400 орчим зорчигч чихсэн Сүхбаатар хөлөг онгоц уухилан хөдөллөө. Дохио юугаа хангинуулах нь сүртэй. Титаникийг зурагтаар үзсэн төдий хүмүүс их далайд аялахаар ийн хөдөлж буйдаа сэтгэл тэнэгэр.
“Сүхбаатар хөлөгт тавтай морил. Хөлгийн нэгдүгээр давхарт халуун хуушуураар шууд үйлчилнэ. Найман хуушуур захиалсан хүн аваарай. Хоёрдугаар давхарт хөнгөн зууш, халуун кофе бэлэн” хэмээн тасхийтэл зарлав.
Хөлөг онгоцонд багтаж суусан аялагчид сая нэг тайвширч, эрэг дээр удтал хүлээсэн бухимдал эгшин зуурт тайлагдав бололтой. Наадмын дараах амралтын оргил үед Хөвсгөлийн Хатгал тосгон цагаан тоосонд нэлэнхүйдээ дарагддаг. Орон нутгийн аялагчид болоод гадаадын жуулчид хүрэлцэн ирдэг үе. Аялагчид үзэж харах хөтөлбөр цөөтэйг хэлэх үү, цугаараа л Сүхбаатар онгоцонд сууж Далай ээжээ тойрохын хүсэлд автжээ. Өглөөнөөс эхлэн дугаарлаж, Сүхбаатар онгоцны тавцанд гарахыг яарна. Долдугаар сарын 13-нд тэнд лав 50 машин эгнэн жагсаж, оочероо хүлээгсэд замын цагаан тоосонд дарагдаад, нэг их буурал үстэй, гундуу царайтай улсууд харагдсан даа. Машин унаа нь ялгаагүй аян замын шороон дээр Хөвсгөлийн цагаан тоос нэмэрлээд яачихаа вэ гэмээр өрөвдөлтэй үзэгдэв.
“...Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа хүмүүс бэлгээ аваарай. Бичиг баримттайгаа ирнэ шүү. Төрсөн өдөр нь болж байгаа хүмүүс гараа өргөөрэй. Аа яа яа, ийм олон хүн байгаа юм уу. Манайхаан цоглог байгаарай. Монголчууд аа байна уу уу...” хэмээн Сүхбаатар хөлөг онгоцны Guide бүсгүй үргэлжлүүлэн хангинуулав. Хариуд нь аялагчид “Байна аа аа, үү үү...” хэмээн сэтгэл хөөрөөд, нүүр аманд шигдсэн цагаан тоосыг шударч арчаад, хуушуураа зооголлоо.
“...Хөвсгөл далайг тойрсон гурван арал бий. Хүү толгой, Модхүү, Хадхүүг та бүхэн харж байна. Буруу зогссоноос болж 1984 онд живсэн хөлөг онгоцыг одоо харна уу. Илүү сартай зун киноны зураг авалтыг хийсэн хэсэг энэ байна. Манайхаан байна уу...”
“...Сүхбаатар хөлөг онгоцонд 60 жилийн түүхэнд нь 2 удаа засвар хийсэн бөгөөд энэ жил Номинтрейд компани засварын ажилд 600 сая төгрөг зарцуулсан. Та бүхний түрүүн эрэг дээр харсан хоёр давхар байшинд 20 хүн хүлээн авах хүчин чадалтай тохилог ресторан ажиллаж байна. Гэр бүлээрээ амрагсдад зориулсан гэрүүд тэр байна...” хэмээн бүсгүй реклам сурталчилгаагаа эвлэгхэн зарлаж эхлэв. Боомт дээр “Номин 247, Улаанбаатарын үнээр” гэсэн томоо гэгч самбар байсны учир энэ аж. “Хөвсгөл усан зам” жуулчны бааз гэдэг нь бодвол Номин холдингийн бизнес болсон юм байх. Сүхбаатар хөлөг онгоц дээрх маркетингийг Номин холдингийн охин компани ийн хийж байна.
Төдөлгүй төрсөн өдрийн ая дууны мэндчилгээ үргэлжлэв. Араас нь эх орны сэдэвтэй цоглог аялгуу цуурайтлаа. 140 километр сунаж тогтсон Хөвсгөл далай тунамал цэнхрээр мэлтэлзэн, тэртээд тэнгэр газар нийлсэн нь хязгааргүй мэт. Хатгал тосгон Далай ээжийн ердөө өмнөдөд, харин тэрхүү хязгааргүй цэнхэр долгион хойд зүгийг чиглэн мяралзан одох аж. Сүхбаатар онгоц хоёр цаг орчмын аялал хийгээд, тэнгэр газрын заагт дуут дохио хангинуулан буцдаг. Яндангаас нь хар утаа олгойдон, сүртэй гэгч эргэхийг нь харахул эртний кино санагдуулна. Уг нь 250 хүний багтаамжтай. Боомтоор дүүрэн аялагчид хүлээж байгаа учир 400 зорчигч чихээд хөдөлчихдөг.
-Живчихвэл яана... гэсэн чинь
-Зүгээр ээ, удаан явдаг юм. Цөөхөн хүнтэй бол цаг хагас болоод эргээд ирнэ, олон зорчигчтой явахаараа 2 цагийн дараа ирдэг. Зогсоод явахад илүү гоё шүү дээ хэмээн эдний ажилтан ярилаа.
Том хүн 15.000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчдог. Сүхбаатар онгоцонд хүлээн авалт, хурим хийе гэсэн романтикууд байвал 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ. Москва голоор цаг хагас аялахад 400 рубль буюу 20.000 төгрөг байсан санагдана. Сүхбаатар онгоц ийнхүү өдөрт гурван удаагийн рейсийг уухилан гүйцэтгэдэг.
Хөлөг онгоц дээр гадаадын жуулчид ховор. Оочер дугаараас нь айдаг биз. Ер нь жуулчид буудалласан баазаасаа өглөө эртлэн явган аялж, уул хадаар тэнэн, зураг хөрөг авч амрах дуртай. Германаас ирсэн жуулчид андашгүй, гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ явах нь элбэг. Арай зоригтой гэх юм уу даа. Уул хадаар сонирхон явж идэвхтэй амардаг. Энэ жил Хөвсгөлд Австрали, Испаниас цөөнгүй жуулчин иржээ. Испаничууд гол төлөв настай хүмүүс, 10-15 хүнтэй баг болон буудалласан газраасаа нэг их холдохгүй. Бэлэг дурсгалын жижиг сажиг зүйлс сонирхож их авна. Хөвсгөлийн тайга дунд том үүргэвчтэй ганц хүн тэнэж явбал тэр нь америк аялагч байх вий. Ийм аялагч замдаа дайралдсан монголчууд руу гар даллан мэндлээд, болгоомжилсон харцаар хараад хурдхан холддог. Ижилхэн “вьетнамка” өмссөн азиуд хэн болохыг мэдэж байгаа биз дээ. Солонгосчууд хамгийн хол явлаа гэхэд мориор жаахан зугаална. Бусад үед далайн эрэг дээр багаараа амарна. Хаашаа л явна группээрээ.
Хөвсгөлийн өмнөд этгээдэд, Хатгал тосгоноос 1-6 километрийн зайд том жижиг маш олон амралт шавааралджээ. Жуулчны бааз хэмээн тэд өөрсдийгөө нэрлэдэг. Эдгээрийн дунд үнэхээр бааз гэхүйц тохилог нь 3-4 юм. Хоногийн дундаж үнэ харилцан адилгүй. Хоногийн 65 ам. долларын төлбөртэй гэж байгаа нь хамгийн өндөр ханш бололтой. Баруун эргээ дагасан хэдэн бааз гайгүй тохитой санагдсан. Байршил их чухал. Гэрийн хаалгаар харахад их далай цэлэлзэн, эрэг цохилон буцах давлагаан чимээ сонсох мэдээж сайхан. Хамгийн өндөр үнэтэй гэх бааз баруун эргийн үзүүрт бий. Нэрийг нь дурдаад яахав. Байршил маш сайхан, хошууг дагаад хоёр талаар нь гүн цэнхэр далай цэлэлзэж, нүд амран, сэтгэл тайвширна.
Орон нутгийн амрагчид гол төлөв хоногийн 40.000 төгрөгийн үнэтэй баазад буудалладаг. Майхантайгаа ирээд хэд хонож буй аялагчид ч бий. Баазад бууж мөнгө үрэхгүй гэсэн хүмүүс. Хатгалаас Хөвсгөлийн баруун эргийн баазууд хүрэх зам дагуух тавхан км-т 60-аад майхан шавааралджээ.
Улаанбаатараас ирэгсэд Мөрөн хүртэл 785 километр замыг туулдаг. Мөрөнгөөс Хатгал тосгон тийш дахиад 110 километр давхина. Хөвсгөл аймагт хийж буй ганц том хөрөнгө оруулалт нь Хатгал зүгт татаж байгаа хар зам. Энэ нь үнэхээр чухал хөрөнгө оруулалт. Өөр дорвитой бүтээн байгуулалт одоогоор хийгдээгүй байна. Аялал жуулчлалыг Монгол улсын тэргүүлэх салбарын нэгээр зарлаад олон жил улирчээ. Тэрхүү тэргүүлэх салбарын зүрх нь болох учиртай сувдан цэнхэр Хөвсгөл тойроод сул шороо нэмэгдсэнээс биш, бодлогын чанартай хөрөнгө оруулалт харагдсангүй. Нэгэнтээ Хөвсгөлд ирсэн жуулчин дахин ийшээ ирэхийг хүсэх нь юу л бол. Юутай ч, Монголыг сонирхох шинэ давлагаа, Хөвсгөлийн тухай домог мэт ярианд автсан гадаадын жуулчид анхдугаар аяллаа ийшээ хийсээр л байх аж. Тэд дахиж ийшээ барагтай л бол зүглэдэггүй.
Хэдийгээр Хөвсгөл нутгийг Монголын төр бодлогоор дэмжээгүй боловч нутгийн зон олон өдөр хоногийг өнгөрөөх бяцхан бизнесээ энд өөрсдөө цэцэглүүлжээ. Шинээр амрагч ирсэн баазыг андахгүй. Далайн эргийн хясаа хэлхэн, тэмээний ноосоор нэхсэн бээлий, малгай, оймс эгнүүлэн угтдаг. Баазууд орон нутгийн худалдаачдыг цааргалалгүй хашаандаа нэвтрүүлдэг. Нөгөөдүүл оймс малгай нэхэнгээ бүтээгдэхүүнээ 10 мянган төгрөгөөр борлуулна. Англиар дажгүй ойлголцоно. Бүх бараа 10.000 төгрөг, түүнээ 8000 төгрөг хүртэл хямдруулдаг уламжлалтай. Эсгий цүнхийг Испанийн хэдэн жуулчин их сонирхов. Нутгийн бүсгүйчүүд овоо орлого хийж аваад, мотоцикльд мордон нөхрүүдтэйгээ арилж одов оо. Хөвсгөлөөр дүүрэн хятад мотоцикль. Хонь малаа мотоцикльтой хариулж явах нь хотын хүмүүсийн нүдэнд танил бус дүр зураг. Нутгийнхан мөнгө олох аргаа амархан олдог. Мөрөнгөөс Хатгал орох зуурт гол үерлэсэн байвал нэлээн хэдэн айл орлоготой гэсэн үг. Зуун метр хүрэхгүй газарт хотоос ирсэн амрагчид үертэй голыг гатлахаасаа эмээж зогсов. Нутгийн ямбий 69 ийм үед үнэд орох вий. Нэг машин чирэх ханш 10.000 төгрөг. “Ах нь эвтэйхэн хэсгээр гарч чадна, мэдэхгүй хүн бол машинтайгаа урсана шүү” хэмээн тэр эр маркетингаа хийдэг.
Хөвсгөл хүртэлх 900 километрийн уртад хамгийн сайн үйлчилгээ нь нисэх онгоцны сервис. Монголын орон нутгийн нислэгийн чиглэлүүдэд өрсөлдөөн бий болжээ. АэроМонгол, Изнис авиакомпаниуд сайн үйлчилгээтэй. Mongolian Airlines араас нь шил даган өрсөлдөөнд оржээ. Өмнөговь ба Хөвсгөлийн чиглэлийн зорчигчид нь гадаадынхан л байдаг болж. Улаанбаатараас Мөрөн хүртэл ирэх ба буцахад 360.000 орчим төгрөгөөр тийз авна. 30 зорчигчтой онгоцонд 90 хувь нь гадныхан нисэх аж. Монголчууд бол Хөвсгөл тийш машинтайгаа хурдалдаг. Бараг 900 км замд дунджаар 300.000 төгрөгийн бензин зарцуулна. Улаанбаатарын үнээр бодоход ийм. Хэрэв Хатгалаас АИ92 авбал литр нь 1900 төгрөг, зардал талийж өгнө. Аяллын замд хамгийн хэрэгтэй зүйл нь Монголын автозамын сүлжээ хэмээх газрын зураг. 1:2.200.000 масштабтай уг зурагтай бол хаана ч төөрөхгүй. Гагцхүү ийм газрын зургийг тэр бүр олон нийтэд худалдаалах нь харагддаггүй. Энэ мэтээр аялал жуулчлалын салбарыг аятайхан хөгжүүлье гэвэл бодмоор зүйлс тун олон байна.
-Breakfast? хэмээн хижээл насны испани эр рестораны үйлчлэгчээс асуув. 15 хүнтэй аяллын багийн ахлагч нь тэр эр. Улаан хацартай сэргэлэн охин хариуд нь,
-Тийм ээ, бантан гэж байна. Гадаадын зарим жуулчин өглөөний цайндаа бантан дажгүй идчихдэг, дуртай байдаг юм гэж охин ярилаа. Зарим нь яахав энэ испани эр шиг өглөө мах шөлтэй хоол иддэггүй гэнээ. Үйлчлэгч охин тун завгүй. Наадмын үеэр дотоодын амрагч маш олон байсан. 120 амрагчтай учир тэр гүйгээд байхаас ч яахав. Наймдугаар сар гартал баазуудад оргил ачаалалтай. Хөвсгөл тойрсон бизнесийн оргил үе нь. Наймдугаар сар гарав уу үгүй юү далайн эрэг дээр сэрүүсч, хүн ч цөөрдөг.
Нөгөө испани чанасан өндөг бариад, ингээд хагалаад шараад өгөөч хэмээн үзүүлэв. Рестораны үйлчлэгч охин “Аан за за” хэмээн годхийн гал тогооны өрөө рүү орлоо. Үдийн хоол хүлээнгээ шар айраг уухаар шийдэв бололтой, эрэгтэй эмэгтэй гэлтгүй испаничууд баарны барааг сонирхож эхэллээ. Үйлчлэгч нь лаазтай CASS үзүүлэх юм. Нөгөөдүүл мэдээж шилтэй, шинэ пийв авъя энэ тэр гэнэ, тэгснээ сонголт үгүйг дор нь ойлгоод томоотой нь аргагүй CASS задлан эргээд сууцгаана. Өглөөний цайны ширээнд тавьдаг нутгийн нэрсний чанамал, барьсан шинэ талханд амрагчид дуртай. Зоогийн ширээг ном журмаар нь засах гэж Хөвсгөлийн залуу нэлээн тэвдэж байна. “Энэ олон халбага сэрээ тавих юм уу” хэмээн залхуурахад нь үйлчлэгч охин гадаадынхны ширээг ингэж засдаг хэмээн зааварлав.
Дотоод, гадаадын аялагчид ялгаагүй, Хөвсгөлийн баазуудад цөөхөн хонох юм. 1-5 хононо, түүнээс илүүгүй. Энэ хооронд цаатангийн отогт очиж сонирхдог бололтой. Уул хадаар жаахан явна. Тэгээд л буцах замд гардаг биз ээ. Энэ бүхнийг нурших учир нь Хөвсгөлд очих нь гадаад төдийгүй дотоодын амрагчдад тун хол зам, зардал өндөр аялал. Харин очоод үзэх харах зүйл маруухан. Цэнхэр далайн давлагааг ширтэн суух л хамгийн том таашаал. Болор тунгалаг усанд өнгө өнгийн гоё чулуу элбэг. Багадаа борооны дараа ийм гоё чулуунууд голын эргээс түүж тоглодог байснаа санагалзав.
Хөвсгөлийг тойрон моторт завиар аялъя гэвэл 10 хүний багтаамжтай нь 250.000 төгрөг. Нэг хүн 25.000 гаргана гэсэн үг. Арай том завинд суухад 350.000 буюу нэг зорчигч 35.000 төгрөг төлдөг. Харин мориор зугаалмаар байвал 5000 төлөх хэрэгтэй. За, Хөвсгөл тойрсон нутгийн жижиг, дунд бизнес иймэрхүү.
Рестораны үйлчлэгч охин ширээгээ засч байна...
-Чи англиар ойлгоод байх юм аа.
-Хэ хэ, муу даа.
-Ширээн дээрээ суурь таваг тавихгүй юм уу?
-Өнөөдрөөс гадаадын жуулчин байхгүй ээ. Монголчуудад суурь таваг тавих хэрэггүй, дургүй байдаг юм өө, зай эзлээд, энийгээ аваач гээд...
Хатгалын баазууд чадах хэрээрээ хөрөнгө оруулалт хийдэг. 150 хүний багтаамжтай жуулчны баазад нүүр гарын угаалтуур эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр байх жишээтэй. Амрагч ихтэй үед нүүр гараа угаахаар дугаарлана гэсэн үг. Аялал жуулчлалын баазуудад шалгалт хяналт нэлээн хийж, стандартын шаардлага тавьдаг болсны хүчинд тэд ямар ч гэсэн ариун цэврийн өрөөгөө гайгүй сайхан тохижуулжээ. Shower, Sauna гэхчлэн том хаяг ч хадчихаж.
Хатгал тосгоны хуучин модон ОО дээр хүртэл Toilet хэмээн тодхон бичсэн нь бий. Гадаадынхан олноороо ирдэг энэ газарт аялал жуулчлал бор зүрхээрээ хөгжиж байна. “Интернэттэй дэлгүүр нэг бий, интернэт кафе бас байгаа” хэмээн тосгоны эмэгтэй хэлсэн юм. Тосгоны ганц интернэт кафед дөрвөн компьютер байрлуулжээ. Нөгөө дөрөв дээр “суух” гэсэн дотоод гадаадын залуус зөндөө. Жижиг гэрийн үүдэнд гунигтайяа суух залуус интернэтийн сүлжээ хэзээ орж ирэхийг хүлээж буй гэнэ. “Баруун аймгуудын интернэтийн сүлжээ тасарсан гэнэ ээ” хэмээн кафены эзэн залуу дуулгалаа. Тосгонд Gmobile-ийн сүлжээгээр нэтэд ордог. Гунигтай мэдээ сонссон жуулчид эргээд бааз руугаа таван км алхаж одов.
Дотоод, гадаадын аялагчдаа багтааж ядсан Хатгал тосгонд хөгжил дэвшил ирэх хараахан болоогүй байна.
baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )