(Кино урлаг-Грек. κινημα, төрөх. κινηματος — хөдөлгөөн грек. γραφω — бичих, дүрслэх. Хүнээр дамжин илэрч байгаа хөдөлгөөнийг дүрслэх)
Нэгэн факт: Францчууд “кино” хэмээх аугаа урлагийг бодож олсноос хойш бүтэн зуун өнгөрчээ. Гэвч бүх урлагийн дотроос хамгийн шилдэгт тооцогддог сүүдэр шийг дэлгэцэнд гарсан цагаас нь хүн төрөлхтөн хувааж өмчлөх хувь тавилантай байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа кино урлаг шинэ эрин үетэйгээ золгосон байна. Ленинээр удирдуулсан хувьсгалаар большвекууд засгийн эрхэнд гарч, эрүүл саруул сэтгэлгээний ноён оргил хэмээгдэж байсан кино урлаг үзэл суртлын томоохон зэвсэг болон хувирсан юм. Гэхдээ энэ нь дэлхийд нэр алдраа цуурайтуулсан суутнууд төрөн гарахад огт саад болоогүй юм.
Ер нь бол дэлхийн киног хоёр хуваадаг гэх. Яаж гэвэл... Холливудын ба бусад кино гэж.... Америкийн киноны машин Холливуд бий болсон цагаасаа эхлээд энэ салбартаа өөрийн ноёрхлыг тогтоосон гэж болно. Студид л гэхэд 20th Century Fox, Warner Brothers, Miramax Films (Miramax), Paramount Pictures, Touchstone Pictures, Universal Pictures, Columbia Pictures, Metro-Goldwyn-Mayer, Dreamworks Studios, Buena Үista, Lionsgate, Destination Films, Dimension Films, Pixar гээд акулууд зөвхөн америк ах нарын эзэмшлийнх. Дэлхийд бараг ихэнх нэртэй бүтээлүүд дээрх компаниудын өмч. ТЭГЭХЭЭР «ХОЛЛИВУД» ГЭДЭГ ЖИЖИГ ХОТЫНХОН Л ХҮН ТӨРӨЛХТНИЙ КИНО ТҮҮХИЙГ МАШ ТОД ӨНГӨӨР СИЙЛЖ БАЙНА ГЭХЭД БОЛНО. Дэлхийн жишиг нэг иймэрхүү байна. Энэ удаад тэр Ази, Араб, Европын талаар огт дурьдсангүй өнгөрлөө.
Бид ч гэсэн бараг кино гэж мэдэхгүй байж «Америк! Америк!» гээд үхэж алдацгаадаг. Бараг гудамжны нэг муу жижиг гарын зураглаачтай танилцангуутай л Монголдоо ирээд томорно. Нэг жүжигчинтэй нь гар бариад эсвэл хажуугаар зөрч өнгөрөөд л өөрийгөө мэргэжлийн киночин эсвэл хөгжимчин гээд хөөрнө. Юм үзээгүй зангаа харин ч нэг илэрхийлнэ дээ. За тэгээд хийсэн уран бүтээлийг нь үзэхээр ч дээ. «Энэ олон киног үзээд нэгэнд нь ч сэтгэгдэл огт төрөхгүй байна. Эргээд бодохоор хэдэн хагас нүцгэн охид, тансаг үнэтэй хувцас нь царайндаа зохиогүй нөгөө хэдэн «хөгшин босс», амаа ангайж инээсэн ямар ч үгийн баялаггүй залуус, залхуу зураглаачийн план, учир жанцан нь мэдэгдэхгүй зохиолын санаа л ходоодны ёроолд үлдэж дээ гэх халаглал... Тэгвэл эдгээр халаглалыг ялгаж салгаж хүүрнэе л дээ!
Кинонд охид тоглоно гэхээрээ нүцгэлнэ л гэж ойлгодог болсон бололтой. Юм л бол нэг эрийн өвөрт гүйгээд орчихно эсвэл камерын өмнө хөх, өгзөг хоёроо гаргаж үзэгчийг доромжлоно. Тэр эрхтнээр нь нөгөө уран бүтээлийн багийнхан нь сурталчилгаагаа хийдэг. НӨГӨӨ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ ДЭЭ... «ГУЯАР ДАЛЛАНА»... ГЭДЭГ ШИГ. АЙМААР ҮГ БАЙГАА БИЗ. Угтаа бол өнгөөр тоглож байхын оронд кино шиг кино хийсэн хүнд бол заавал тэгж «гуялах эсвэл хөхлөх» шаардлага байхгүй баймаар. Юм чаддаг хүн нүүр бардам байдаг даа. Гэтэл нөгөө өнгөний ард нуугдсан «хувийн бичлэг»-ийг нь театрт хүн ирж үзэхгүй бол яана гэж айсандаа тэд кино болгондоо охидыг шалдалж байгаа. Бүр зарим кинон дээр эр хүн хараад цочмоор нөгөө жүжигчин хатагтай нар маань ичихгүй тайлах юм аа, ядаж байхад тэднээр яана аа. Зовмоор гэж. Гадны хүнтэй үзэж суувал одоо нөгөө авгайг чинь манай секс бэлэг тэмдэг гэх үү? Үүнд нэг л хүн буруутай. Тэр нь мэдээж найруулагч. Нэг бүсгүй (өөрийгөө од гэсэн шүү) найзыгаа тоглосон кинондоо урьжээ. Тэгсэн нөгөөх нь нэг бааранд гол дүрийн өвөр дээр ирж суугаад хөхөө гарган бариулаад л болоо. Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ичихгүй киноны нээлтэн дээр ТВ-д ярилцлага өгөөд зогсож байх юм. Эцэг эхдээ тэр «одонгоо» юу гэж хэлсэн бол... Уг нь бол шалдан хүүхнээс унтлагын хувцастай нь илүү дур булаам харагддаг даа. Өнгө мөнгөөр тоглохоо боль л доо.
Нэгэн факт: Өнөө цагт ердийн үзэгдэл болсон уруул дээрх үнсэлт цагтаа бөмбөг дэлбэрснээс дутуугүй сенсааци дэгдээж байсан. 1896 онд Эдисоны хувийн студид зургийг нь авсан “Үнсэлт” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонд Мэй Ирвин, Жон Райс нар анх удаа дэлгэцнээ үнсэлцжээ. Уг киноноос Парисын кино театруудаар унтлагын даашинзтай хатагтай, усанд зугаацах бүсгүйчүүд үзэгдэх болжээ. 1898 онд Их Британид тухайн үеийн хамгийн анхны мөн хамгийн зоригтой хийгдсэн эротик кино бүтээгдсэн байна. Нэр нь “Зүүдлэхийг минь зөвшөөрнө үү”. Энэ кинонд нэгэн залуу хонгорхон бүсгүйтэй зүүдэндээ унтаж байна гэж төсөөлөөд хар даран сэртэл өвөрт нь хэвтэх хөгшин авгайгаа хараад хачирхаж байгаа үйл явдал гардаг ажээ.
«Настай авгай нар» гэснээс манай кино урлагийн хэдэн өвөө нар байна аа. Тэд өөрсдийнхөө царай зүсэнд анхаарна гэж огт үгүй. ТАМХИ ТАТДАГ ХӨХӨРСӨН ЦАРАЙ, АРХИ УУДАГ НЬ ИЛТ «УЛААН ХАМАР», НАС НЬ АХИАД ТУРЖ ДОРОЙТСОН БИЕ ХАА, ХИЙМЭЛ ШҮДНИЙ АКЦЕНТ, ЗОХИОГҮЙ ХУВЦАСЛАЛТ... Yнэхээр зарим нэгэн гавьяатнаа сүүлийн үеийн кино дэлгэцнээс харахаар өрөвдөөд байх юм. Ер нь яах гэж ч тоглуулсан юм бол доо хөөрхий хэмээн халагламаар. Уг нь цаад нөхөд нь нэг тийм хөгшин хүнд гарын босс, удирдагч эсвэл улс төрч, эрдэмтэн эрхмийн дүрийг гаргаж байгаа юм л даа. Тэгсэн манай «хөгшчүүл» дүрдээ зохихгүй байна гэвэл хатуудахгүй болов уу? Ядаж урлагийн эрчүүд маань гадныхныг дуурайгаад нүүр царайндаа анхаарал тавьж, долоо хоног сардаа биш юм гэхэд жилдээ ганц удаа ч болов гоо сайханд ордог болоосой. Залуус нь ч яахав хээнцэрлээд, өнгөөр биеэ чимээд сурчихаж. Хэрвээ бүтээлд дүр авсан л бол нэг сарын хугацаанд мэргэжлийнхээ бэлтгэлийн зэрэгцээ гоо сайхны иж бүрэн «сургуулилт» хийж байвал... Хүнсний зах дээр эхнэртэйгээ мах аваад явж байсан эрхэм 10 минутын дараа зураг авалтанд орж байх жишээтэй. Эсвэл зун зураг авалттай бол бор эсвэл хар царайлчихсан л тууж явна. Зургийн багаас тэдэнд шаардлага тавьдаг ч юм уу бүү мэд. Ингээд дэлгэцэн дээр нэг л үнэтэй хослол өмсөж, хүүхэн дэргэдээ суулгасан хар шилтэй «өвөө» гэнэт гараад ирнэ дээ...
Нэг хэсэг хошин шогийнхон бүгд дуулж тоглолт нь мюзикль болж хувирсан. Түүн шиг сүүлийн үеийн кинонуудаас загварын ертөнц ханхалж шинээр загвар өмсөгчид төрж байна гэлтэй. ТОЛГОЙ НЬ ХООСОН НЭГ Л ГАНГАН, ХЭЭНЦЭР ЗАЛУУ ЭСВЭЛ БҮСГҮЙ. Брэнд өмсөж шинэ үеийн киног сэргээж байгаа юм гэнэ. Хувцасны цаана тэгээд юу байгаа юм бэ? Үзэгчээ хүндэлдэг болж дээ гэх нэг хэсэг байхад ингэж гангаллаа гээд чадвар нь дээрдсэн юм огт алга гэх нь ч байна. Сургууль, дамжаагаа төгсөж жүжигчний мэргэжил гэдгээ бүрэн ойлгоогүй «ногоон» юмнууд дэлгэцээр дүүрэн боллоо. Сүүлдээ 10 жилийн пацаанууд од болж эхлэв. Тэд үеийнхнийгээ байлдан дагуулах юм гэнэ. Юугаараа байлдан дагуулах гээд байгаа юм бүү мэд! Энд тэнд л камер барьсан нөхдийг дагаад баахан ганган дэгжин, ногоон, шар, хөх, улаан, цэнхэр охид хөвгүүд. Тэд одоо жүжигчин юм уу, загвар өмсөгч юм уу? Нөгөө мэргэжлийн гээд байгаа ах эгч нар нь ч гэсэн адил.
«Ивээн тэтгэгч «мухлагийнхаа» брэндийг сурталчилж байгаа байхгүй юу даа» гэх нөхөр маань яг үнэн хэлсэн бололтой. Ер нь бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн ихэнх нь Солонгос киноноос зөвхөн загварыг нь харах гэж үздэг гэдэг. Үс засалт, хувцаслалт, будалт... Гэтэл одоо бид нөгөө сэргэн мандаад байгаа гэх кинонцруудаас бас тийм л зүйлийг нь үзэх хэрэг үү? Yзэгчдийг мэргэжлийн сайн бүтээлээрээ байлдан дагуулаач дээ, киночид оо. Тэд чинь дандаа сериалын фанатууд биш шүү! БАГА Л ДОРОМЖЛООРОЙ ГЭЭД ХАТУУХАН ХЭЛЧИХЬЕ. Ажиглаад байхад гадаадад ажиллаж амьдарч байсан монголчууд нутагтаа ирээд сүүлийн үеийн «видеонуудыг» үзэх нь тун ховор юм билээ. Юм үзсэн гарууд аа гэж, өөр байхгүй юу. Хэрвээ ийм байдлаара байвал энэ мандаад байгаа гэх кино чинь хоёрхон жилийн дараа гэхэд дахиад л унана. Үзэгчид залхана. Зохиолууд ч давхцаж эхлэнэ. Ойр тойрныхон чинь ч уурлана. Шатна шүү! Урлагийнхан бүгд кино руу хошуурах болж. Нэгнийгээ ашигтай байлаа гэхээр араас нь хэн нь ч хамаагүй камер бариад гүйх болж. Удахгүй бүжигчид нь кинонд тоглож дуулж эхлэнэ биз. Ингэж туйлширч болохгүй дээ. ЕРТӨНЦ МӨХТӨЛ МОНГОЛ КИНО УРЛАГАА БАЙЛГАЖ Л БАЙХ ЮМСАН.
Сэдэвт хамаагүй нэгэн факт: Спецэффект (англ. special effect) — кино, телевиз, шоу болон компьютерын тоглоомонд визуал сценийг бий болгоход ашиглах технологи. Yүний тусламжтай бид алсын болон ойрын ирээдүй, сансар огторгуй, цаг агаарын өөрчлөлт, цөмийн дэлбэрэлт, дайн тулааны эгзэгтэй агшныг үзэх бас бий болгох боломжтой. Угтаа бол Спецэффект нь кино урлагийн хөгжилтэй л хамт бий болсон технологи ажээ. Сонгодог эффектийг стоп кадрын зарчим дээр үндэслэн хийж эхэлжээ. Бүр 1896 онд Жорж Мельесийн тоглосон «Чөтгөрийн шилтгээн» (Le manoir du diable) хэмээх киноны хэд хэдэн хэсэгт анхны сонгодог эффектийг ашиглажээ. Түүнд готик хэлбэрийн шилтгээнийг анх удаа зохиомол хэлбэрээр үзэгчдэд харуулсан юм. Ингэхдээ гараар хальсан дээр зурах аргыг хэрэглэсэн байв.
Спецэффект ашигласан томоохон бүтээл:
• 1963 —The Birds
• 1976 —King Kong
• 1977— 2005 Star Wars
• 1984 —The Terminator
• 1991 —Terminator 2: Judgement Day
• 1993 —Jurassic Park
• 1996 —Independence Day
• 1997 — Titanic
• 1999 —The Matrix
• 2001 —Pearl Harbor
• The Lord of the Rings
• 2004 —The Day After Tomorrow
• 2005 —King Kong
• 2007 —Transformers
• 2007 —Harry Potter and the Order of the Phoenix
Үзэгчдэдээ хандан хэлэхэд урлагийг тодорхойлогч нь бид шүү! Аливаад шүүлтүүртэй хандаж байгаач ээ. Дагаж бүү хошуур. Өнгө нь гял цал хийсэн бичлэгээр тэд нүдийг чинь гялбуулж байгаад халаасыг чинь тэмтрээд байгаа юм биш үү! Энэ бол шинэ эхлэл гээд хэн, хэзээ хэлсэн юм бэ? Тэд өөрсдийгөө л тэгээд байгаа. Түүнээс биш манайд гадны нэгэн мэргэн ирээд эсвэл дотоодын их мэдэгч энэ бүх бичлэгүүдийг үзээд дүгнэлтээ хэлэх нь яасан бэ? Үүнийг тэрлэгч миний бие л гэхэд хэзээ ч ингэж нэг хэвэнд цутгуулсан урлаг (кино)-тай улс орныг үзээ ч үгүй, сонсоо ч үгүй юм байна. Тэгээд болоогүй ээ, moviemaker-ууд маань «сайн хуулбарлагчид». Гадны дэлгэцээс өөрсдийнх нь хийж болох дууриаж болох юу л байна бүгдийг нь аваад тоншчихно. Үзэгч авхай та эрх биш зарим нэгийг нь анзаарч байгаа байх.
YГЭЭ ХЭЛ Л ДЭЭ, ТА. НӨГӨӨ УЛАМЖЛАЛТ КИНО УРЛАГАА ХЭДЭН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ӨНГӨӨР ТОГЛОГЧДЫН ГАРААР «ОРШУУЛУУЛАХ» ГЭЖ ҮҮ! БОДОЦГООЁ... ОДОО ЦААШДАА ЮУ Л БОЛОХ БОЛ...
Төгсгөлийн нэгэн факт:
Монгол киноны анхны түүхийн бичээсээс... (Мэдэхэд илүүдэхгүй шүү!!!)
-Кино урлаг нь 20-р зууны эхэнд буюу 1910-аад оны үед манай оронд орж ирсэн гэх бөгөөд тухайлбал 1913 онд гүн Намнансүрэн Оросоос хэдэн кино авчран Богд Хааны өргөөнд гаргаж байжээ.
-1921 оны хувьсгалын дараагаас Монголд кино болон анхны тоног төхөөрөмжүүд орж ирэв.
-1930 онд анхны кино театр "Ард" үүдээ нээсэн байна.
1935 онд Оросын тусламжтай "Монгол Кино" нэгтгэл үүсэн байгуулагджээ.
1936 онд Зөвлөлтийн тусалцаатайгаар хийгдсэн анхны кино "Монгол Хүү" дэлгэцэнд гарлаа
1935 оны 5-р сарын 01-ээс кино зохих үнэтэй болсон. Дорнод, Сэлэнгэ аймагт нэг төгрөгөөс доош, 30 мөнгөнөөс дээш, Архангай, Завхан аймагт 75 мөнгөнөөс доош, 25 мөнгөнөөс дээш, бусад аймагт 30 мөнгөнөөс доош, 5 мөнгөнөөс дээш гэх мэт...
Манай улс 1952 онд найруулагч Ц.Зандраа, М.Трояновский нарын хамтын бүтээл “БНМАУ” бүрэн хэмжээний өнгөт баримтат киногоор БНСЧСУ-ын Карловы Варын олон улсын кино наадмаас хөгжим чимэглэлийн үнэлгээгээр диплом хүртэж байсан
1957онд найруулагч Р.Доржпаламын “Бидэнд юу саад болж байна вэ” кино мөн Карловы Варын олон улсын Их наадмаас хүндэт диплом хүртэж байсан билээ.
1957 онд Москвад болсон Олон улсын киноны их дээд сургуулийн оюутан залуусын уран бүтээлийн уралдаанд О.Уртнасангийн “Наадам” нэг бүлэгт өнгөт баримтат кино 1-р байр эзлэн диплом шагнал хүртэв
"Монгол кино" үйлдвэр 1970 он хүртэл туулж өнгөрүүлсэн 35 жилийнхээ хугацаанд уран сайхны кино 52, баримтат кино 315 нэр төрлийг бүтээснээс гадна ЗХУ-ын 58 нэрийн 507 бүлэг киног эх хэлээрээ хөрвүүлж дэлгэцэнд гаргасан байна.
Р.Слава
slaүaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )