Өнөөдөр Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн орчуулгаар “Stories from the Steppe” хэмээх Монгол үгүүллэгийн түүвэр англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэний номын баяр болон ӨМӨЗО-ны яруу найрагч зохиолч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” номын нээлтийн үйл ажиллагаа Арт хаус төвд боллоо. Тус номын нээлтийг Соёл яруу найргийн академиас зохион байгуулсан бөгөөд Монголын яруу найргийг гадаадад сурталчлах, мөн ӨМӨЗО-ны яруу найраг англи хэл дээр байдаггүй учраас англи хэлтэй бүх уншигчдад хүргэх зорилгоор тус номын нээлтийг зохион байгуулжээ.
Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн “Stories from the Steppe” түүвэрт Б.Ринчин, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Г.Сэр-Од, Д.Намдаг, П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ч.Галсан, Д.Намсрай, До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо, Л.Өлзийтөгс, С.Анударь, Б.Золбаяр зэрэг зохиолчдын бүтээлээс дээжилсэн байна. Мөн тэрээр Өвөрмонголын яруу найрагч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” номыг англи хэл рүү орчуулсан бөгөөд энэ талаарх сэтгэгдлийг нь хуваалцахад “Э.Болд гуайн гайхамшигт номыг орчуулахад маш олон шинэ зүйлүүд гарч байсан ба Монгол болон Өвөрмонголын яруу найргийн олон ялгааг мэдэж авсан” хэмээсэн юм.
Тэрээр өмнө нь “Монголын яруу найргийн дээж”, “Монголын уран зохиолын дээж” (Ш.Цогийн хамт) хоёр антологи хэвлүүлсэн бөгөөд энэ удаа өөрийн орчуулгын сангаас эмхэтгэн Монголын богино үгүүллэгийн дээжийг хэвлүүлж утга зохиолын ертөнцөд толилуулж байгаа уран бүтээлч юм. Одоо тэрээр Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр докторын сургалтанд суралцаж байна.
Саймон Вэккхам Смитэд Монголын уран зохиолын орчуулгад Америкийн ПЕН клубын 2008 оны шагналыг олгосон ба мөн онд Монгол Улсын засгийн газраас Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Харин ӨМӨЗО-ны яруу найрагч зохиолч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” яруу найргийн номд 90-ээд оноос хойших хориод жил бичсэн бүтээлүүд багтсан байна. Түүний “Хөх нулимстай тэнгэр” яруу найргийн ном нь 2011 онд крилл үсгээр хөрвүүлэгдэн гарч байсан бол энэ удаад С.В.Смитийн орчуулгаар англи хэлээр гарч байгаа юм. Тэрээр англи хэл рүү хөрвүүлсэн хамтран зүтгэгчдээ хандан дурсгалын зүйл гардуулж,
“Алтанхан хөлсөө урсган байж
Дэлхийн хэмжээнд хүргэсэн
Дэлгэр ерөөлт Саймон авгыг
Тэнгэр мэт ачлалд тань баярлалаа”
хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм. Тэрээр Алшаа Зүүн Хошууны Утга Урлагийн Холбооны тэргүүлэгчээр ажилладаг бөгөөд урын санд нь “Яруу найраг-Зүрхэн хөдөлгөөний зураг”, “Далд тэнгэрийн өчил” (хятад хэлээр) шүлгийн түүврүүд байдаг аж. Мөн тэрээр “Билгүүн-Уянга-2007” яруу найргийн наадмын тэргүүн байрын "Алтан-Од" шагналт яруу найрагч юм.
Английн орчуулагч, монгол судлаач С.В.Смит болон ӨМӨЗО-ны яруу найрагч Э.Болд нар “Биднийг танилцуулан уран бүтээлийн сайн анд нөхөр болгосон Монголын соёл яруу найргийн академийн тэргүүн Мэнд-Ооёо гуайд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн халуун сэтгэлийн баяр дэвшүүлсэн юм.
Ингээд шинэ номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны яруу найрагч Э.Болд өөрийн бүтээн туурвисан "Хөх нулимстай тэнгэр" номоо хуран цугласан хүндэт зочдодоо гардуулснаар өндөрлөлөө.
Тус номуудын нээлтэнд манай утга зохиол яруу найргийн төлөөлөгчид оролцсон бөгөөд нэрт тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэгийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.
- Монголын уншигчдыг дэлхийн яруу найрагтай танилцуулах, Монголын яруу найргийг дэлхийн яруу найрагтай танилцуулах харилцан солилцоо зохиолчид уран бүтээлчдийн үйл ажиллагаа их чухал үүрэгтэй. Ер нь Монголын яруу найраг дэлхийн хэмжээнд хэрхэн танигдаж байна вэ гэдгийг би сайн мэднэ. Учир нь дэлхийн яруу найрагчдийн 3-4 ч яруу найргийн их хуралд оролцсон. Тэнд манай жинхэнэ агуу их яруу найрагчийн хэлж байсан “Шүлэг минь, хүлэг минь бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй байна” гэсэн шиг дэлхийн дэвжээ бидний өмнө, Монголын яруу найргийн өмнө нээлттэй байна. Энэ номын нээлт бол үүний тодорхой жишээ юм. С.В.Смитийн номуудыг би уншдаг. Тэрээр монгол хэлийг төгөлдөр сайн мэдээгүй байгаа хэдий ч яруу найргийн онгодтой учраас нэлээн сайн уран бүтээл хийдэг гэж би боддог юм. Одоо улам чадваржих байх. Харин ӨМӨЗО-ы яруу найраг бидэнд их ойрхон байсан байтлаа бид ерөөсөө мэдэхгүй юм. Одоо тэд монголын яруу найрагтай уулзах танилцах үүд хаалга өнөөдөр нээгдлээ. Э.Болдод монгол хэллэг бий. Тэр хэллэг нь жинхэнэ монгол бичгээр бичдэгт оршино. Ингээд хамгийн ойрхон мөртлөө хамгийн хол байсан Хятадын Өвөр монголын яруу найраг бидэнд улам танил болох болтугай.
Номын цагаан үйлс дэлгэрэх болтугай.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )