Петр Жин Хернандес буюу хөгжим сонирхогч залуусын дунд Бруно Марс нэрээрээ алдаршсан дуучин залуу 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавай арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 53 дахь удаагийн “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп гоцлол дуу” номинацид ялалт байгуулсан билээ. Түүний уран бүтээл 2009 оноос дэлхийн тавцанд эгшиглэж мянга мянган хөгжим сонирхогч залуусын сонорыг мялааж байгаа. Орчин үеийн хэмнэлт залуусын дунд “Nothing on you”, “Grenade” зэрэг дуугаараа алдаршиж буй Бруно Марсын “Musical” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Таны амьдрал хөгжимтэй хэрхэн холбогдов. Энэ тухай яриагаа эхэлье?
-Манай гэр бүл тэр чигээрээ хөгжмийн хүмүүс. Аав латин бөмбөрчин, ээж дуучин. Тийм болохоор багаасаа л хөгжим эгшиглэж, дуу хуур хөгжөөсөн гэр бүлд өссөн. Миний сэтгэлийн гүнд нуугдсан өчүүхэн хэмнэлийг аавын бөмбөрийн хэмнэл, ээжийн цангинасан хоолой нээж өгсөн болов уу. 1950- иад оны жазз хөгжмийн “Little Richard music” шоунд ээж оролцдог байхад нь би үргэлж хамт явдаг байж билээ. Мөн манай авга ах гэж туйлын авьяастай хүн байсан. Ялангуяа Элвис Преслиг тун адилхан дууриадаг байсан шүү. Би нэг өдөр авга ахаасаа “Дасгалжуулагчаа намайг эгнээндээ аваач” гэхэд зөвшөөрснөөр анх удаа тайзан дээр гарч байлаа. Жаахан хүүхэд байсан болохоор нэлийсэн гэрэлд нүд гялбаад яаж ч дуулснаа мэдэхгүй тайзнаас буусан юм. Дараа нь цугласан хүмүүс надад “Чамд чадалтай сайхан хоолой байна. Чи дуучин болох ёстой” гэж хэлсэн нь их урам өгсөн. Тухайн үед би таван настай байлаа.
-Тэгвэл одоо хэн Таны хөгжмийн хэмнэл, урлагийн онгодыг хөглөж байна вэ?
-Эмэгтэй хүн гээд хэлчихвэл буруудахгүй болов уу / инээв/. Ер нь би сонгодог хөгжимд дэндүү дуртай. Бүр зүрх сэтгэлээ зориулж сонсдог болохоор сонгодог хөгжмийн “донтон” гэж зарим хүн надаар хошигнодог. Продюсер хүний хувьд надаас олон удаа ийм асуулт асууж байсан л даа. Нэг сайхан нартай өдөр “Колдплей” хамтлагтай хамтарч ажиллана гэж найдаж байгаа. Урлагийн хүн, тэр дундаа дуучин хүн хөгжмийн бүх төрөл зүйлийг сонсч, мэдэрдэг байх ёстой.
-Таны бага нас Хавай аралд өнгөрсөн. Гэвч Таны судсаар Пуэрто Рико, Филиппин цус гүйж байгаа?
-Тийм ээ. Хүн бүхэн наадахыг чинь чухал болгож ярих юм. Энэ дэлхий дээр хүн болж төрсөн нь л чухал болохоос ямар цустай, ямар үндэс угсаатай нь тийм чухал биш шүү дээ. Үнэнийг хэлэхэд ээж минь Филиппин үндэстэн, аав Пуэрто Рикогоос гаралтай хурлийз хүн. Энэ хоёрыг холбосон гүүр нь хөгжим. Нэг ёсондоо амьдралынх нь утга учир хөгжим болсон гэсэн үг л дээ.
-Пуэрто Рико, Филиппин улс хоолоороо алдартай. Та алинд нь илүү дуртай вэ?
-Маргаангүй тахианы махан ороомог. Манай эмээ “испани будаа” гэж ёстой сай хан салахын аргагүй амттай хоол хийж өгдөг байсан. Энэ хоолонд шар будаа, чидун жимс, чинжүү ордог юм. Хааяа би өөрөө хийж идэхээр эмээгийн хийж өгснийг гүйцдэггүй муу талтай / инээв/.
-Яг одоо хэний дууг сонсч байна?
-Би өчигдөр Лил Вайн, Дрейкийн цомгийг худалдаж авсан. Яг одоо энэ хоёрын цомгийг л сонсч байна даа. Нэг бүтэн өдөр сонсоход уйдаагүйг бодоход дажгүй цомог болсон шиг билээ. Мөн сүүлийн үед “Бич Бойс”- ын дууг нэлээд сонсч байгаа. -Би өнөөдөр 18 нас хүрч байгаа л даа. Таны 18 настайдаа юу хийж явсан чинь сонин байна? -Юуны өмнө баяр хүргэе. 18 нас гэдэг хүний амьдралын хамгийн чухал нас. Учир нь, хүүхэд насаа гээж ертөнцийг үзэх үзэл нь тогтож эхэлдэг. Миний амьдралын ихэнх цаг хугацаа нь шоу ертөнцтэй шууд холбоотой байсан. Яг 18 насандаа “Мотаун” студитэй гэрээ байгуулж байлаа. Өмнө нь хэзээ ч дуулж, ая зохиож байгаагүйгээс гадна хоолойны бичлэгт ч орж үзээгүй жаахан хүүхэд байсан. Гэвч бүх хүндрэлийг даван туулж чадсан. Би чиний төрсөн өдрийн бэлэг болгож өөрийн гарын үсэгтэй цомгоо бэлэглэнэ ээ.
-Баярлалаа. Өнөөдөр миний хувьд тун азтай өдөр байна. Ингэхэд Та яагаад Хавайг орхиж Лос-Анжелест ирсэн бэ?
-Уран бүтээлч хүний хувьд би Хавайд олон зүйл хийж, олон дурсамж үлдээсэн. Үнэнээ хэлэхэд Хавайн хөгжмийн ертөнц жижигдсэн гэх үү дээ. Дээр нь миний Хавайд хийдэг байсан ажил таалагдахаа больсон. Дан ганц жуулчдыг зугаацуулна гэдэг хэн нэгний утсан хүүхэлдэй шиг санагдсан учраас Лос-Анжелест ирсэн.
-Анх Холливудад ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Аялалын автобуснаас буугаад л хоёр нүд минь орой дээрээ гарч байгаа юм чинь /инээв/. Миний бишрэх, гайхах сэтгэлийг юу унтраасан гээч.
-Юу гэж?
-Лос-Анжелесын бүх гайхамшгийг биширч зогстол навсархай хувцастай гуйлгачин задгай мөнгө гуйж дүрэлзсэн сэтгэлийг минь унтраасан даа. Гэхдээ би энэ хотод хайртай. Учир нь, анхныхаа машин, байшингаа энэ хотод худалдаж авсан болохоор хэзээ ч муу хэлж чадахгүй.
-Анх ямар машин худалдаж авсан бэ?
-“Волксваген Жета”. Хаалга нь гүйцэд хаагддаггүй, хөгжим сонсч болдоггүй бас агааржуулагчгүй хөөрхийлэлтэй эд байсан даа /инээв/. Нэг удаа машинаасаа буух гэж 30 минут ноцолдсон. Хажууд зогсч байсан гурван дажгүй бүсгүй намайг шоолж инээхэд нүүрээ хийх газаргүй болсон шүү.
-Яагаад 30 минут ноцолдсон гэж?
-Хаалганы нь түгжээ ажилладаггүй болохоор нэг хаалгаа нөгөө хаалгатай нь уячихдаг байсан юм. Тэгсэн нөгөө уяа нь орооцолдоод түүнийгээ тайлах гэж 30 минут болохгүй юу.
-Машинаасаа болж нэг удаа нүүр хийх газаргүй болсон юм байна. Харин өөрийнхөө бүтээсэн дуунаас дараа нь ичсэн тохиолдол байдаг уу?
-Одоогоос таван жилийн өмнө шиг санагдаж байна. Би Фил гэдэг найзтайгаа хамт студид шөнөжин наргиж хөгжим нүдэж хоносон. Тэгэхдээ “Унтлагын өрөөний дээрэмчин” гэдэг дуу зохиосон юм. Тухайн үедээ түүн шиг сайхан дуу байхгүй, дахиж төрөх ч үгүй гэж хөөрцөглөөд бие, биеэ баахан хөөргөлөө. Өглөө нь сэрээд дуугаа сонстол юу байсан гэж санана. Ёстой л нөгөө цонхоор үсэрчихмээр санагдана гэдэг чинь болсон шүү /инээв/. Дууны үг, ая гэж авах юм байхгүй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл болсон байсан. Гэхдээ тэр дуу одоо ч надад байдаг юм.
-Надад тэр дуугаа сонсгож болох уу?
-Дэлхий дээр цор ганц байдаг синглиэ би өөрөө өөртөө зориулж сонсдог юм. Өөр бусдад бол арай сайн бүтээлээ сонсгосон дээр байх.
Р.Оюунгоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )