Д.Ганболд: Би хотоо Авралын Улаанбаатар гэж нэрлэмээр санагддаг юм

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 17-р тойрогт

 - Хот хөгжихийн тулд хамгийн түрүүнд юуг хийх ёстой бэ?

Улаанбаатар хот хөгжихийн тулд хамгийн түрүүнд дэд бүтэц буюу газар доорх инженерийн хотыг шинэ түвшинд төлөвлөж хөгжүүлэх ёстой гэж боддог. Энэ ч утгаараа манай дүүрэгт инженерийн шугам сүлжээг анх удаа газар доорхи хонгилын системд шилжүүлэх ажлыг эхлүүлэн 1-р хороондоо амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хонгилд инженер техникийхэн чөлөөтэй явж шугамуудад засвар үйлчилгээг хийх бололцоотой.

-Хонгилын системд шилжсэнээр ямар давуу тал бий болж байна?

Хонгилын системын олон давуу талтай хамгийн наад зах нь шугам хоолой засварлах солих гэж жил бүр газар шороо ухаж тохижилтуудыг эвдэж сүйтгэдэг байдлыг үндсээр нь халж байгаа. Үүнээс үүдэн хотын өнгө үзэмж, тоос шорооны асуудал ч цэгцэрч иргэдийг ч бухимдуулахгүй. Нөгөө талаас энэ хонгилд телекамерын систем суурилуулагдаж байгаа ингэснээр шугамын гэмтлийг 24 цагийн турш бүрэн хянаж, гэмтлийг шууд цаг алдалгүй засварлах бололцоог олгож байгаа.

-Инженерийн сэтгэлгээгээр хотын хөгжлийг харна гэдэг үнэхээр чухал юм байна. Ингэхэд утаа болон хөрсний бохирдолын асуудлыг яаж шийдвэрлэх бэ?

Энэ асуудалд нэг л зарчим байгаа утаа болон хөрсний бохирдлын асуудлыг шийдэхийн тулд гэр хороололд гал түлж дулаацаж, үнс гаргадаггүй болсон цагт л энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Улаанбаатарын агаарын бохирдлын 50%-г тоос шороо, хог хаягдлын 40% үнс тус тус эзэлж байна гэсэн тооцоо байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хороолол руу инженерийн шугам сүлжээг тавьж цэвэр бохир дулаанаар хангасан цагт л энэ бүх асуудал шийдвэрлэгдэнэ.

-Тэгвэл энэ бүхэн хэзээ шийдвэрлэгдэж гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ тавигдах бэ?

Энэ ажил аль хэдийн эхэлчихсэн өрнөж байгаа. Хайлааст хүртэл цэвэр усны шугам тавигдаад худгуудыг төвөөс хангаж байна. Бохирын шугам хайлааст руу салдаг уулзвар хүртэл тавигдчихсан байна. Дулааны шугам Дэнжийн мянга хүртэл тавигдаад мөн тухайн орчны сургууль цэцэрлэгүүдийг холбоод эхэлж байна. Энэ бол чамлахаар зүйл биш. Манай дүүргийн үндсэн цөм хойд хэсэгтээ байрладаг. Тиймээс инженерийн шугамуудыг цөм рүүгээ татаж, ирэх жилүүдэд айл өрхүүдийг дэд бүтцэд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сайхан мэдээ байна. Тэгэхээр таны ярьж байгаагаас үзвэл зарим намуудын мөрийн хөтөлбөртөө тусгаад амлаад байгаа зүйл аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн юм байна шүү дээ?

Ер нь бол хотыг улс төржүүлээд байхаас илүү эхэлсэн болон хүлээгдэж байгаа бүтээн байгуулалт, төлөвлөлтүүдийг бодитоор нь хармаар байгаа юм. Заримдаа ч хэлэхэд хэцүү юм хэлж ярьж байгаа улс төрчид байх юм аа. Иргэд маань үүн дээр илүү бодитойгоор нь харах нь зүйтэй. Энэ бүх хоттой холбоотой асуудлыг дан ганц дүүрэг, нийслэлийн хэмжээнд шийдчих ажил биш л дээ. Үүнд төрийн томоохон бодлого, дэмжлэг, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм. Учир нь энэ хуулийг шинэчлэснээр хот томоохон бүтээн байгуулалт, төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг дан ганц улсын төсвөөр биш, бонд болон хувьцаа гэх мэт олон эх үүсвэрийг дотоод гадаадаас босгож байж далайцтай ажлуудыг шийдвэрлэх бололцоо бий болно.

-Чингэлтэй дүүрэгт бусад томоохон ажлуудын талаар юу хийгдэв?

Бид өнгөрсөн 4 жилд дүүргийнхээ 21 км төв замыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгон өргөтгөж шинэчлэн засварласан, 19 км хороолол дундах зам, 54321 м2 явган хүний зам тавьсан. Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамжийг бүрэн шинэчиллээ.


Та бүхэн мэдэж байгаа урьд өмнө зам засварын ажил нөхөөс тавих хэлбэрээр хийгддэг байсан бол улс орны эдийн засгийн өсөлтийн хэрээр замын ажлуудыг инженерийн шугам сүлжээ гэрэлтүүлгийн хамт цогцоор нь бүрэн шинэчилдэг болсон. Энэ бүхэн хотыг инженер хүн удирдаж байгаатай шууд утгаараа холбож ойлгож болно.

-Хотын бас нэгэн томоохон асуудлын нэг замын түгжрэл байдаг. Энэ талаар танай дүүрэгт ямар ажлууд хийгдэж байна вэ?

Үүнд хоёр арга зам бий. Нэгд: одоо байгаа замуудыг өргөтгөх энэ ажил үндсэндээ хэрэгжээд явж байгаа. Хоёрт: шинээр зам тавих буюу давхар замуудыг тавих энэ ажлын хүрээнд бид чухал хоёр замын ажил эхлүүлээд байна. Хүчит шонхроос Баянхошууны Хөтөл хүртэл гурав км гаруй зам, Далан давхрыг хашаажуулж, түүнийгээ дагасан зам тавьж байна. Энэ нь хамгийн эрэлт хэрэгцээтэй замуудын нэг болох юм. Маш товчоор хэлэхэд Улаанбаатар хотын хоёр дахь их тойруугийн замын эхлэл юм. Хотын баруун зүүн талаас дайрч өнгөрч байгаа машинууд заавал хотын төвөөр дайрч бөглөрөлгүйгээр энэ их тойруугийн замаар явах шинэ урсгал бий болно. Энэ нь нийслэлд асуудал болоод байгаа замын түгжрэлийг шийдэхэд их нэмэр болох ажил юм. Энэ бүхэн хот дээр бүгд төлөвлөгдөөд шийдлүүд нь инженерүүдийн түвшинд бэлэн болчихсон, одоо ганцхан төсвийнхөө хүрээнд хэрэгжиж эхлээд бүгдийг нэгэн зэрэг шийдэгдэх бололцоогүй байгаа юм.

-Зарим нэг улс төрчид ярихдаа хотыг одоогийн нөхдүүд удирдаж байгаа болохоор хотын проблем их байна. Хэрэв хотыг бид удирдвал үүнээс илүү сайхан болгоно гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна.

Сүүлийн 20 жилд Улаанбаатар хотод 480 мянган хүн орон нутгаас нүүж ирсэн байдаг. Эдгээр хүмүүс боловсролтой, ажилтай, орлоготой, амьдралаа илүү сайхан болгох, эрүүл мэндийн үйлчилгээг авах гэж их хотыг зорьсон. Энэ хүмүүсийн нэгийг нь ч алагчилж үзэлгүй Улаанбаатар хот яг л том ах шиг өнгөрсөн 20 жил эдгээр хүмүүсийн амьдралыг нуруун дээрээ үүрч ирлээ. Тийм ч учраас би хотоо Авралын Улаанбаатар гэж нэрлэмээр санагддаг юм.

Тэгвэл эдгээр хүмүүсийн нүүж ирэх болсон үндсэн том шалтгаан нь орон нутагт нь дээрх асуудлуудыг нь шийдвэрлэж чадаагүйгээс л иргэд маань нааш нүүдэллэж ирэх болсон.  Өнөөдөр хотыг бид илүү сайхан болгоно хот юу ч хийж чадахгүй байна гэж ярих улс төрчид өнгөрсөн 20 жилд улс эх орныг удирдаж, орон нутгийг хөгжүүлж болох байсан. Энэ бүхэн өнөө л улс эх орны эдийн засгийн нөөц бололцооноос хамаарч хөдөөд ч хотод ч проблемыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй байгаатай холбоотой л доо. Харин ч сүүлийн хэдэн жилд эдийн засаг нааштай байхын хэрээр бид хот төлөвлөлтийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлээд эхэлчихлээ.

П.Хашчулуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top