ИЗНН-ын дарга С.Оюунтай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын даргын хувьд хот хөдөөгүй явж иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Иргэдийн амьдралыг харах үзэл, улстөрийн намуудад хандах хандлага өмнөх сонгуулиудаас хэр өөрчлөгдсөн байна. ИЗНН-ыг дэмжих дэмжлэг ямар байна?
-Хамгийн сүүлд Хэнтий, Дорнод гээд зүүн аймгуудаар явж олон мянган иргэнтэй уулзлаа. Иргэд төр засагт итгэхээсээ илүү өөрөө өөртөө боломж олгож амьдрал ахуйгаа өөд татах хэрэгтэй гэж байна. Иргэдийн энэ зүтгэл дээр төрөөс боломжийг нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд илүү таатай орчин бий болгоосой дарамт хүнд суртал, авлигагүй байх хэрэгтэй байна гэсэн саналыг хэлж байна. Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Том уриатай жил зарласны хүчинд ядаж бизнес эрхлэгч нарт ирдэг дарамт буурсангүй. Парламентад олон хууль тогтоомж батлагдаж байгаа ч чадлынхаа хэрээр ажлын байр бий болгож буй жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдэд хүрч чадахгүй байна. Тухайлбал, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн 70-80 хувь нь томоохон зээлдэгчдэд, нийслэлд шингэсэн байна. Хөдөө орон нутагт жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдэд маш бага хувь нь хүртсэн байна. Зээлийн баталгааны санг байгуулах саналыг манай намаас 2003 онд анх гаргасан. Тухайн үед хувийн хэвшлийн зээлийн баталгааг төр нь гаргаж байдаг юм гэж байсан. Тэгвэл өнгөрсөн жил парламентаар энэ хууль батлагдаж чадсан. Харамсалтай нь зээлийн баталгааны сангийн хөрөнгө төсөвт хараахан сууж амжсангүй учраас амьдралд хэрэгжиж эхлээгүй байна. Энэ хууль хэрэгжсэнээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө тулаад байдаг зээлийн баталгаа шийдэгдэнэ. Өнөөдөр Монгол Улсад сэлэм эргүүлээд томоохон томоохон рефорум хийхээсээ илүүтэй батлагдаад байгаа шийдвэрүүдийг амьдралын хөрсөнд буулгах чимхлүүр ажлууд нэн даруй шаардлагатай байна гэдгийг иргэд хэлж байна.
-Төрд итгэх итгэл буурсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Иргэдийнхээ итгэлийг эргүүлж олж авах хэцүү. Таны бодлоор юу хийх ёстой вэ?
-“Би энэ төр засагт итгэж болох уу” гэж сонгогч надаас асууж байна. Ер нь иргэдийн дийлэнх нь ийм итгэлгүй болсон байна. Сонгуулиар улстөрийн намууд хоосон амлалт өгч, сайхан сайхан зүйл ярьдаг. Гэвч иргэдийн хүсэн хүлээсэн үр дүнг гардаггүй. Сүүлийн 20 жил МАХН нэрээ солиод МАН болсон, АН засгийн эрхийг ээлжлэн барилаа, барилцлаа. Улстөрийн эрх барьсан хүчнүүд дотроо шинэчлэлийг хийхгүй бол улс орноо урагш нь авч явах зүтгүүр бус хойш нь чангаах тормос болчихоод байна. Улстөрийн намууд зөвөөр сэтгэж, зөвөөр явбал улс орноо хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр булхай, луйвар, авлига, явцуу эрх ашгийн бүлэглэлүүдийн үүр болчихоод байгааг иргэд хэлж байна. Үүнийг өөрчлөхгүй бол улс орны хөгжил урагшлахгүй гэдгийг ИЗНН-ынхан ч үзэж иргэдтэй байр суурь нэгтэй байгаа. Энэ өөрчлөлтийг төрөө өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхлэх ёстой.
-Иргэд ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа өөд татах боломжийг олгохыг хүсэж байна. ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр иргэдийн хүсээд байгаа тэр боломжийг олгох, бүрэн хэрэгжих боломжтой гэдгийг та энэ хугацаанд тайлбарлаж, бид зөв хөтөлбөр боловсруулжээ гэсэн итгэлийг олж чадав уу?
-Эрх баригч намууд сонгуулийн жил дөхөөд ирэхээр Ард түмнээ сонсох аян зарлаад улс орон даяар өрнүүлсэн. Энэ бол хэт өндөрт гараад иргэдээ тасарчихсаны шинж. Манай намд өөрийнхөө ажиллаж буй салбартаа тэргүүлж байгаа залуучууд их бий. Манай гишүүд дэмжигчид тэдэн шиг дарга цэрэг болж амьдралаас тасраагүй, үргэлж иргэдийнхээ дунд байж амьдралын жаргал, зовлонг мэдэрч явдаг болохоор хамгийн бодитой мөрийн хөтөлбөр боловсруулсан. Парламент нийгмийнхээ тусгал байх ёстой. Тиймээс намын жагсаалт, тойрогт нэр дэвшигчиддээ нийгмийн салбарын төлөөллүүдийг оруулж өгсөн. Иргэдийн хамгийн ихээр хүсч байгаа ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд төсвөөс хөдөлмөр эрхлэх санг шинэчлэх, 45-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах санг байгуулснаар ажилгүйдлийг бууруулах боломж байгаа. Нийгэмд тулгамд улс орны томоохон төслүүдийг цаг алдалгүй оновтой шийдсэнээр эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжих болно. Ингэснээр ажлын байрууд олноор бий болж иргэд ажилтай, орлогтой болно. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойг таван жил ярьж байж шийдсэн.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд мөн л тавь дахь жилийнхээ нүүрийг үзсэн ч УИХ, Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж чадаагүй. Энэ том асуудлыг шийдэхийн тулд төрийн бодлого аль нэг тал руу туйлшрах ёсгүй. ИЗНН-ын хувьд анхнаасаа баруун төвийн үзэлтэй. Бүх асуудлыг зах зээлдээ даатгана гэсэн барууны үзлээс ангид юм. 1990-ээд онд бүх зүйлийг зах зээлдээ даатгаж, өмч хөрөнгөө хувьчилж, үнийг чөлөөлсөн. Ингээд сүүлийн жилүүдэд улстөрийн намууд популист амлалт өгч ард түмэндээ хайр зарлаад, төр баян болбол ард түмнээрээ баян болно гэсэн ойлголтыг өгч байна. 1992 онд үндсэн хуульд заасан зах зээлийн эдийн засаг давамгайлсан эдийн засгийг хөгжүүлэх гэдэг дээрээ ИЗНН тууштай байгаа. Ажиллаж хөдөлмөрлөж чадах, эдийн засгийн идэвхтэй хүн амдаа ажлын байрыг нэмэгдүүлэх, боломжийг нь бий болгох.
Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон гэр бүл, ахмад настан, эмзэг бүлгийнхнээ төр засаг нь халамжилсан шиг халамжлах ёстой. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд халамжийн бодлогын дэд хөтөлбөрүүдийг боловсруулсан байгаа. Төрөөс үзүүлж байгаа боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийг шинэ шатанд гаргаж тогтолцоог нь өөрчлөхөөр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ саналыг иргэд их дэмжиж байна. Өнөөдөр улстөрийн намууд зүүн талдаа гарчихсан, хавтгайрсан халамжтай, бүх зүйлд төрийн оролцоо хэрэгтэй гэсэн тал руу хэлбийгээд байна.
-Ард түмэн бэлэн мөнгө, халамж шаардахаас илүүтэй ажлын байр, байгаль экологид санаа тавьж байна. Тэгэхээр “Амьдрал” хөтөлбөрийн ногоон эдийн засаг, хөгжил иргэдэд хэр их таалагдаж байна?
-XXI зуунд Монголд төдийгүй дэлхий дахинд байгаль орчныг хамгаалах, усны нөөц, сав шимийг хамгаалах бодлого нэн тэргүүний бодлого болж байгаа. Тиймээс улстөрийн хүчин ногооны бодлогыг тэргүүлэх бодлогынхоо нэг болгох хэрэгтэй. ИЗНН-ын хувьд ногоон хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн бодлого, эко үйлдвэрлэлийн бодлогыг мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлалдаа түлхүү оруулсан. Энэ нь бусад улстөрийн намуудаас ялгарах, түрүүлж хэрэгжүүлэх давуу тал болж байгаа юм. Бидний энэ үзэл баримтлалыг олон залуу дэмжиж ИЗНН хүрээгээ тэлж байна.
Энэ их эрч хүч, итгэл үнэмшилтэй залуучууд олон зуугаар нэгдэж байгаа болохоор ИЗНН улстөр, нийгмийн хүрээнд үр дүнтэй, тогтвортой ажиллах болж байна. Орон нутагт иргэдтэй уулзаад явж байхад нэгдүгээрт, шударга төртэй баймаар байна. Хоёрдугаарт, хариуцлагагүй уул уурхай газар авлаа. Ийм уул уурхайтай байснаас байгаагүй нь дээр. Нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулах хэрэгтэй гэж байна. Манай намын хувьд уул уурхайн томоохон цөөн тооны Эрдэнэт шиг төслийг дэмжиж ажиллах. Байгаль орчинг нөхөн сэргээдэг, орон нутагтаа өгөөжөө өгсөн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж цаг хугацаанд нь оновчтой шийдлүүдийг нь гаргаад явах ёстой гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үүнийг иргэд маш сайн дэмжиж байна. Уул уурхайн нөөц ашигласны төлбөрөөс орж байгаа орлогын тодорхой хувийг нөхөн сэргээлтэд зарцуулах хуулийг төслийг УИХ-ын гишүүн ИЗНН-ын дарга Д.Энхбат бид хоёр санаачлан өргөн барьсан.
Харамсалтай нь хаврын чуулганаар хэлэлцүүлж амжаагүй. Ирэх парламентад манай намын төлөөлөл орж ажиллахад хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажлынх нь нэг энэ хуулийн төслийг батлуулах байх болно. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат, З.Алтай нарын санаачилсан Улстөрийн намуудын шинэчлэлтэй холбоотой хуулийн төсөл байгаа. Үүнийг мөн нэн тэргүүнд хэлэлцүүлнэ. Ингэснээр улстөрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж, үйл ажиллагаа нь санхүүжилт ил тод болж, хариуцлагатай болох юм. Иргэд улстөрийн хэт их намчирхал, улстөржилт, хуваагдлаас залхсан байна. Эрх барьж байгаа намын гишүүн ажилтай, зуухандаа түлээ нүүрстэй, цөөнхийнхөн ажилгүй, галгүй, төсөлгүй байж болохгүй. Эрх барьж байгаа МАН, АН-ын гишүүнчлэлээ олон болгохын төлөө хэт улайрснаас ийм үр дүнд хүргэж иргэдийг залхааж нийгэмд эрүүл бус хандлагыг бий болгосон байна. Тэгэхээр улстөрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзахыг уриалж анх удаа дэмжигч гишүүнтэй болсон.
-МАН, АН-ын мөрийн хөтөлбөрүүд хэт холын хугацааг заасан болохоор эргээд хариуцлага тооцох, хэрэгжих цаг хугацааг нь хүлээлээ гэхэд албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд үеэ элээгээд явчихсан байна гэсэн шүүмжлэл улстөр судлаач, иргэдээс ирж байна. Амьдрал хөтөлбөр үүнээс юугаараа ялгарах вэ?
-Бид макро эдийн засгийн том том бодлого яриад эдийн засгийн өсөлт өслөө, нэг хүнд ногдох орлого өчнөөн сая төгрөгт хүрнэ гэж том тоо ярихаасаа илүү ирэх дөрвөн жил юу хийх вэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө оруулсан. УИХ-д цөөнх болсон, засгийн эрх барилцсан ямар ч тохиолдолд энэ мөрийн хөтөлбөрөө бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Өнгөрсөн жил нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4 сая төгрөг гэж Засгийн газар танилцуулсан. Тэгэхээр дундаж орлогтой таван ам бүлтэй нэг өрхийн жилийн орлого 20 сая төгрөг байх нь. Гэтэл иргэдээс та бүхэн жилдээ 20 сая төгрөгийн орлоготой байж чадаж байна уу? гэж асуухад байхгүй л байгаа байхгүй юу. Сүүлийн долоон жил манай улсын эдийн засаг тогтвортой өссөн.
Улсын төсөв 2000 онтой харьцуулахад 20 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил төсвийн хөрөнгө оруулалт 66 хувиар өссөн гээд том том тоо ярьж байгаа ч үнэндээ Дорж, Дулмаагийн амьдрал ахуй 20 дахин сайжирсан, орлого нь нэмэгдсэн нь харагдахгүй байна. Энэ нь цөөн хэдэн хүн нийгмийн баялгаас хүртэж, нийт иргэд хүртэж чадахгүй байна. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд манай нам нийгмийн салбараа онож онилсон хөтөлбөр боловсруулсан. Жижиг дунд үйлдвэрлэл, эрүүл хүнс, халамж, засаглалын бодлогоо хэрхэн өөрчилж хэрэгжүүлэх талаар боловсруулсан байгаа. Өнөөдөр нийгэмд бухимдал, хүлээлт үүсгээд байгаа асуудлуудыг шийдэж чадахгүйгээр 20-30 жилийн дараах горьдлого төрүүлсэн ирээдүй ирнэ гэж найдах хэцүү. Иргэд ч ийм итгэл үнэмшил муутай байна. Тиймээс бид хуримтлагдсан асуудлуудыг шийдэж зөв хөгжлийн замд оруулах дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулсан.
-Та улстөрч төдийгүй эмэгтэй хүний хувьд нийгмийн халамж, эдийн засгийн хөшүүрэгт нь илүү санаа зовж дуу хоолойгоо хүргэж байх шиг байдаг. Энэ нь ИЗНН-ын бодлого, ажилд орсон байна?
- Өнгөрсөн жил 73 мянган шинэ хүүхэд мэндэлсэн байна. Энэ зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн байна. Тэр хэмжээгээр төрөхийн орны тоо, эмч сувилагч, төсөв хөрөнгө нэмэгдээгүй. Төрөл нэмэгдэхийн хэрээр цэцэрлэг сургууль шинээр бариагүйгээс өнөөдөр цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй нэг ангид 50-60 хүүхэд хүмүүжиж байх жишээтэй. Одоо энэ их өсөлт сургуулийн бага анги руу орж ирлээ. Дээр нь Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол олон жил яригдсан ч шийдэгдсэнгүй. Бизнесийнхэнд төрөөс ирдэг дарамт багассангүй, иргэдийн амьжиргаа сайжирсангүй. Сүүлийн долоон жил дараалан эдийн засаг тогтвортой өссөн гэж байгаа атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа нь нийгмийн баялгийг цөөн хэдхэн хүн хүртээд байна гэсэн үг.
Иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа зүйл нь үнийн өсөлт инфляци. Энэ нь төрөөс эдийн засаг, бизнесийн салбараа зөв дэмжсэн бодлого хэрэгжүүлж чадаагүй, халамжийн бодлого алдагдсаных. Иргэддээ бэлэн мөнгө олгох хариуцлагагүй амлалтаа биелүүлэхийн тулд төр нь баялгаа барьцаалж асар их хэмжээний зээл авч байна. Энэ хариуцлагагүй амлалтыг тэнэгтээ, юм мэдэхгүйгээ амлаагүй. Зөвхөн улстөрийн сонгуульд ялалт байгуулахын тулд ард түмнээхээ ядуу байгааг ашиглан амласан. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ амлалт нь хэрэгжих боломжгүй гэдэг нь харагдлаа. Тэгэхээр халамжийг хавтгайруулах бус ажлын байр, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг зайлшгүй нэмэгдүүлж авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц болгох хэрэгтэй.
-Гуравдагч хүчин гэхээр ИЗНН, гомдогсдын бүлэг гэгдэх МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл байна гэж иргэд хараад байгаа. Тэгэхээр иргэд ИЗНН-ыг сонгох ямар шалтгаан байна. Ийм сонголт иргэдэд ямар давуу боломжийг авчирах вэ?
-ИЗНН байгуулагдсан цагаасаа нийгэмд тулгамдсан асуудлын зөв шийдлийг гаргах, сайн засаглал, шударга ёс, авлигатай тууштай тэмцэх зорилгыг барьж ирсэн. Энэ үзэл бодлоо хэрэгжүүлэхийн төлөө итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн нам. Бид анх нам байгуулсан үзэл бодолдоо өнөөдөр ч тууштай явж байгаа. Манай намын гишүүд улстөрийн карьер хөөж эрх мэдэлд албан тушаалд хүрч амьдрал ахуйгаа өөд татъя гэсэн ахар бодолгүй итгэл үнэмшилдээ үнэнч. Үнэхээр улстөрөөс ашиг хонжоо харсан хүн манай намд ирдэггүй. Монголын улстөрд өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй нам болж төлөвшсөн. Манай сонгуулийн тогтолцоо хоёр намын давуу эрх рүү түлхдэг байсан болохоор парламент дахь суудлынхаа тоог нэмэгдүүлэхэд амаргүй байлаа. Одоо сонгуулийн шинэ тогтолцоогоор улстөрийн намуудад санал өгдөг болсон.
Тиймээс манай нам болон бусад улстөрийн хүчнүүд өмнөхөөсөө илүү идэвхтэй оролцож байна. Хэдийгээр бид парламентад цөөнх байсан ч манай намын мөрийн хөтөлбөрийн заалтуудаас төрийн бодлого болж хэрэгжих хэрэгтэй гэж ажилласаар ирсэн. Тухайлбал, Авлигатай тэмцэх хуулийг анх санаачлаад ажлын хэсгийг нь даргалаад хуулиа батлуулсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрсдөө санаачлан нээлттэй мэдүүлж байсан бол өнөөдөр хууль болон хэрэгжиж байна. Жендэрийн асуудлыг анх бид намынхаа дүрэмд оруулан тууштай ажилласаны үр дүнд хууль батлагдахад хувь нэмрээ оруулсан. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд бид гар бие оролцсон. Атарын III аян хэрэгжүүлэхэд энэ салбарыг хариуцсан Ганхуяг сайд маш сайн ажилласан. Ер нь явцуу эрх ашиг, бүлэглэлээс ангид байх зарчмыг бид барьж, нээлттэй байж шинэлэг хандлагыг байнга хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн сонгуульд хэрэгжих хамгийн боломжтой “Амьдрал” хөтөлбөрийг боловсруулан өрсөлдөж байна.
-ИЗНН-ын даргын хувьд сонгогчиддоо хандаж юу гэж хэлэх вэ?
-Ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш парламентын таван сонгууль, ерөнхийлөгчийн мөн таван сонгууль болсон байна. Энэ бүх сонгуульд эрх барьж байсан МАН, АН байнга онц дүн авч ирсэн. Үүндээ тэд ханасаар явж ирлээ. Одоо тэдэнд дахин дөрвөн жил буруу замаар будаа тээх эрхийг олгох уу, уучлаарай итгэл дааж чадсангүй гээд муу дүн тавих уу гэдэг хариуцлагатай сонголтын өмнө ард түмэн ирлээ. Нэг удаа муу дүн тавьж, сануулах эрх нь ард түмний гарт байна. Парламентын гишүүд шинэчлэгдэж, шинэ салхи оруулж байх хамгаас чухал. Улстөрийн ийм тогтолцооны үед гурав дахь хүчнийхэн үр дүнд хүрнэ гэдэг амар харагдахгүй. 20 жилийн хугацаанд мажоритари тогтолцоогоор явж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар ИЗНН нийт сонгогчдын 11 хувийг авсан. Шинэ хуулиар ийм хэмжээний санал авсан нам парламентад бүлэгтэй байх боломж харагдаж байна. Мөн ИЗНН-ыг дэмжиж байгаа маш их дэмжигч байгаа нь харагдаж байгаа. Сонгуулийн сурталчилгааны явцад манай намын дэмжигчдийн тоо илүү нэмэгдсэн нь мэдрэгдлээ. Бидэнд үнэхээр итгэж чадах юм бил улс орныхоо эрх ашгийн төлөө явж чадна.
Сэтгэгдэл ( 0 )