Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй байна, монгол хүн унэгүй болжээ гэх үгс сүүлийн үед байнга яригдах болжээ. Үндсэн хуульт төртэй, парламентын засаглалтай Монгол оронд хүний үнэгүйдлийг хөндөн буй энэхүү асуудал яагаад бий болчихов гэдэгт би үнэндээ гайхаад байдаг юм. Гэхдээ би хүний үнэлэмжийн тухай яриад буй тэр хүмүүсийг санаанаасаа дур мэдэн зохиогоод дэмий хоосон юм ярьж байна хэлж чадахгүй л дээ. Учир нь хүн гээч бодгаль өөрийн гэсэн үнэ цэнэтэй учраас тэр. Харин тэрхүү үнэ цэнийг нь юугаар хэмжиж тогтоочихоод үнэлэмжийг нь нэмэгдүүлэх гээд байгааг ойлгож өгөхгүй байгаа юм. Нэг ёсондоо монгол хүн яагаад үнэгүйдчихээд байгаа, яаж үнэлэмжийг нь дээшлүүлэх хэрэгтэй байна вэ гэдгийг асуудлыг хөндөгч хүмүүс тодорхой болгож өгмөөр байгаа юм л даа. Хүн гээч амьтныг бараа таваартай адилтган тав, арван төгрөгөөр үнэлж болдог бөгөөд тэр үнэлгээ нь манай улсад доогуур байгаа тэр хүмүүс лав хэлээгүй байх. Тэгэхлээр хүний үнэлэмж гээч яг юуг хэлээд байна вэ? Дарангуйлагч нийгэмд, тухайлбал боолын нийгэмд зарим хүний амь нас, амьд явах эрх чөлөө ямар ч үнэ цэнэгүй байсан гэдгийг түүх сударт тодорхой бичсэн байдаг. Ноёныг үхэхээр зарцыг нь морьтой нь цуг алж орхиод булна гэдэг аймаар гэмт үйлдэл. Энэ үйлдлийн төлөө хэн ч буруутан болдоггүй байсан нь хачирхалтай. Бурангуй бүдүүлэг энэхүү үйлдлийг нийгмээрээ, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байсан гээд бодохоор үнэхээр аймшигтай. Боолын нийгмийн тэрхүү үйлдлийг өнөөдөр хүний амь нас, амьд явах эрхийг аймшигтайгаар зөрчдөг байсан харгис үйлдэл хэмээн үзэх нь зүй ёсны хэрэг. Боолын нийгмийн бурангуй цаг үед эгэл жирийн ард иргэдийн амь насыг үнэтэй болгох, хүнийг хүн гэсэн утгаар нь үнэлэх, үнэлэмжийг нь дээшлүүлэн ядаж үхсэн эзэнтэй нь цуг булшилдаггүй болгох шаардлага байсан л байж л таараа. Гэтэл үндсэн хуулиараа хүн амьд явах эрхтэй гээд тодоос тод заачихсан манай нийгэмд хүний үнэлэмжийн тухай яриа газар аваад байгаа нь сонин юм шүү. Овоо босгоогүй бол шаазгай суугаад шагшрахгүйн үлгэрээр ямар нэгэн шалтгаан байгаа болохоор л монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа гараад байгаа гэж үзэхэд буруудахгүй байх. Тэгэхлээр монгол хүний үнэлэмж доогуур байгаагийн үндсэн угшил нь юунд байна вэ? Залхуу хойрго, арчаагүй байдлаасаа болоод үгүйрэн хоосорсон зарим хүнийг хараад энэ хүн ингэж ядуу явах ёсгүй, монголчууд бүгдээрээ хангалуун амьдрах ёстой хэмээн үзэж монгол хүний үнэлэмжийн тухай ярьж байгаа бол ёстой тэнэг хэрэг. Мөн архинд донтоод нохой гахай шиг өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүсийг хараад монгол хүний үнэгүйдлийг хөндөж байгаа бол бас л утгагүй зүйл. Энэ бүхэн монгол хүн үнэгүйдэхийн шалтгаан биш тэдгээр хүмүүсийн амьдрах чадвартай шууд холбоотой асуудал юм. Тэдэнд бусадтай адил ажиллаж амьдрах боломж цаг тутамд нээлттэй байгаа шүү дээ. Тэгтэл монгол хүн юунаас болоод үнэгүйдээд байна вэ? Энэ асуултын хариу маш энгийн зүйл гэж би бодож байна. Хүний үнэ цэнийг хамгаалдаг цорын ганц зүйл байдаг. Тэр нь мэдээж хууль. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх тухай манай улс хуульчилсан. Тэгсэн хэрнээ хуулийн хэрэгжилтийн явцад шударга бус, буруу бусармаг үйл явдлууд байнга гардаг. Эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүд согтуу галзуугаараа машин барьж яваад жирийн иргэдийн амь насыг хөнөөчихөөд хуулийн ямар ч хариуцлага хүлээж, хуулийн зүйл ангиар буруутан болоогүй түүх манай нийгэмд өчнөөн бий. Хүнийг дайрч ална уу, цавчиж ална уу эцсийн цэг дээрээ эрдэнэт хүний амийг хөнөөсөн үйлдэл нь адилхан юм шүү дээ. Хамгийн аюултай нь боолын нийгэмд зарцыг хөнөөхөд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг шиг эрхтэн дархтанууд, баячууп, олны танил хүмүүс жирийн иргэдийг хөнөөгөөд ял завшдаг асуудлыг манай нийгэм хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болчихжээ. Энэ бол манай нийгэм хууль эрх зүйг уландаа гишгээд жирийн иргэдийн амь насыг үнэгүйдүүлдэг олон жишээний ердөө л ганцхан төрөл нь юм. Эндээс угшил хөөн үзвэл монгол хүн үнэгүйдээд байгаа, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа хуулийн өмнө тэгш бус байдлаас болсон байх гэж би хувьдаа бодож байна. Ерөөсөө хүн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болохоор л үнэгүй болчихдог юм байна. Үнэ цэнэтэй хүн байна гэдэг хуулиар олгогдсон эрхээ эдлэж явахыг л хэлдэг юм байна. Тийм учраас Монгол оронд иргэд нь үнэгүйдэж, иргэдийнхээ үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа өөрийн эрхгүй гарч ирж байгаа гэсэн ойлголт аяндаа бий болж байгаа юм. Хэрвээ хууль ёс журмаараа хэрэгждэг бол ийм яриа гарах ямар ч үндэс байхгүй юм. Хэн буруутан байна тэрхүү буруутанг олж тогтоогоод хохирсон иргэдиыг гомдолгүй болгож чаддаг тийм хуулийн хэрэгжилт байсан бол өнөөгийн Монгол орон авилгад идэгдэх, Монгол улс орших, эс оршихуйн тухай яриа гарах ямар ч шаардлага байхгүй юм. Би энд сүүлийн үед бүгд анхаарч байгаа газар, түүний доорх баялгаас газар дээр амьдарч буй иргэдийн хуулийн өмнө тэгш байх эрх нь илүү үнэ цэнэтэй юм гэсэн ойлголтыг л хэлээд байгаа юм. Хууль шударга хэрэгждэг байсан бол идээчин уугаачийн тухай энэ их бузар булай мэдээ мэдээлэл хамаагүй бага гарах байсан биз. Хуулиас айсан эрх мэдэлтнүүд идэх, уухаас айдаг болчих байсан биз. Гэтэл хууль шударгаар хэрэгжихгүй байгаа болохоор бүх асуудал хар дүрс болон хувирч, иргэд юунд итгэж, юунд найдах нь ойлгомжгүй болчихоод байна. Хууль шударгаар хэрэгжихгүй бол эгэл жирийн иргэд ямар ч үнэгүй байсаар байх нь тодорхой юм. Өнөөдөр авилгатай тэмцэнэ, идээчин уугаачдыг зайлуулна гэцгээх л юм. Хууль л тэднийг байх ёстой газарт нь аваачна шүү дээ. Түүнээс биш хоосон яриа ямар ч үнэ цэнэгүй зүйл билээ. Хууль хэрэгжихгүй болохоор монгол хүн аргагүй л үнэгүйдэж байна. Үүнийг ярьж байгаа, хэрэгжүүлж байгаа, улс төрийн хүчин, улс төрч алга байна. Бүгд л нийгмийн хамгаалал байгаль орчны ногоон үзэл ярьж байгаа ч энэ бүхэн нь зориулагдах ёстой хүн нь хуулийн тэгш бус үйлчлэл дор үнэгүйдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )