүүлэх механизм нь байхгүй байх юм. ИЗНН төгс төгөлдөр нам биш л дээ. Гэлээ ч гэсэн ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн талаар хамгийн цэгцтэй үзэл баримтлал, хөтөлбөрийг сонгогчиддоо, нийт иргэддээ санал болгож байна. Үйл ажиллагааг нь дэс дараалалд оруулж, яаж хийхийг нь ч тодорхой зааж өгсөн. Эдгээрийн дотор “Таван хорийн хөтөлбөр” байгаа. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийг бид боловсруулаад дуусч байна. Энэ бол тунхаг юм уу, шоу үзүүлбэр огт биш. Асар их зардалтай, үрэлгэн буюу бидний ярьдаг “хүрэн” эдийн засгийг өөрчилж, хямд зардлаар босох эдийн засгийн хөтөлбөр юм. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр гэж хэдэн жилийн өмнө гаргасан зүйл нь өөрөө сэргээгддэггүй тийм нэг үхмэл маягийн юм болжээ. Үүнийг өөрчилж жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг бид зорьж байна. “Ньюком” зэрэг зарим компани энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгааг дэмжих хэрэгтэй. Нөгөө талаар бид байгаль орчиндоо оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувьд хүргэнэ.
-Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчид татвар, зээлийн хүү зэрэгт дарамтлуулж байна. Яавал дээр вэ?
-Хүмүүст таалагдахын тулд татвар банкны хүү зэргийг тэглэх гэх мэтээр яриад явж болно л доо. Ардын намын мөрийн хөтөлбөрт НӨТ-ын босгыг 200 саяд хүргэнэ гэх зэрэг зүйл харагдаж байна лээ. Харин ИЗНН арай өөрөөр хандаж байгаа. Өнөөдөр Хүний хөгжлийн сан, Үндэсний баялгийн сан ч гэнэ үү, их олон сангууд бий болжээ. Эндээс харахад бусад намуудын хөтөлбөрт дээрээс доошоо чиглэсэн мөнге, эрх ашгийн урсгал яваад байна. Эдгээрээс бид иргэдийн оролцоогүй эдийн засгийг л мэдэрч байна. Тэгвэл иргэдийн оролцоотой эдийн засаг бол амьдрах чадвар сайтай, өгөөж өндөртэй байдаг. Үүний тулд иргэдийнхээ ажил эрхлэлтийг дэмжих зээлийн санг 100 тэрбумаар бий болгох санал бид тавьж байгаа юм. Мөн зээлийн батлан даалтын санг 30 тэрбум төгрөгөөр бүрдүүлэх тооцоог хийж мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Бичил бизнес эрхлэгчид үүн рүү илүү сайн хандаж эхэлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бас зөвхөн энэ хүрээнд нь явцууруулалгүйгээр худалдаа зэрэг өргөн хүрээг хамруулж, менежментийг нь сайжруулна.
-Залуус, ялангуяа оюутнуудын бичил бизнес эрхлэхэд таны энэ яриад байгаа зүйлс нэлээд тус дэм үзүүлэх үү?
-Тэдний нэг хэсэг нь бие даан бизнес эрхлэхийг хүсч байгаа. Тиймээс оюутнуудын ажил эрхлэлтийг дэмжих механизмыг бүрдүүлнэ. Оюутны ажил эрхлэлтийг дэмжих зээлийн санг байгуулна. Тэдэнд банкууд зээл өгөхгүй шүү дээ. Барьцаа хөрөнгө гээд олон зүйлээр тэд гачигддаг. Тэгвэл тэд сургуулийнхаа тэрхүү санд хандах болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч манай нам ийм маягаар боломж олгож байна. Тэднийг бид хөгжлийн тэмүүлэлтэй иргэд гэж нэрлэдэг юм. Тэд зээлийн сангаар дамжаад бизнест өөрсдөө чөлөөтэй оролцдог болно. Түүнчлэн буухиа зээлийн сан гэдгийг бид бас байгуулна. Энэ нь гэр хорооллын ч юм уу, ойролцоо амьдардаг айлууд нэгдэж дундын сангаасаа бизнесийн үйл ажиллагаагаа тэтгэнэ гэсэн үг. “Баян Монгол” чуулга хэдэн жилийн өмнө ийм зээлийн санг байгуулаад таван сая төгрөгтэй болоод байна. Энэ сангаасаа ажиллагсад нь 200, эсвэл 300 мянгын зээл авч байгаа. Тэд банк руу явах шаардлагагүй болсон. Архангайн Булганд ч бас тэдний адил дундын сангаасаа зээл авдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Ийм хэлбэр нь хүнд илүү ойр, хямд байдаг юм. Багануур, Төв аймаг зэрэгт ч дундын сангууд байгуулагдаад байгаа. Сангууд нь өөрсдийн хяналттай. Ингэж дороосоо санхүүгийн эрх чөлөөнд хүмүүс өөрсдөө хүрэх бололцоотой юм.
-Өнөөдөр 22 жил засгийн эрхийг барьсан МАН, АН-ынхан өөрсдийнхөө урьдын хийсэн ажлаа үгүйсгэсэн аястай шүүмжилж байна. Одоо нийгмийг ингэж өөрчилж, ард түмэн сайхан амьдруулна гэж. Тэгвэл тэд өөрсдөө засаг барьчихаад дахиад л үлгэр яриад явах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Сөрөг хүчний намын хувьд ямар дүгнэлт өгч байна?
-Намуудыг буруутгахгүй. Харин өөрсдийгөө буруутгаж байна. Бидний ой ухаан санамж бусдад итгэж найдсаар байгаад “орон, гаран” болжээ. Худлаа ярьсныг нь мартдаг. Дөрвөн жилийн өмнө МАН, АН-г сонгохгүй гэсэн ч дахиад л сонгоод өнөөдөр хулхидуулчихаад сууж байна. Хулхидуулахаас ч өөр аргагүй мэт. Яагаад гэвэл тэд уяртал ярьдаг байхгүй юу. Би хүртэл уярч байх жишээтэй. Ямар сайндаа, ямар сайхан нэр дэвшигчдийг бурхан бидэнд илгээсэн юм бэ. Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй гээд дууны үгээр хүртэл шоголж байна. Иймээс намыг буруутгахаас илүү хариуцлага алдсан, амалсандаа хүрч чадаагүй намд муу дүн тавьж чаддаггүй бидний өөрсдийн буруу. Харин өнөөдөр Монголын ард түмэн үүнээс залхжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалт гэхээр хэдэн зам барьж, барилга эхлүүлсэн ажил эхлүүлчихээд өргөн хэрэглээний барааны үнийг тэнгэрт хадааж орхилоо шүү дээ. Ийм л учраас иргэд МАН, АН-д итгэхгүй шинэ хүчин хүсч байна. Өөрөөр хэлбэл, салхи эргэжээ гэж шууд хэлье. Гэхдээ зарим эргэлзээтэй сонгогчид нь ИЗНН “багадаад” байна гэж битгий гол. ИЗНН бол эвдрээгүй, бохирдоогүй учраас таны ирээдүйг босгож чадна. Яагаад гэвэл бид иргэдийг сайхан амьдруулна гэж хүсэл биелүүлэгч аятай шууд амлаагүй. Харин иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор ажил, амьдралд нь амжилт гаргах тухай мөрийн хөтөлбөрөө боловсруулсан юм.
-Та сая салхи эргэжээ гэж хэллээ. Удахгүй болох сонгуульд танай нам амжилттай оролцоно гэсэн үг байх?
-Манай нам нэр дэвшигчдээ бэл бэлчингээр нь сонгоогүй. Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна олон залуус хүч түрэн орж ирлээ. Эзэмшсэн мэдлэг, дадлага туршлагаараа Монголдоо толгой цохих залуус шүү. Одоо монголчууд эргээд байдаг хуучин пянз шиг улс төрчдөөс татгалзах хэрэгтэй. Харин галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй яваа зоригтой залуус хэрэгтэй байна, энэ улс төрд. ИЗНН-ын зүгээс энэ удаагийн сонгуульд дор хаяж найман суудал авах зорилготой. Тэгвэл бүлэг байгуулж парламентийн шийдвэрт оролцох, гацаах, шийдвэрийг түлхэх ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, сонгогч та бүхэн эргэлзэхгүй хэрэггүй. Нүдээ аниад ИЗНН-д саналаа өг. Үр дүнг нь дараа нь хараарай. ИЗНН бол сайн цагийн эхлэл байх болно.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )