Сонгуулийн сурталчилгаа төгсөх шатандаа орж буй энэ үед нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлогийн талаар ярилцлаа.
Сонгуулийн кампанит ажил амжилттай юу? Танай намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөөс таны бодлоор хүмүүст илүү хүрээсэй, анхаараасай гэсэн ямар бүлэг зорилт байна?
- Сонгуулийн кампанит ажил маань амжилттай үргэлжилж байна. Баярлалаа танд. Манай намын хувьд энэ жил боловсролтой, бодлоготой, шийдэлтэй шижигнэсэн залуучуудыг бүх тойргоос нийслэлийн иргэдийн хуралд дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөр маань ч олон чухал асуудлыг хотын бодлогийн түвшинд шийдвэрлэхээр боловсруулсан. Онцолж хэлбэл, боловсролын болон үндэсний түүх, соёлын асуудлууд дээр илүү анхаараасай гэж хүсч байна.
Яагаад заавал боловсрол гэж? Улаанбаатар хотод түүх соёл боловсрол гэхээсээ илүү утааг бууруулна, замын түгжрэлийг алга болгоно, гэр хороололд цэвэр бохир усны шугам тавина гэвэл илүү санал авах юм бишүү?
- Магадгүй, бүх намууд л тэгж бодож мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Гэхдээ энд нэг юм орхигдоод байна. Бүтээн байгуулалт чухал уу чухал, гэхдээ өнгөрсөн хорин жилийн хугацаанд хийхгүй яасан юм, гэнэт сэрсэн юм шиг нэг их хот, хөгжил ярьсан хүмүүс. Бүтээн байгуулалтын асуудал хөгжлийнхөө жам ёсоор хийгдээд явна. Төр бүх санаачлагыг гартаа аваад, барьж босгоод бүтээгээд явах нь юу л бол. Бодлогоо л зөв тодорхойлбол гэр хороолол аяндаа өөрийгөө барилгажуулаад явах боломжтой. Одоо тийшээ халуун ус, шугам татаад өглөө гэхэд нь маргаашнаас байшингаа барих хэдэн айл байгаа юм, тэр уулан дээр байгаа нэг хоёр айл руу яаж шугам татах юм. Тэдэнд ямар орлого байгаа юм бэ гэдэг асуулт гарна биз дээ? Гэхдээ ор тас үгүйсгэхээс илүү зөв оновчтой шийдвэр гаргах тал дээр намууд үзэл бодлоо уралдуулах байх. Харин үндэсний түүх соёл, боловсролын тухай асуудал ямар ч бохирын шугамнаас илүү анхаарлын төвд байгаасай. Өнөөдөр Улаанбаатар хэдэн телевизийн суваг байна, хэдэн сонин сэтгүүл байна, интернэтийн хэрэглэгчдийн тоог хар. Биднээс хамаарахгүй энэ их мэдээллийн урсгал дунд бидний үр хүүхэд, залуучууд хойч түүх соёлоо мэдэхгүй өсч байна. Бат хаан гэж хэн бэ гэхэд мэдэхгүй, гэхдээ Баруто гэвэл мэднэ, Наруто гэвэл бас мэднэ. Нууц товчоог уншаад ойлгодог, эдүгээчилж төсөөлдөг, хүмүүст өгч буй хүмүүжлийн, сургалтын ач холбогдлыг хэд нь ойлгож байгаа юм. Хатуухан хэлэхэд, энэ дэлхий ертөнц чинь мэдээллийн технологийн нөлөөгөөр бидний үр хүүхдийг биднийх биш болгож хувиргаад байна. Бие нь монгол айлд ч оюун санаа, сэтгэлгээ нь солонгосын савангийн дуурь шиг хүмүүсийн бүхэл бүтэн үе өсч байна. Биднээс юу ч хамаарахгүй байна. Гэхдээ бидэнд сургалтын агуулгаар дамжуулаад багаас нь анхаарах боломж маш их бий. Тийм нэг цогц бодлого л дутагдаад байна.
Танай намын зүгээс энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр томъёолсон юм бэ?
Эрх ашгийн дараалал гэж бий. Зориг агсны тодорхойлсноор Үндэсний эрх ашгаа тэргүүнд тавъя гэдэг зарчмыг мөрдлөгө болгож байгаа. Хамгийн түрүүнд намууд үндэсний түүх соёл, боловсролыг юу гэж үзэж томъёолж байгаа юм, бохирын шугамныхаа хаана нь тавьж байгаа юм гэдгээ эхлээд тодорхойлмоор байна. Бидний хувьд үндэстний түүх соёл бол Монгол улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг хэмээн үзэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрхэмлэн дээдлэх аливаа үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжинэ гэж томъёолсон байгаа. Мөн түүнчлэн дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг сургалтын агуулгаар дамжуулан олгохоос гадна Үндэстний түүх соёлоо судлан, эдүгээчлэх, бие даасан, хараат бус Монгол иргэнийг төлөвшүүлэхэд Үндэсний соёлын нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.
Ярилцсанд баярлалаа, сонгуулийн кампанит ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )