Ц.Одонтунгалаг:Том зорилго тавиад, чин сэтгэлээсээ хүсвэл ямар ч зүйлийг бүтээж болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
- Нийслэлийн иргэдийн 90 хувь нь газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа нь тун харамсалтай-
НИТХ-дБаянгол дүүргийн 23-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч хуульч, өмгөөлөгч Ц.Одонтунгалагтай уулзаж ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуульд шинээр улс төрд орж байгаа олон нэр дэвшигч байна. Иймд Ц.Одонтунгалаг нэр дэвшигчийг уншигчдад танилцуулж яриагаа эхлэх үү?
- Намайг Цогтоогийн Одонтунгалаг гэдэг. Эрхзүйч мэргэжилтэй. Одоо "Барс" хууль зүйн товчоог байгуулан ажиллаж байгаа. Энэ товчоо маань хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийхээс гадна бид төлбөрийн чадваргүй хүмүүс, өндөр настнуудад зориулан үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг.
Манайх ам бүл дөрвүүлээ. Охид маань МУИС-д суралцддаг. Ханийг минь монголчууд ерөнхийдөө мэдэх байх. Манай нөхөр Монгол Улсын заан Дамирангийн Бумбаяр гэж хүн бий. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг сайхан уламжлалтай ард түмний хайр хүндлэлийг мэдэрч, хүртэж яваа гэр бүл гэдгээрээ бахархдаг.
Миний хувьд анх удаа сонгуульд нэр дэвшиж байгаа гэдгээрээ харьцангуй шинэ хүн л дээ. Гэхдээ Ардчилсан намынхаа арын албанд олон жил ажилласнаараа бол нэлээд туршлага суусан, хуучин хүн гэж хэлж болно.
-Таныг газар өмчлөлийн асуудлаар өмгөөлөл хийж гаршсан, туршлагатай хуульч, өмгөөлөгч гэх юм билээ?
- Баярлалаа. Газар өмчлөлийн маргаантай цөөнгүй хэргийг өмгөөлж, амжилттай шийдүүлж байсан нь хүмүүст хүрсэн юм байлгүй дээ. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөний дараа УИХ-ын гишүүн С.Төмөр агсны туслахаар ажиллаж байлаа. Хуульч хүнд байх ёстой чанар, чадварыг тэр үед багшаасаа суралцсандаа баярладаг. Багш маань өмгөөлөгчөөр ажиллахыг анх зөвлөсөн. 16 жил өмгөөлөгчөөр ажиллалаа. Энэ хугацаанд янз бүрийн хэрэг дээр өмгөөллийн ажил хийж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, мэдсэн сурснаараа хүмүүст тус хүргэхийг хичээж ирлээ.
Өнөөдөр манай улсад Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хууль гараад 10 жилийг үдчихээд байхад нийслэлийн иргэдийн дөнгөж 10 хувь нь газраа өмчилсөн. Үлдсэн 90 хувь нь газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байсаар байгаа нь тун харамсалтай. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Засгийн газар, түүний харъяа газрууд ажлаа хийж чадахгүй байгаатай шууд холбоотой юм.
Энэ дэлхий дээр хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, ямар ч цаг үед үнэтэй хэвээр байсаар ирсэн санхүүгийн гол эх үүсвэр, баталгаа бол газар. Газартай хүн бол баян гэсэн үг. Хашааны газар нь иргэдэд эдийн засгийн баталгаа болж, ирээдүйд хамгийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болох ёстой учраас газар өмчлөлийн талаар анхаарахгүй байх аргагүй юм.
- Бүх газар эзэнтэй болоод нийслэлийн оршин суугчдад өмчлөх газар олдохгүй байгаа юм биш үү?
- Ийм том газар нутгаас өмчлөх газар олдохгүй байна гэж юу байхав. Хотын төвдөө хэр ойр хол, дэд бүтэц нь хэр хөгжсөн гэдэгт л асуудлын зангилаа бий. Хотын зах дахь газруудын дэд бүтэц одоогоор шийдэгдээгүй учраас иргэд хотоос гадагшаа байрлалтай газар авах сонирхолгүй байна.
Түүний оронд уулын оройд ч байсан хамаагүй, хотын төвд ойрхон газарт хашаагаа хатгах нь иргэдэд амар байгаа юм. Иргэдийн буруу биш шүү дээ. Хүн л юм чинь унаатай, устай, тогтой газар амьдрахыг хүснэ. Тэгээд ч төр засаг маань гэр хороололд амьдарч байгаа иргэдээ мартчихсан юм биш үү. Заримдаа нийслэлийн удирдлагуудаас "Улаанбаатарт амьдарч байгаа гэр хорооллын оршин суугчид бүгдээрээ нийслэлд бүртгэлтэй юу?" гэж асуумаар санагддаг. Гэр хорооллын оршин суугчдын цөөнгүй хэсэг нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч, аж төрж байна. Ядаж, нийслэлд биднийг төлөөлж байдаг хүн нь жилдээ нэг удаа иргэдтэй уулзаж, зовлон жаргалаа ярилцдаг байсан бол байдал арай дээрдэх сэн.
- Ингэхэд Та гэр хороололд амьдарч үзсэн үү?
-Амьдарч байсан болоод л гэр хорооллын иргэд ямар нөхцөлд байдгийг сайн мэдэж байна л даа. Миний найз нөхөд, ах дүү нараас ч гэсэн гэр хороололд амьдардаг хүмүүс цөөнгүй бий. Манайх Баянгол дүүрэгт суурьшаад олон жилийг үдлээ. Энэ дүүрэгтээ, иргэдийнхээ дунд амьдарч ажиллаж байгаа болохоор өдөр тутам тулгардаг бэрхшээлүүдийг харин ч нэг сайн мэднэ шүү. /инээв./
- Танай намын мөрийн хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож, газрыг эздэд нь өмчлүүлж үлдээх талаар тусгасан байсан. Энэ үнэхээр биелэх үү. Та ямар бодолтой байгаа вэ?
- Биелэх боломжтой. Эргэлзэх хэрэггүй. Хотыг утаанаас салгах талаар амтай бүхэн л ярилаа, хэлэлцлээ. Өнөөдөр хот утаатай хэвээрээ л байгаа. Хотыг утаанаас гаргах гарц нь манай намын хөтөлбөр гэж би хувьдаа ихэд дэмжиж байгаа. Нэгэнтээ л гэр хорооллын иргэдээ нэг амьсгаагаар бүгдийг нь орон сууцтай болгох чадахгүйгээс хойш амьдрах орчин нөхцлийг нь сайжруулахын тулд айл бүрийн хашаанд инженерийн шугам татах асуудлыг дэвшүүлж байгаа юм. Ингэснээр иргэд маань амины орон сууцандаа тохь тухтай амьдрах боломж бүрдэнэ.
Улаанбаатар утаагүй болж, хөрсний бохирдол, гэр хорооллын худаг усны хүртээмж гээд олон асуудлууд шийдэгдэх юм. Мэдээж энэ их ажлыг хийхийн тулд техник, технологи болоод эдийн засгийн тооцоог сайтар судалж, боловсруулах нь чухал. Та анзаарсан бол "Монгол хүн-2020" хөтөлбөр маань дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр байгаа.
- Хэрвээ та Баянгол дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол ажлаа юунаас эхлэх вэ?
- Хийхээр бодож төлөвлөсөн зүйл их байгаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жилдээ хоёрхон удаа хуралддаг хэвээрээ байх юм бол асуудлыг хэдийд нь шийдэж, ажлаа хэдийд нь хийх юм. Иргэдийн төлөөлөгчид байнгын ажиллагаатай байж, иргэдтэйгээ эргэх холбоотой байх тийм боломжийг эрэлхийлнэ.
Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрхээ иргэд эдэлж чадахгүй байна. Эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэхийн төлөө ажиллая. Тухайлбал, газар өмчлөл болоод хувьцааны асуудал, мөн төрийн үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Манай нам өнгөрсөн жилүүдэд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, тэднээс ирүүлсэн саналд үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Нийслэлийн 13 мянган иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд өнөөдөр Улаанбаатарт агаар болон хөрсний бохирдол, орчны аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болж байна. Би Баянгол дүүргийн оршин суугчийн хувьд ажиллаж, амьдарч байгаа орчинд маань юу дутагдаж, тулгамдаж байгааг сайн мэднэ. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчид тэгнэ, ингэнэ гэж шууд амлалт өгөх хориотойг та ойлгоно байх. Нийслэлийн Ардчилсан Намын Мөрийн хөтөлбөрийг гол чиглэл болгож ажиллах болно.
- Тэгвэл та иргэн хүнийхээ хувьд Баянгол дүүрэгтээ ямар ажлууд хийчих юмсан гэж боддог вэ?
- Дүүргийнхээ хороо бүрийн зам, гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгож, шаардлагатай газруудад хогийн сав байрлуулчих юмсан. Бас хогийг нь тодорхой графикийн дагуу ачих ажлыг тогтмолжуулах шаардлагатай байна. Энэ бол хамгийн энгийн хэрнээ бидэнд өдөр тутам тулгардаг зүйл.
Түүнчлэн иргэд хууль эрх зүйн талаарх мэдээлэл багатайгаасаа болоод хохирох нь элбэг. Ийм учраас иргэдийг хуулийн мэдээллээр хангах зорилгоор хороо тус бүрт хуул зүйн мэдээлэл өгөх ажлыг хэсэгчлэн зохион байгуулмаар байна. Мөн иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүн нь иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсдог, ажлаа тайлагнадаг тогтолцоотой болгочих юмсан. Ингээд яриад байвал өөрчлөх, хийх зүйл, ажил их байна. Ядаж л газар олголтыг хороод нь зөвшөөрсний дараа дүүрэг зөвшөөрөл өгдөг байвал нэг л шөнийн дотор хүүхдийн тоглоомын талбайд, айл гэр, сургуулийн хашааны үүдэнд барилгын суурь цутгахгүй шүү дээ. Ахмад настнуудын нийгэм, эрүүл мэндийн асуудалд анхаарсан бодлого, хүүхэд залууст зориулан хийх ажил ч их байгаа. Хийх зорилго байгаад чин хүсэл байхад ажил үйлс бүтнэ гэж би боддог. Улс орны маань хөгжил ард иргэддээ хамгийн ойр хүрч ажилладаг хороодын хөгжлөөс эхэлнэ гэж би үздэг.
-Та "Газар бол хамгийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө байх ёстой" гэж ярилаа. Гэтэл өнөөдөр иргэд маань газраа барьцаалж зээл авах боломжгүй хэвээрээ байгаа шүү дээ?
-Тийм л дээ. Манайд эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Газар өмчлөлийн тухай хууль гараад 10 жил болчихоод байхад хэрэгжилт ямархуу байгааг би дээр хэлсэн. Хамгийн энгийн жишээ гэвэл одоо олгогдож байгаа орон сууцны 6 хувийн хүүтэй зээл байна. Журмын дагуу анх удаа орон сууц авч байгаа иргэн орон сууцны зээл авахын тулд шинэ байрныхаа ордерыг гартал өөр хэн нэгний орон сууцыг барьцаалах хэрэгтэй болж байна. Хашаа байшингаа барьцаалах боломжгүй байгаа нь газар үнэгүй байна гэсэн үг. Инженерийн шугам хашаа болгонд орчихвол хүссэн хүсээгүй газар нь үнэд орно. Тэр үед өрхийн амьжиргааны орлогоо олохын тулд бизнесийн зээл авах ч юм уу, ямар нэг хэлбэрийн зээл авахдаа газраа барьцаалдаг болох юм.
- Сонгогчдын дэмжлэгтэйгээр нийслэлээ хөгжүүлэх таны зорилго биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Бид Мөрийн хөтөлбөрөө бодит ажил болгож чадна. Олуулаа дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top